Ж.Отгонсүрэн: Мөнгөтэйд нь сэтгэл дутдаг, сэтгэлтэйд мөнгө дутдаг болохоор хариуцлагатай уул уурхай хөгжихгүй байна
“Ногоон цөм” ТББ-ийн гүйцэтгэх захирал Ж.Отгонсүрэнтэй хүний эрх ба уул уурхай сэдвээр ярилцлаа.
-Мэдээж та бүхэн хүний эрх, байгаль орчин, эрүүл мэндийн асуудлаар өөрсдийнхөө хүрээнд судалгаа шинжилгээ хийж, их идэвхтэй ажилладаг. Их сэтгэл зүрх, тэвчээр шаардах ажил. Та таван жилийн турш Петро чайна дачин тамсаг хэмээх компаний хариуцлагагүй байдалтай тэмцэж байгаа. Та энэ тэмцлээс ямар туршлага, ямар арга барилыг сурч байна вэ?/Тодорхой жишээ, баримт байвал хэлнэ үү/
-Асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг ганц нэгхэн байгууллага тэмцээд барахгүй. 2007 оноос хойш орон нутагт Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) ч олноор буй болсон. Идэвхтэй тэмцэл явуулдаг хувь хүмүүс ч байдаг, ер нь л олны хичээл зүтгэлийн үр дүн их байгаа.
Харин бид 2011 онд Тамсаг орчмын газар нутаг газрын тосны олборлолтоос хэрхэн цөлжиж, доройтож байгааг эрх баригчдын чихэнд хүргэе, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэх баримтандаа Монгол улс хэдэн хувийн ашиг авахаар тохирсон гэдгийг ил болгохоор шийдэж мониторингийн судалгаа явуулсан. Яагаад ил гаргаж мэдээллэхгүй байгаа тайлбарыг Засгийн газраас сонсч, ЗГ Дачин Тамсаг компани хоёрын газрын тосны орлогыг хуваагаад авчихдаг, тэгтэл баялгаа цөлмүүлж байгаа тэр сумынхан гэрэл цахилгаан ч байхгүй харанхуй, иргэд ажилгүй ядуу байгаад хэн хариулт өгөх вэ. Матад сумын иргэд үүнд ямар бодолтой, төр засгаас ямар хүлээлттэй байдаг зэрэг асуудлаар мониторингийн явуулсан.
Петро чайна дачин тамсаг, 138 ийм дохиур тус бүрээс тосоо авах гэж өдөр бүр хүнд даацын машинууд нааш цааш холхино.
Зуны гурван сарын турш хийсэн ажлынхаа үр дүнг нь интернетээр мэдээлсэн. Зөвхөн Матадын тухай, Петрочайна компанийн байгаль орчинд үзүүлж буй хохирлын талаар мэдээлдэг тусгай вэб сайт нээсэн. Нөгөө нууцлаад байгаа гэрээнийх нь зөвшөөрч болох хэсгийг нь веб сайтдаа тавьсан. Бизнесийн нууц гээд зарим хэсгийг нь үзүүлдэггүй юм байна лээ, тиймээс боломжийн хэрээр нь л ил болгохыг хичээсэн. Ийнхүү Матадын иргэдийн оролцоотой, мониторинг судалгааны мэдээллийн веб сайттай болсон нь гадаад дотоодын уншигчдын анхаарлыг маш ихээр татсан.
Хүмүүс мэдээллийг нэг дороос олоод уншчихдаг болсон нь зөвхөн байгаль орчны ИНБ-уудад төдийгүй судлаачид, оюутнуудын үнэхээр хэрэгтэй мэдээлэл байсан нь тэндээс мэдээлэл авч буй хүний тооноос харагддаг. Гадаадын судлаач, сэтгүүлчид ч хэд хэдэн удаа манай мэдээллийн дагуу Матад суманд очиж ажиглалт судалгаа хийж, ном хэвлэлдээ бичиж байгаа гэдгээ бидэнд хэлж байсан.
Эцэст нь гурван талыг (Газрын тосны газар, Петрочайна Дачин Тамсаг компани, Матад сумын төлөөлөл, Их хурлын гишүүд) оролцуулсан том хэмжээний хэлэлцүүлэг Үндэсний телевизээр явуулж байсныг санаж байгаа байх. Энэ бол бидний хийж чадах хамгийн том нөлөөллийн арга хэмжээ шүү дээ. Асуудлыг анхаарлын төвд авчирч чадсан гэж боддог. Тэр үед хэдийгээр хэвлэл сониноор байнга шүүмжилдэг ч Газрын тосны газрынхан, Петрочайна Дачин Тамсаг компани гэж дархлагдсан эрх мэдэлтнүүдийн араас хөөцөлдөөд олддоггүй, хэвлэл мэдээллийнхэнд хариу өгдөггүй, ийм л байсан. Нутгийн иргэдийн өмнөөс тэдэнд асуулт тавьж телевиз, радио-д нүүр тулан ярилцаж, хариулт авах ажлыг тэр үеийг хүртэл хэн ч хийгээгүй л байсан. Харин бид үүнийг хийсэн, мэдээллийг ил болгох, олон нийтийн оролцооны давуу талыг харуулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог.
-Байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэж буй иргэд, ИНБ-уудын ирээдүйг та хэрхэн харж, нийгэмд үзүүлэх нөлөөг хэрхэн ойлгож байна вэ?
Монгол хүн бол “зөвхөн миний эрх” гэж ярихаас илүүтэй, миний нутаг, манай бэлчээр сүйрч дуусах нь ээ гэсэн харамслаас тэмцэл эхэлдэг. Нийтлэг эрх зөрчигдөөд буйг ойлгоод дуугардаг, ганц нэгээрээ дуугарахад хүч сулдаж байгаа болохоор хүчээ нэгтгэж хамтарч тэмцдэг болж байна. Нэгэн зорилгод чиглэсэн ТББ-ууд хүчээ нэгтгэсний жишээ нь Монголын Байгаль Орчны иргэний зөвлөл. Уг нь ингэж ажиллах санаа нь зөв. Гэхдээ энд бас асуудал зөндөө байдаг, хүмүүс их шүүмжилдэг, угаасаа төгс юм гэж байхгүй л дээ.
Өөр нэг зүйл нь Иргэний нийгмийнхэнд дэмжлэг алга. Хэн нэгэн улс төрчид, эрх мэдэлтнүүдэд олны анхаарлыг татах хэрэгтэй болсон үед мөнөөх ИНБ-ын идэвхтнүүдийг санадаг. За байз, байгаль орчны төлөө дуугардаг нь хэн хэн билээ гээд хайж эхэлнэ, дуудна. Хүмүүсийг уриалж дуудахад бид хэрэгтэй байдаг, туг дарцаг нь болж байна ш дээ. Том том хэлэлцүүлэг, төсөл ярихад бас л дуудна, яасан нь дээр вэ, санаа
Матад сумын иргэд, Мониторингийн үеэр
оноогоо хэл, та нарын санаа л их үнэтэй гээд л.
Үнэхээр “санаа” бол маш үнэтэй. Гэтэл нийгмийн төлөө, байгаль орчны төлөө бидний зарцуулж байгаа цагийг, эрч хүчийг, итгэл зүтгэлийг хэн үнэлж байна, бараг хэн ч байхгүй. Жишээ нь, сэтгүүлч, сурвалжлагчид та нар бичсэн нэг мэдээнийхээ төлөө шагнал авдаг. Харин, бид веб, блогтоо байнга бичиж мэдээллийг олон нийтэд түгээж байдаг ч үүнийхээ төлөө хэн нэгнээс цалин авдаггүй. Зөвхөн сэтгэл, итгэл үнэмшлээрээ л энэ бүхнийг хийдэг. Харин энэ итгэл сэтгэл дээр улс төрчид тоглолт хийдэг.
-Орон нутагт амьдарч буй малчдын эрх, амьтны эрх маш их зөрчигдөж байгаа. Хотын иргэд үүнийг тэр бүр сайн ойлгохгүй байх шиг санагддаг. Зүгээр л эрх зөрчигдөөд байгаль орчин сүүдээд гэх үгийг энгийн хачиртай талх шиг л хүлээж авч байна. Тэдний эрхийн зөрчлийг хүмүүст илүү бодитой ойлгуулж, бодлого шийдвэрт нөлөөлөхийн тулд яах ёстой талаар та саналаа хуваалцаач.
- Бодлогод нөлөөлөх...Иргэд бухимдаж гомдол гаргаж, тэнд болохгүй байна гэдгийг шийдвэр гаргагчид ойлгоод, анхаарлаа хандуулах ёстой. Олон жил ярьсан ч анхаарахгүй, шийдэж өгөхгүй болохоор ИНБ-ууд асуудлыг ахин дахин ярьж анхаарлын төвд авчрах хэрэгтэй болдог. Үүний нэгэн тод жишээ нь Петрочайна Дачин Тамсагийн асуудал. ИНБ-ууд ар араасаа асуудлыг хөндөж, тэмцсэний хүчинд бага боловч амжилтад хүрлээ.
