Ураны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Францын “Арева” компани
2013.09.10

Монгол Улс стратегийн тоглогч болоход уран тусална

Уранаа экспортлоод эрчим хүч авах боломж бий

Ураны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Францын “Арева” компанийн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцав. Тэгэхдээ Парисын бизнесийн төв дэх тус компанийн олон давхар шилэн барилгаар зочлох бус, Уул уурхайн бизнес группийн Олон нийттэй харилцах албаны дэд захирал Мари-Лор Лефебюрээр нь газарчлуулан, нийслэлээсээ галт тэргээр гурван цаг орчим хугацаанд явж хүрэх Бессин хот дахь салбарынх нь үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Аюулгүй цөмийн эрчим хүч гаргах авах зорилготой, дэлхий даяар ажиллаж буй 437 реакторын 100-г нь барьж байгуулсан тус компанийнхан Бессины байгууламжид анхны хайгуулын ажлаа 1950-иад оноос эхлүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн уурхайг 2001 онд хаасан юм билээ. Тус байгууламжийн захирал Бруно Ширагийн хэлснээр тэд хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгойлон анхаардаг аж.

Францын төрийн өмчит “Арева” бүхий л үйл ажиллагаагаа Олон улсын атомын энергийн агентлаг болон Францын холбогдох байгууллагуудын хууль тогтоомжийн дагуу явуулдаг нь алхам тутамд анзаарагдаж байв. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон бидний зочилсон Бессины байгууламжид 144 хүн ажилладаг бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхэж буй юм билээ.

Аж үйлдвэрийн байгууллага гэдэг утгаараа орон нутагтаа 12 сая еврогийн хөрөнгө оруулжээ. Энэ оны эцэст дээрх тоо 33 сая еврод хүрэх тооцоо бий аж. Байгууламж нийт 164 га талбайг хамардгаас дийлэнх хэсэг нь ашиглалтын дараах хуучин хадгалалтын бүсэд ногддог байна. Тодруулбал, “Арева N0” гэх барилгад уран баяжуулсны дараа үлдэх хэсгийг тодорхой хугацаанд хадгалдаг гэнэ.

Энэ байгууламжид 199.000 тонн хаягдал хадгалахыг зөвшөөрснөөс одоогоор 130.000 орчим тонныг агуулж байгаа аж. Уран олборлосны дараа түүнийг боловсруулан цөмийн түлш болох хэсгийг нь ялгаж аваад, үлдсэн хэсгийг нь хадгалдаг гэж ойлгож болох бололтой. Учир нь үлдсэн хэсэг дэх ураны агууламж тодорхой хугацааны дараа нэмэгддэг “ид шидтэй” юм байна.

Бессиныг байгууламж хэмээн нэрлэхийн учир нь тэнд 30 км-ийн радиуст 10 гаруй ордоос ил болон далд уурхайн аргаар олборлолт явуулж байсан, одоо цөөнгүй тооны алба үйл ажиллагаа явуулж буй тул ийнхүү нэрийдсэн хэрэг. Далд уурхайн аргаар олборлолт явуулахдаа 350 метрийн гүнээс, уламжлалт аргаар уран олборлож байжээ.

“Арева”-гийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн 1945 оноос сүүлчийн уурхай хаагдсан 2001 он хүртэл Бессин орчмоос олборлосон ураны хэмжээ дээрх хугацаанд хэлбэлзэж байсан нь мэдээж. Гэхдээ 1 жилд дунджаар 1500-2000 тонн уран олборлосон гэсэн тоо байна.

“Арева”-гийн охин компани “Кожеговь” 140 гаруй сая ам.доллар зарцуулж Монголын Дорноговь аймагт Зөөвчийн-Овоо, Дулаан-Уул ордыг нээсэн бөгөөд ашиглалтын зөвшөөрөл эзэмшвэл тэдгээрээс уламжлалт аргаар биш, газар дор уусган олборлох (ISR) технологи ашиглан уран олборлохоор төлөвлөсөн гэнэ.

