2013.04.23

Ялын бодлогод зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ өчигдөр хорихоос суллагдсан эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хорихоос суллагдсан эмэгтэйчүүдтэй уулзах үеэр ямар асуудлыг хөндөн ярилцсан бэ?

-Урьдчилан хорих төвд хоригдож байгаад гарч ирсэн, холбогдсон хэрэг нь шийдэгдээгүйгээс тэнд удаан хугацаагаар хоригдож байгаа эмэгтэй надтай уулзах хүсэлт тавьсан. Ажлын төлөвлөгөөндөө оруулсан боловч ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, тэдэнтэй уулзаж амжихгүй байна.

Өнөөдөр /өчигдөр/ хүсэлт тавьсны дагуу хорихоос суллагдсан 10 эмэгтэйтэй уулзлаа. Тэд Эрүүгийн хууль, ялангуяа ялын бодлого хатуу. Шүүхээс ял сонсч нийгмээс тусгаарлагдаж, эрх чөлөөгөө хасуулсан ч Үндсэн хуулиар олгосон амьд явахаас эхлээд жам ёсны эрхээ эдлэж чадахгүй байна. Цагдаа, хууль сахиулах байгууллагын алдаа, хүнд суртал, дарамт их.

Урьдчилан хорих төдийгүй цагдан хорих ангид хоригдож, ял эдэлж байгаа эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй, хүнд өвчинд нэрвэгддэг.

Ялаа эдлээд гарлаа гэхэд ажилд авдаг байгууллага, аж ахуйн нэгж байхгүй. Ял шалгуулах хуудаснаас болж ажилд орох боломжгүй болдог гэх мэт олон асуудлыг хөндөж ярилцлаа.

-Тэд ял эдлээд шоронгоос суллагдсан иргэндээ анхаарал хандуулахгүй байна гэсэн асуудлыг хөнджээ дээ?

-Ял эдлээд гарсан хүнийг харьяа хорооных нь цагдаа нэрийг нь дэвтэрт бичих л үүрэг гүйцэтгэдэг. Тухайн хүнийг дахин алдаа гаргуулахгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх, ажлын байраар хангах, нийгэмд байр сууриа олоход анхаардаггүй.

Өөрөөр хэлбэл, тэднийг нийгэмшүүлэх, амьдралд хөлөө олох боломж, бололцоо олгох ажлыг орхигдуулж байна. Хориход ял эдлээд гарч ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж хэдэн хүн бодит байдал, тулгарч буй бэрхшээлээ ингэж ил тод ярилаа. Мэдээж, эрчүүдэд ч гэсэн ийм асуудал тулгарч л байгаа. Тиймээс бид ярилцаад төрийн бус байгууллага байгуулж хамтарч ажиллахаар боллоо.

-Тэгэхээр энэ ТББ нь ял эдлээд гарч ирсэн хүмүүсийг нийгэмшүүлэх, амьдралд хөлөө олоход нь туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Цаашид хорихоос суллагдах эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд, хүүхдүүдээ нийгэмшүүлэх, амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн баталгаа бий болгох гэх мэтээр тэдэнд туслана. Энэ мэтээр хамтарч хийх асуудал олон байна.

Надтай уулзахаар ирсэн 10 эмэгтэйн хоёр нь гэхэд л бичиг баримтгүй учир Төрийн ордон руу нэвтрүүлэхгүй гэж асуудал үүссэн. Хорихоос суллагдсан хүмүүсийг бичиг баримтжуулах асуудпыг ч холбогдох байгууллагад уламжлах ёстой гэж бодлоо.

-Танай байнгын хорооныхон өнгөрсөн хугацаанд Эмэгтэйчүүдийн хориход хэд хэдэн удаа очиж, байдалтай нь танилцсан. Ер нь, өнөөдрийн байдлаар хэчнээн эмэгтэй хоригдож байгаа бол, ялаа эдлээд суллагдсан нь хэд байна вэ. Энэ талаар тоо судалгаа байна уу?

