Б.Пүрэвжав: Малчид хуулийн мэдлэггүй болохоор эрхээ зөрчүүлдэг
Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны дарга, дэмжих бүлэг Б.Пүрэвжавтай хүний эрхийн асуудлаар ярилцав.
-Танай аймагт уул уурхайн компаниуд болон малчид, ард иргэдийн хооронд хүний эрхийн зөрчил хэр их гардаг вэ?
Цагаан нуурт ордууд илэрсний дараа лицензийн зөвшөөрөл авсан компаниуд орж ирсэн. Гэхдээ үйл ажиллагааг нь эхлүүлэхэд иргэдийн зүгээс хүчтэй эцэргүүцсэн учраас одоогоор олборлолт явуулаагүй. Нэгдүгээрт нуураа хамгаалах, хоёрдугаарт ард иргэдийн дургүйцэл, үр хойчдоо өвлүүлэх хүсэл хүчтэй нөлөөлсөн.
Ренчинлхүмбэ, Улаан уулын орчим Дархадын нутагт маш өндөрлөг газарт өнгөн хөрсний алт илэрсэн гэх цуурхал тарснаас болж олон нинжа газар сэндийчсэн. Нутгийн ард иргэд маш их дургүйцсэн. Яг үнэндээ тэнд алт байхгүй.
-Хөвсгөл бол манай улсын швейцарын банк хэмээгддэг нь үнэхээр уул, ус ургамал мод цогцолсон хайрлам нутаг гэдгийг илтгэдэг.
Тэгэлгүй яах вэ. Цэнгэг усны гуравны нэг нь энд байдаг гэхээр хайрлахгүй байх аргагүй. Манай улсад 1800 компани лицензийн зөвшөөрөлтэй байдаг. 1800 газар сэндийчиж байснаас цөөн хэдхэн газрыг олборлох хэрэгтэй гэж бодож байна. Үр хойчоо бодох хэрэгтэй.
-Танай аймгийн дэмжих бүлэг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Хуулийн мэдлэгийг иргэдэд ойлгуулахыг зорьдог. Иргэд, малчид хуулийн мэдлэггүй учраас эрхээ зөрчүүлдэг.
Ажилгүй залуус, өрх толгойлсон эмэгтэйчүүд ихэнхдээ үүнд өртдөг. Нийгмийн үзэгдлээс шалтгаалж, боловсролын түвшин өөр өөр байна. Хүний эрхийн ойлголтгүй улмаас хохирч байна.