Уг аргын талаар дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно. Аливаа ордод “Арева" компани ямар технологиор олборлолт явуулах вэ гэсэн чухал шийдвэрийг Бессин дэх лаборатори болох SERA-гийн мэргэжилтнүүд гаргана. Олон улсын болон Францын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, итгэмжлэгдсэн судалгаа, аргачлал шинжилгээний тус лабораторид байгаль орчин, хөрсний гээд олон төрлийн судалгаа хийдэг аж.

Тэнд Бессины байгууламжийн ажилтнуудын олонх нь буюу 80 гаруй мэргэжилтэн нь харьяалагддаг гээд бодохоор SERA-г “Арева”-гийн бодлого, стратегийг тодорхойлох “зүрх” гэж хэлж болмоор санагдав. Бессины байгууламж дээрх албаас гадна Уул уурхайн нөхөн сэргээлтийн, Геологийн төв гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг байна.

Уул уурхайн нөхөн сэргээлтийг хариуцсан алба нь Бессины орчмын төдийгүй Франц даяар үйл ажиллагаа явуулсан ордуудын нөхөн сэргээлтийг хариуцдаг томоохон нэгж нь. Тус албаныхан судалгаанд ихээхэн анхаардаг бөгөөд орон нутгийнхаа их сургуулиудын " багш, оюутнуудтай хамтран ажилладаг гэдгээ Б.Шира дурдсан.

“Арева” компанийнхан дэлхий даяарх бүх уурхайдаа олборлолт явуулж эхлэхээсээ өмнө тухайн бүс нутгийнхаа байгаль орчныг судалж, үйл ажиллагаагаа явуулж дууссаны дараа өмнөх байдалд нь аль болох дөхүүлэхийг хичээдэг бөгөөд байгаль орчны үнэлгээ, хяналтаа хэдэн арван жилээр ч үргэлжлүүлдэг гэнэ лээ. Дээрх байгууламжид дэлхийд ердөө хоёр байдаг уул уурхайн музейн нэг UREKA бий.

Ураны хайгуул явуулж, олборлох байтугай олон шат дамжлагаар боловсруулах, цэвэршүүлэх үе шатанд ч сөрөг нөлөө байдаггүй.

Ураныг хэрхэн олборлодгийг харуулсан тус музейг өнгөрсөн оны долдугаар сард байгуулжээ. Үүнээс гадна “Арева МED” хэмээх хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага байршдаг юм билээ. Байгууламжийн талбайд “Арева”-гийн үйл ажиллагааны 50 гаруй жилийн түүхийг агуулсан “авдар" болох Геологийн төв бас бий.

Бессин дэх “Арева”-гийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж байсан тохиолдол үгүй гэдгийг байгууламжийн Геологийн төвийн захирал Пьер Кристиан онцолсон. Харин ч эсрэгээр ажлын байр бий болгож байгаад талархдаг аж. Мал үржүүлгийн бүс нутаг болох Бессины байгаль орчинд уран олборлосноос шалтгаалж хор уршиг учраагүйгээс тэр биз.

Тэндхийн хүмүүс загас агнуур эрхэлж, манай улсад ч нутагшиж амжсан “лимүзин” үүлдрийн үхрийнхээ махыг хүнсэндээ хэрэглэсээр байгаагаас үүнийг харжболно. Бессины байгууламжийн үйл ажиллагаа эхэлснээс хойших 50 гаруй жилд “Арева”-тай холбоотой мал хоргодсон тохиолдол гарч байгаагүй гэдгийг Б.Шира ам бардам хэлсэн. Бессины орчмын газар нутгийн 30 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг гэсэн.