-Одоогоор энэ талаар тоо судалгаа гараагүй. Энэ тухай мэдээлэл авахаар ШШГЕГ болон Эмэгтэйчүүдийн хорих ангийн удирдлагад хүсэлтээ хүргүүлсэн. Эмэгтэйчүүдийн хорих ангиас ялын төрлөөр нь судалгаа гаргаж өгсөн. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн болон Эмэгтэйчүүдийн хорих, Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвүүдээр явж, ажил, байдалтай нь танилцлаа.

Зорилго нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хохироод байна гэдгийг нийгэмд ил болгох. Ард иргэд энэ талаар улиг болтол ярьдаг. Гэтэл хууль тогтоогчид үүнд анхаарал хандуулдаггүй. Тийм учраас нийгмийн энэ давхаргынханд анхаарч ажиллаж байгаа юм. Ингэснээр тодорхой үр дүн гарч л байна.

-Тухайлбал?

-ЭМЯ, ХЗЯ-ны хамтарсан тушаалаа хүчингүй болголоо. Ингэснээр хүнд өвчтэй ялтнууд нарийн мэргэжлийн эмнэлгийн эмчилгээ, оношлогоо, тусламж үйлчилгээ авах эрхтэй болсон. Хүнд өвчтэй ялтныг үхэхээс нь наана арай гэж нэг юм магадлангаар гаргадаг байсан шүү дээ.

Одоо хоригдох явцдаа нарийн мэргэжлийн эмчилгээ, оношлогоонд хамрагдах эрхтэй болсон гэсэн үг.

Эмэгтэйчүүдийн хорих анги өнөөдрөөс /өчигдрөөс/ эмэгтэйчүүдийн эмчтэй боллоо.

Өмнө нь ийм орон тоо байгаагүй. Тэнд хоригдож байгаа эмэгтэйчүүдэд нарийн мэргэжпийн үзлэг оношлогоо хийлгэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Ер нь, шоронд хоригдоод эрүүл гарч ирнэ гэсэн баталгаа алга. Тиймээс хэчнээн буруу зүйл хийж нийгмээс тусгаарлагдсан ч иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах ёстой.

Түүнчлэн хүүхдийн хориход хүмүүжиж буй хүүхдүүдэд шүд, чих, хамар хоолойн үзлэг хийлгэх хүсэлт ЭМЯ-нд тавьсан. ЭМЯ- наас баг гаргаж, бүх хориход хоригдож буй хүмүүст эрүүл мэндийн үзлэг хийх болсон. Энэ мэт нааштай ажлууд хийгдэж л байна.

-Ялын төрлийн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд ихэвчлэн ямар гэмт хэрэгт холбогдсон байна вэ?

-Олонх нь залилангийн хэрэгт холбогдсон. Хүний амь хөнөөх, дээрэм, хулгайн хэрэгт холбогдсон хүн цөөхөн байна билээ. Залилангийн хэргийг дээд боловсролтой олон танилтай хүн үйлдэж байгаа бол хулгай, дээрмийн хэрэгт амьдрал нь тааруу хүмүүс холбогдсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амьдралын байдпаас шалтгаалж, үйлдэж буй хэргүүд нь ч өөр байгаа юм.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгож, ялын бодлогыг нь өөрчилнө гэж ярьж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Бид Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд анхаарах ёстой. Гол суурь хуулиудаа шинэчилж, ялын бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ялын бодлого хатуу байна. Үүнд анхаарахгүйгээр хууль зүйн салбар, нэр томъёоны шинэчлэл хийнэ гэж ярих нь буруу.

УИХ-ын гишүүний хувьд хэлэхэд Монгол Улс ялын бодпогодоо зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл онооход анхаарах шаардлагатай. Ял шалгуулах хуудас байх нь зөв үү, үгүй юү. Хүүхэд болон эмэгтэйчүүдээ олон сар, жилээр нийгмээс тусгаарлах нь хэр оновчтой вэ гэсэн асуудпыг хөндөх цаг нь хэдийнэ болсон.

Тухайн хүн зохих ял шийтгэлээ эдлээд гарсан л бол "Чи ял эдэлж байсан байна" гэж ялгаварлаж болохгүй.