Петрочайна Дачин Тамсаг компаниас байгаль орчны нөхөн төлбөрт 1,4 тэрбумын хохирлыг нэхэмжилсэн шүүхийн асуудал бүтэн жилээр сунжирч, сүүлдээ Матад сумын Засаг дарга нь “одоо нэхэмжлэлээ татна, зарга үүсгэхээ больё, энэ нь бидэнд өлзийтэй байна” гэж ярьж байсан. Яг тэр үед нь бид Матадын иргэдээс, энэ асуудлыг ингээд орхих нь зөв эсэхийг асууж, теливизийн хэлэлцүүлэгээр хөндөж, олны анхаарлыг энэ зүгт хандуулсны хүчинд шүүх ажиллагаа илэрхий эрчимтэй өрнөсөн. Эцэст нь асуудал ИНБ-ын талд шийдэгдсэн. Үүнийг ганц нэгхэн хүний хувийн тоглолт биш, иргэдийн тэмцлийн үр дүн гэж харах ёстой.
Ингэж Монголд анх удаа ИНБ-ууд шүүхийн заргаа авч, 1,4 тэрбум төгрөгийн төлбөрийг Дачин Тамсагаас төлүүлэхээр болсон хэдий ч, хохирол барагдуулах дээрээ тулахад өнөө хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй л байна.
-Уурхайн хилийг тогтоогүйгээс ухсан нүх, талбайд хүн мал унаж бэртэж байна. Нөхөн төлбөрийг тогтоох аргачлал байхгүй учир иргэд хохирсоор байна. Та үүнтэй санал нэгдэх үү. Компаниудтай хийх тэмцлээ цаашид хэрхэн авч явах ёстой вэ. Компаниудыг хариуцлагатай болгохын тулд ямар ямар алхам хийвэл зохилтой вэ.
-Иргэд, ИНБ-ууд л үүнд хяналт тавина, харин тэднийг төр засгаас тодорхой дэмжих хэрэгтэй. Нөхөн төлбөрийг тогтоох, компаниудад хариуцлага тооцохын тухайд тодорхой аргачлалуудыг ИНБ-ыг чадавхижуулж зааж сургаад гэрээгээр гүйцэтгүүлж болно. Үр дүнг нь нээлттэй мэдээлдэг, үнэлсэн, тооцсон аргачлал нь хэн бүхэн тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй. Ер нь иргэдийн байгууллагууд тодорхой чиглэлүүдээр дагнаж мэргэших ажиллах нь зүйтэй юм.
-Бид яагаад зөв зохистой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадахгүй байгаа юм бол. Учир шалтгаан нь юундаа байна. Түүнийг хэрхэн шийдэж болох вэ. Иргэний нийгмийн байгууллагууд юуг хийж чадах вэ. Мөн та бүхэн төр засагтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой вэ?
-Том газар нутагтай, хэт цөөхөн хүн амтай, баялаг ихтэйн зовлон энэ байх. Баялагийг даруйхан ухаж аваад баяжия гэсэн цөөн хэдэн хүний хүслийг биелүүлэхийн төлөө төр анхаарч, эх нутгаа худалдах ажил маш шуурхай явагдсан. Ингэх нь тэдэнд хэтэрхий ашигтай. Гэтэл хариуцлагатай бай, байгалиа хамгаалъя гэж шаардсан иргэний нийгмийнхэнд мөнгө байдаггүй. Өөрөөр хэлбэл мөнгөтэйд нь сэтгэл дутдаг, сэтгэлтэйд мөнгө дутдаг болохоор байгаль орчин хохирч, хариуцлагатай уул уурхай хөгжихгүй байна.
Зөвхөн баян, ядуу гэсэн хоёрхон л давхарга байдаг
Газрын үнэт баялагаас, цөөхөн хэдэн гэр бүл хагарталаа баяжиж, үлдсэн хэсэг нь ядуу хэвээр байгаа болохоор асуудал үүсэх нь ойлгомжтой биз дээ. Саяхан би нэг гадаадын сэтгүүлчтэй ярьж суухад, тэрээр монголд дунд давхарга гэж байхгүй, зөвхөн баян, ядуу гэсэн хоёрхон л давхарга байдаг гэсэн. Олон жил монголд амьдарч, монголын талаар олон мэдээлэл бэлтгэж байсан тэрээр хаана юу байдгийг бараг бүгдийг мэддэг болсон хүн л дээ, бараг үнэн хэлсэн болов уу.
-Манай улсын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн. Гэтэл заримдаа сайхан заалт нь тунхаглалын шинжтэй байдаг. Хяналт, хариуцлагын механизм маш сул. Үүнийг хэрхэн сайжруулах вэ?