Гэхдээ цөмийн салбарыг үл ойшоодог хүмүүс эсэргүүцэл илэрхийлж байсан тохиолдол гарч байжээ. Монгол Улсаас уран олборлохыг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй бий. Улаанбадрах суманд мал хоргодсон гэх мэдээлэл олныг хэрдхийлгээд авсан. Гэхдээ тэнд мал хоргодсон шалтгааныг манай улсын Цөмийн энергийн газар төдийгүй олон улсын холбогдох байгууллагууд “Арева”-гийн охин компани “Кожеговь”-ийн үйл ажиллагаанаас болоогүй гэдгийг тогтоосон юм билээ.

Дээрх сумын малчдаас “Кожеговь” компанийнхан мах худалдан авдаггүй нь “сэжиг" төрүүлдэг гэх. Тус компанийн катерингийг өөр компани хариуцдаг учраас малчдаас мах худалдан авдаггүй бөгөөд цаашид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахад анхаарахаа Бессины байгууламжийн удирдлагууд дуулгасан.

“Арева"-гийнхан орон нутгийн удирдлагууд, салбар хариуцсан байгууллагуудтай байнгын холбоотой ажилладаг төдийгүй иргэдийг үйл ажиллагаатай нь танилцахад нээлттэй байж, хурал зохион байгуулдгаа учирлаж байлаа. Ураны хайгуул явуулж, олборлох байтугай олон шат дамжлагаар боловсруулах, цэвэршүүлэх үе шатанд ч сөрөг нөлөө байдаггүй гэнэ.

Дашрамд дурдахад цацраггүй зүйл гэж дэлхийд нэг ч үгүй аж. Бидний идэжбайгаа хоол хүнс, хэрэглэж буй бүхий л зүйлсээс цацраг ялгардаг юм байна. Уншигч танаас ч цацраг ялгарч байдаг гэсэн үг. Гагцхүү тэрхүү цацрагийн хэмжээ хэр вэ гэдэгт л асуудал оршдог юм байна. Олон нийтийг “мангас” мэт түгшүүлдэг шар нунтаг нь альфа цацраг ялгаруулдаг бөгөөд цаасыг ч нэвтэлж чаддаггүйг дэлхийн зургаан улсад ураны хайгуул хийж буй “Арева”-гийн мэргэжилтнүүд дуулгасан.

Дэлхийд ердөө хоёр байдаг уул уурхайн музейн нэг нь UREKA бөгөөд Ураныг хэрхэн олборлодгийг харуулсан тус музейг өнгөрсөн оны долдугаар сард байгуулжээ.

2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумаас давах тооцоо бий. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ улам бүр нэмэгдэх нь ойлгомжтой. Иймээс ч улс орнууд агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр цэвэр эрчим хүч гарган авахын тулд сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулж буй.

Нүүрсхүчлийн хийг бага ялгаруулан эрчим хүч үйлдвэрлэх хамгийн найдвартай арга нь цөмийн эрчим хүчний салбар гэдэгт олон улсын мэргэжилтнүүд санал нэгдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Франц улс эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авч буй гэсэн тооцоо бий.

Дэлхий эрчим хүчээр “өлсгөлөн” байгаа энэ үед эдийн засгийн ач холбогдол бүхий Зөөвчийн-Овоо, Дулаан-Уул гэсэн орд илрүүлнэ гэдэг нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой нь мэдээж. 100.000 кг нүүрс түлж гарган авах эрчим хүчийг ердөө нэг кг уранаас авах боломжтой учраас тэр. 100.000 кг “хар алт” шатаахад агаарт ихээхэн хэмжээний нүүрсхүчлийн хий ялгарах нь тодорхой.

Улс орнуудын өрсөлдөх чадварын нэг чухал хэмжүүр нь эрчим хүчээ хэрхэн хангаж буй байдал хэмээн хэлэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний асуудлаа өөрөө шийдэж, бусдаас импортлохгүй байгаа нь илүү өрсөлдөх чадвартай гэсэн үг. Нөгөөтэйгүүр, нүүрс ч юм уу ганц эх үүсвэрээс цахилгаанаа гарган авах нь учир дутагдалтайг улс орнууд ойлгож эхлээд байгаа гэхэд болно.

