Курд эмэгтэйчүүдийн амийг Францын эрх баригчдаас нэхэж байна
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Францад гурван курд эмэгтэйчүүдийн амийг хөнөөсөн гэмт хэрэг гарсан байна. Тодруулбал, тус улсын нийслэл Парис хотноо Курдын хөдөлмөрийн намын гурван эмэгтэй гишүүний амийг нь хөнөөжээ. Тус улсын Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар хохирогч гурван эмэгтэйн цогцсыг Парис дахь Курдистаны мэдээллийн төвийн гаднаас олсон гэдгийг цохон тэмдэглэжээ. Амиа алдагсдын хоёр нь толгой, нэг нь гэдсэн тус газраа буудуулж амиа алдсан аж. Одоогийн байдлаар Францын цагдаагийн газар, мөрдөн байцаах газрын мөрдөгч нар хэргийг шуурхай шалгаж байгаа юм. Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь улс төрийн зорилготой дээрх хэргийг үйлдсэн гэдгийг шинжээчид баталж буй. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын анхаарлыг ихэд татсан юм. Мэдээж уг гэмт хэрэг яс үндэс, хүйсийн ялгаа, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үйлдсэн хэрэг болох нь тодорхой болоод байна.
“BBC” агентлагийн мэдээлж буйгаар хохирогч эмэгтэйчүүдийн нэг нь курдын “Дайчдын салан тусгаарлах хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулагчдын нэг аж.
Мөрдөн байцаагчид хэргийг яаралтай олж илрүүлэхийн тулд хэрэг гарснаас хойш өдөр шөнөгүй ажиллаж байгаа боловч тодорхой шинж тэмдэг, сэжүүр огт олдохгүй байна. Тиймээс дээрх гэмт хэргийг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулалт сайн хийсэн нь ойлгомжтой болж байгаа юм. Европ дахь курдуудын нэгдсэн холбооны салбар болох “Фират” агентлаг “Хохирогчид Брусселийн Курдистаны Үндэсний Конгрессийн улс төрийн бүлэгтэй холбоотой байсан. Магадгүй тэднийг ямар нэг ашиг сонирхол, хувь хүний зөрчлөөс болж хороосон байх магадлалтай” хэмээн мэдээлсэн.
Дээрх гэмт хэргээс болж Туркийн мянга мянган курдууд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Европ дахь курдууд дуу хоолойгоо нэгтгэж байна. Эмэгтэйчүүд ч эсэргүүцэн жагсаалд нэгдсээр байгаа талаар CNN агентлаг онцлов. Жагсаалд оролцогчид “Туркийн Засгийн газар болон курдуудын хооронд 28 жилийн турш үргэлжилж буй үймээн самууны улмаас ойролцоогоор 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа” гэдгийг ч мэдэгдээд буй.
Болсон хэргийн талаар Францын Дотоод хэргийн сайд Мануэль Воллс “Энэ аймшигт хэргийг урьдаас зохион байгуулалттай хийсэн нь тодорхой байна. Гэхдээ бидний өмнө яагаад гэсэн асуулт урган гарч ирж байна. Яагаад энэ гэмт хэргийг үйлдэх болов. Ямар шалтгаанаар. Манай улсын зүгээс ийм хэрэг дахин гаргахгүйн төлөө хараа хяналтаа чангатгах болно гэдгийг мэдэгдэж байна. Амиа алдсан иргэдийн гэр бүлийнхэн, нутаг нэгтнүүдийн өмнөөс гүнээ харамсч буйгаа илэрхийлмээр байна. Гэмт этгээдийг илрүүлэхийн төлөө шуурхай ажиллах үүрэг өгсөн байгаа тул удахгүй учир нь олдоно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Турк улсын эрх баригчид Оурдын босогчдын удирдагч, хоригдож буй Абдулла Окалантай уулзаж, курдуудын хөдөлгөөний жагсаал, эмх замбараагүй байдлыг зогсоохыг уриалсан аж.
Ажиглагчдын таамаглаж буйгаар гэмт хэрэг Туркийн Засгийн газар саяхан курдуудын шоронд хоригдож буй удирдагч Абдулла Окалантай яриа хэлэлцээ эхлүүлсэнтэй холбоотой байх магадлалтай гэдгийг онцолсон. Учир нь хохирогч эмэгтэйчүүд удирдагч Абдулла Окалантай холбоотой байсан гэдгийг түүний туслах баталсан аж. Жагсаал Франц, Итали Турк, зэрэг орнуудад болж байгаа бөгөөд эмх замбараагүй байдал үүсээд байгаа тул хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм байна.
Туркийн төв талбайд курд үндэстнүүдийн эрхийг хамгаалсан, амиа алдсан гурван курд эмэгтэйг дэмжсэн жагсаал өчигдөр боллоо. Жагсаалд оролцогчид Туркийн Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг, амиа алдсан гурван эмэгтэйн ар гэрийнхэнд нөхөн олговор олгохыг шаардсан байна.
Тус улсын Истанбул хотод 3000 гаруй эмэгтэй эсэргүүцлийн дуу хоолойгоо нэгтгэсэн талаар “Reuters” агентлаг мэдээлэв.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард курдууд мөн л жагсаал хийсэн. Тэд Туркийн Засгийн газрын эсрэг тайван жагсаал цуглаан хийж байсан билээ. Хамгийн гол нь жагсаал хийх эрх, заавар аваагүй, зөвшөөрөлгүй хийсэн учраас 58 хүнийг баривчилсан юм. Хүчнийхэн жагсагчид руу даралттай усан буугаар шүршиж хэдхэн цагийн дотор тарааж байжээ. Харин өчигдөр болсон жагсаалыг хүчнийхэн даралттай ус, нулимс асгаруулагч хийгээр тараах гэсэн боловч бүтэлгүйтсэн.
Ямартай ч курдууд бол Туркийн хамгийн их хүн амтай үндэсний цөөнх. Тэд Иран, Ирак, Сири гээд баруун Азийн маш олон улсаар тархан байрласан байдаг. Хүн амын хувьд бараг 30 саяар тоологдох том үндэстэн. Гэхдээ олон улсуудад хуваагдсан, тусгаар биш үндэстэн билээ. Мөн Францад гарсан дээрх хэргийн нарийн учрыг, гэмт этгээдийг олж тогтоохоос нааш эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.