-Сайн хууль гаргах санаачилгыг мөн л ИНБ-ынхан гаргадаг, нөлөөлдөг. Гэтэл гараад ирсэн хүулийг хэрэгжүүлэхгүй байх лобби тэрнээс илүү хүчтэй явагддаг. Тиймээс дандаа болохгүй бүтэхгүй гэж ярьж бичсээр байгаад хүчийг нь сулруулаад авдаг. Эцэст нь огт боломжгүй гэсэн
ойлголтыг хүмүүсийн тархинд суулгаад өгдөг. Хийе гэвэл арга хайж, хийхгүй гэвэл шалтаг хайдаг гэдэгчлэн хэрэгжүүлэх хүсэлгүй олонхи болохоор хэлэх шалтгаанаа аль хэдийн бодоод олчихно.
-Орон нутгийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ. Уул уурхай олборлолт явагдаж байгаа газар нутагт уугуул иргэдийн амьдрал бодитойгоор сайжирч байгаа юу. Сайжрахгүй байгаа шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-Өмнөговийнхны амьдрал сайжирч байгаа. Тэнд хэрэглээ маш өндөр гэдэг. Харин миний мэдэх Матад сумынхан ердөө хоёр жилийн өмнөөс л гэрэлтэй болж, телевизор үздэг болсон, (бараг хориод жил газрын тос олборлосны дараа тэр шүү дээ) Тэгэхээр, тэнд амьдрал бас арай дээр болж байгаа мэт харагдана. Гэхдээ амьдрал чинь сайжраад байхад юу гэж олон долоон юм яриад байна аа гэж иргэдийн дуу хоолой боож хорих хандлага байна.
Уурхай дагасан бизнес эрхэлдэг хүмүүс өнөө маргааш олох хэдэн төгрөгний төлөө амаа үдүүлэх хэрэгтэй болдог. Нэг жишээ хэлье, бид Матад сумын иргэдийн төлөөллийг Үндэсний телевизийн хэлэлцүүлэгт оролцуулахаар бэлтгэж байлаа. Идэвхтэй тэмцдэг хэд хэдэн хүнтэй уулзаж, урьдчилан яриад тохирчихсон байсан. Гэтэл, яг цаг нь тулаад урилга хүргүүлтэл тэдний дундаас хамгийн идэвхтэй тэмцэл явуулдаг нэг хүн оролцохоос татгалзсан.
Шалтгааныг нь судлаад үзэхээр, дээр дооргүй ярьж, асуудал үүсгээд байгаа болохоор түүнийг дуугүй болгохын тулд Дачин Тамсаг компани түүний хүүг ажилд аваад, хүргэн бэрүүдэд нь жижиг бизнес хийх боломж олгосон байдаг, хариуд нь тэр хүн дуугүй байх хэрэгтэй болсон.
-Ерөнхийлөгчөөс санаачилсан Ашигт малтмалын хуулинд дорвитой өөрчлөлтүүд орсон ч хуулийг буцаан татсан билээ. Тэд хэлэхдээ гадны хөрөнгө оруулалтыг хазаарлаж, үргээж болохгүй гэсэн. Хуулийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байна вэ?
-Том хөрөнгө оруулсан Рио Тинтогийнхонтой асуудлаа шийдэж, зохицож чадахгүй байгаа байж, өөр илүү ихийг яриад хэрэг байна уу. Гэрээгээр тохирсоноосоо хэд дахин ихийг зарцуулчихсан гэх Рио Тинтотой манайхан учраа олж чадахгүй байна. Хөрөнгө оруулагчдын хэдийд, хэнд, юунд, хэдэн сая доллар зарцуулснаа яагаад нээлттэй мэдээлж болдоггүй юм бэ, хаалттай байна гэдэг бол хардах шалтгаан байна гэсэн үг. Зөвхөн төрийн байгууллага төдийгүй компанийн ил тод байдлын тухай ярих болсон.
Оюу толгойг бүрэн ашиглаад ирэхээр Монголын иргэн бүр Катар, Кувейт шиг л баян болно гээд байгаа биз дээ? Тийм баян болох гээд байгаа юм бол заавал бүх үүцээ бусдад дэлгэх гэж юундаа яарсан юм бэ, байж л байг л дээ, хөрсөн дороо...
Тэр их өв хөрөнгийг өвлөх үр хүүхэд, хойч үе гэж байгаа. Ирээдүйн эзэд биднээс илүү ухаалаг болно, тэд эх дэлхийгээ ухаж сүйтгэхээс илүү өөрөөр хөгжих олон боломжийг олж харах чадвартай хүмүүс байх болно гэдэгт итгэдэг.