Иймээс ч уран, сэргээгдэх эрчим хүчний зөв хослолыг бий болгож аюулгүй байдлаа анхаарсан бодлого хэрэгжүүлж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зөв ч дэлхий даяар нар, салхинаас гарган авсан цахилгааныг хадгалах технологийн шийдэл өдийг хүртэл бий болоогүй “зовлон” бий.

Товчхондоо, их хэмжээгээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ нэг бол хэрэглэнэ, үгүй бол “хаях” болдог гэсэн үг. Дэлхийн бусад оронд нэг кг ураныг дунджаар 50-80 ам.доллар зарцуулж олборлодог байна. Манай улсын хувьд Зөөвчийн-Овоогоос дээрх хэмжээний ураныг 30 орчим “ногоон” зарцуулж олборлох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Монголын ураны ордод ашиглах боломжтой, “Арева”-гийн эзэмшдэг газар дор уусган олборлох (ISR) арга нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм байна.

Уранаа зарж ашиг олох гэхээс илүүтэйгээр түүнийг олборлох шаардлага манайд мундахгүй. Учир нь стратегийн түүхий эд болох уран нь тогтвортой эрчим хүч гаргахад зайлшгүй чухал гэнэ. Түүнчлэн цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжүүд, богино настай изотопуудыг гарган авахад хэрэглэдэг бөгөөд хорт хавдрыг оношлох, эмчлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Зөөвчийн-Овоо, Дулаан-Уулд олборлолт явуулбал шар нунтгийг боловсруулалгүй, гадаадын цөмийн түлшний үйлдвэрт нийлүүлэх учраас манайд ямар нэгэн хог хаягдал бий болохгүй гэнэ.

Товчхондоо ураныг зөвхөн эрчим хүч гарган авахад бус энхийн зорилгоор эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын гээд олон салбарт ашигладаг аж. Монгол Улсыг уул уурхайн орон гэхэд маргах хүн үгүй биз. Дэлхийд гайхагдах Оюутолгой ордынхоо зэсийн баяжмалыг экспортолж эхлээд буй манай улсын хувьд ураны салбар чухалд тооцогдох учиртай.

Цэвэр зэс гарган авахад хүхрийн хүчил зайлшгүй шаардлагатай бөгөөд ашигласан хүчлийг ураны уурхайд ашиглах боломжтой учраас тэр. “Арева”-гийн илрүүлсэн Зөөвчийн-Овоо ордын ураныг ашиглаж эхэлбэл жилд 30 сая ам.долларын хүхрийн хүчил шаардагдах тооцоо гарчээ. Иймээс ч зэс болон ураны үйлдвэрийг зэрэг хөгжүүлсэн орон хөгжиж, дэлхийн тоглогч болох нь мэдээж.

Ураныг цөмийн түлш гарган авахад ашигладаг технологийг эзэмшдэг орон цөөн. Мэдээж Монгол уранаа дээрх цөөн орон руу экспортолж таарна. Цөмийн энергийн газрын мэргэжилтний өгүүлснээр, Монгол Улс уран нийлүүлснийхээ хариуд өндөр технологи эзэмшигч орнуудаас эрчим хүч авах боломж бий гэсэн.

Стратегийн түүхий эдийг олборлож эхэлбэл Монгол стратегийн орны тоонд “автоматаар” тооцогдох биз ээ. Зөөвчийн-Овоо, Дулаан-Уулд олборлолт явуулбал шар нунтгийг боловсруулалгүй, гадаадын цөмийн түлшний үйлдвэрт нийлүүлэх учраас манайд ямар нэгэн хог хаягдал бий болохгүй гэнэ. Учир нь цөмийн түлш үйлдвэрлэсэн улс л хаягдлыг “хариуцах" үүрэг хүлээдэг гэдгийг дурдах нь зүйтэй.