П.Анхбаяр: Монголдоо шийдэж чадахгүй бол олон улсын шүүхэд хандах эрхтэй
"Эмнести интернэшнл" хүний эрхийн олон улсын байгууллагын зохицуулагч П.Анхбаяраас уул уурхайн дахь хүний эрхийг асуудлаар ярилцлаа.
-Танай байгууллага монголд үйл ажиллагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уул уурхайн асуудалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн гомдол ирж байсан уу. Хэрвээ байсан бол хэрхэн шийдсэн вэ?
Манай байгууллага нь бизнес ба хүний эрх сэдвээр ажиллаад удаж байна. Эдийн засаг нийгэм соёлын эрхийн асуудлаар хүний эрхийг хамгаалдаг бусад сүлжээ байгууллагуудтай хамтарч олон улс, бүсийн хэмжээнд хүний эрхийг мөрдүүлэхэд анхаарч, хууль тогтоомжийг бүрдүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгох чиглэлд ажилладаг.
Монгол улсын хувьд бизнесийн орчин дах хүний эрхийг мөрдүүлэхийн тулд үндэсний хууль тогтоомж нь хэр байна гэдгийг судалж, дүн шинжилгээ хийдэг.
Уул уурхайн тухайд хүний эрх ба олборлох үйлдвэрлэлийн талаар олон улсын төвийн шинжээч ирж өнгөрсөн жилийн хурал дээр илтгэл тавьсан нь маш том хувь нэмэр оруулсан.
Ерөнхийдөө бид уул уурхайн компанитай холбоотой ажиллаагүй. Эрхийг хамгаалах тал дээр үндэсний хуулийн хүрээнд олон улсын гэрээ конвенцид нэгдсэний дагуу явж байгаа. Ундны ус, хөдөлмөрлөх эрх, хоол хүнс, нийгмийн халамж хүртэх, соёлын эрх гэх зэргээр нэгэн цогц болж ойлгогдоно.
-Гомдол ирж байсан уу?
Яг уул уурхайн асуудалтай холбоотойгоор ирээгүй. Ихэнхдээ үйлдвэрлэлийн эрх нь зөрчигдсөн хүмүүс ханддаг. Гэхдээ манай байгууллагын онцлог нь үндэсний хэмжээнд шийдвэрлүүлж чадаагүй гомдлыг хэлэлцэж, цааш нь хүргүүлж, олон улсын хэмжээнд шийддэг учраас уул уурхайн гомдол ирж байгаагүй гэхэд болно.
Гэхдээ нэгэн мэдээлэл дуулгахад манай улс гомдол гарсан тохиолдолд түүнийг шийддэг олон улсын гэрээ конвенциудад нэгдсэн учраас эрхээ зөрчүүлсэн гэж үзвэл НҮБ-д гомдол гаргах эрхтэй. Хэрвээ миний гомдлыг монгол улс шийдэж чадахгүй бол гэсэн утгаар шүү дээ.
Бид нар одоогийн байдлаар ийм гэрээнд манай улс нэгдсэн гэдгийг иргэдэд тайлбарлан, таниулах, засгийн газарт нөлөөлөх зэрэг ажлуудыг хийж байна.
-Хүний эрхийг хамгаалахын тулд төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа дутагдалтай байгаа. Үүнийг хэрхэн шийдэх саналтай байна вэ?
Сум, хороо дүүрэг бүр дээр эрх зүйн туслалцаа үзүүлэх төв байдаг ч маш дутагдалтай байдаг.
Үүнийг цаашид сайжруулахын тулд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа маш чухал. Үүнийг бид маш олон жил ярилаа.