Олон улсын атомын энергийн агентлагийн 57 дугаар бага хуралд оролцов
Цөмийн энергийн газар
2013.09.25

Олон улсын атомын энергийн агентлагийн 57 дугаар бага хуралд оролцов

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн 57 дугаар ерөнхий бага хурал Вена хотноо энэ сарын 16-20-нд болж өндөрлөлөө. Уг хуралд Монгол Улсаас оролцсон төлөөлөгчдийг Австри Улсад суугаа элчин сайд бөгөөд ОУАЭА-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал тэргүүлж, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр дэд тэргүүнээр оролцов.

Бага хурлын ерөнхий шүүмжлэлийн үеэр Байнгын төлөөлөгч Г.Батжаргал үг хэлэхдээ 2013  онд Монгол Улс ОУАЭА-ийн гишүүнээр элссэний 40 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ОУАЭА-гийн техникийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж ирсэн тусламж дэмжлэг Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаад Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлэв.

Манай төлөөлөгчид 9 дүгээр сарын 20-ны өдөр ОУАЭА-гийн Ерөнхий захирал Юкияа Амано-той уулзжээ.

Мөн тэрбээр цөмийн судалгааны ажил, технологийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, цөмийн эрчим хүчийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчны салбарт нэвтрүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх гишүүн орнуудын ажил үйлст ОУАЭА хэрхэн тусалж чадахыг өнгөрсөн 40 жилийн хамтын ажиллагаа тод харуулж байгааг тэмдэглэв.

Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд цөмийн болон үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиг бодлого баримталдаг тул бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад цөмийн туршилтыг зогсоох, цөмийн зэвсгийг хориглох, цөмийн материалыг хууль бус аргаар эзэмших, тээвэрлэлттэй тэмцэхэд ОУАЭА-ын мандатыг бэхжүүлэх шаардлагатай хэмээн үздэгийг мөн онцоллоо.

Манай төлөөлөгчид 9 дүгээр сарын 20-ны өдөр ОУАЭА-гийн Ерөнхий захирал Юкияа Амано-той уулзаж, хамтын ажиллагааны 40 жилийн ойн мэндчилгээг Монгол Улсын төр засгийн тэргүүн нараас дэвшүүлснийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр уламжлаад ойрын болоод дунд хугацааны хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий захирал Юкияа Амано, манай талаас цөмийн технологийн лабораторийн хүчин чадал, техникийг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг талархан сайшаалаа.

Уулзалтын үеэр Ерөнхий захирал Юкияа Амано 2010 онд манай улсад зочилсноо дурсаж, манай талаас цөмийн технологийн лабораторийн хүчин чадал, техникийг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг талархан сайшаагаад цөмийн аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн хүрээг өргөтгөн, олон улсын зарим конвенцид нэгдэн орохын чухлыг тэмдэглэв.

Төлөөлөгчид ОУАЭА-ын Техникийн хамтын ажиллагааны газар, Цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын газрын удирдлагатай тус тус уулзаж, 2012-2013 оны төслийн жилд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн  хэрэгжилт нь 92 хувьтай, үр дүн сайн байгаад ОУАЭА-гийнхан сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.

Бага хурлын үеэр Цөмийн энергийн газраас ОУАЭА-тай хамтран 40 жилийн хамтын ажиллагааг дэлгэрэнгүй харуулсан үзэсгэлэнг тав хоногийн турш дэлгэж, бусад оролцогчдод үйл ажиллагаагаа сурталчлан таниулав.