Хятадууд өндөр үнэтэй авдгаас арьс, ширний олдоц бага байдаг
“Дархан нэхий” компанийн маркетингийн менежер Б.Чанцал
2013.09.26

Хятадууд өндөр үнэтэй авдгаас арьс, ширний олдоц бага байдаг

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтаж зохион байгуулсан “Монгол ур чадвар–Улаанбаатар 2013” үзэсгэлэнгийн үеэр “Дархан нэхий” компанийн маркетингийн менежер Б.Чанцалтай ярилцлаа.

- Үзэсгэлэнд ямар ямар бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна?

Манай компанийн хувьд нэхий дээл, мөн шинэ бүтээгдэхүүн болох гутлын брэндээ танилцуулж байна. Энэ нь Европ стандартаар арьс ширээ боловсруулаад 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн гутал юм. Хамгийн чанартай, хямд үнэтэй импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний бүтээгдэхүүн байгаа.

Цэвэр малын гаралтай арьс ширэн бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд тустай маш дулаахан, доороосоо даарна гэсэн аюулгүй байдгаараа давуу талтай.

- Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэл байна уу?

Импортын барааг орлох хэмжээний чанартай бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхийг зорьдог. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол түүхий эд. Малын гэмтэл ихтэй байна, мөн Хятадууд үнэ зодож авдаг зэргээс болоод олдоц муутай байдаг.

"Дархан нэхий" компанийн арьс, ширэн гутал

Үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн. Монголчуудаа дотоодын бүтээгдэхүүнээр хангахыг л зорьж ажиллаж байна. Бизнесийн орчин хойно ашгаа бодоод Хятадад нийлүүлэх нь их байсан ч төрөөс энэ салбарт  урамшуулал зарласнаар олдоц нэмэгдсэн. Иргэд худалдан авагчид ч мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой болсон нь сайшаалтай.

Бас нэг тулгамдаж байгаа асуудал бол татвар. Бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэхээр хилийн татвар маш өндөр байдаг. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

- Арьс ширээ яаж цуглуулж байна?

Манайх 21 аймгаас бүх арьс ширээ өөрсдөө явж цуглуулдаг. Аймаг болгонд агент байрлуулсан. Өөрсдөө бүх боловсруулалтаа хийгээд 100 хувийн малын гаралтай дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Мөн үхрийн ширийг экспортолж байгаа.

- Арьс ширэн бүтээгдэхүүнийг Монголын брэнд болгох гэж үзэж байгаа. Экспортод гаргах боломжтой байна уу?

Манайх бүтээгдэхүүнээ зарим газруудад л экспортод гаргасан. Харин үхрийн ширийг дагнан Итали, Испанид экспортолж, байнгын захиалгатай болсон. Жишээлбэл томоохон брэнд болох Зара-гийн алдартай гутлын ширийг манайх нийлүүлж байгаа. Гадаад руу экспортлох гарц нээгдсэн.

- Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд боловсон хүчин хэр хангалттай байна?

Боловсон хүчин олдохгүй байгаа. Бид бүх ажилчдаа сургаж авдаг. Арьс ширэн бүтээгдэхүүн боловсруулахад Испани технологийн дагуу бүх ажилчдаа сургаж бэлддэг.