Г.Агар-Эрдэнэ: Лиценз эзэмшигч нь газар эзэмшигчээс давуу эрх эдлэхгүй
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй уул уурхайн салбарт хүний эрх хохирч буй талаарх гомдол саналын талаар ярилцлаа.
-Уул уурхайтай холбоотойгоор эрх нь зөрчигдсөн хүмүүс танайд хэр их ханддаг вэ. Гомдол гаргасан тохиолдол хэд байгаа вэ?
Уурхайн асуудлаарх гомдол харьцангуй бага ирсэн. Уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэд хотын төвөөс алслагдмал байдаг нь үүнд нөлөөлдөг гэж үзэж байна. Тиймээс комисс цахим гомдлын системийг бий болгосон ч гомдол бас ирээгүй.
Хүний эрхийн үндэсний комисс жил бүр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хөдөө орон нутгаар явдаг. Түүнчлэн өнгөрсөн жил уул уурхай ба хүний эрх гэсэн сэдвийн дор шалгалт судалгаа явуулсан. Эдгээр арга хэмжээнээс Дорноговь, Өмнөговь аймгийн төвүүдэд нэлээдгүй гомдлыг хүлээж авсан. Түүнээс биш өөр байдлаар бичгээр ирүүлсэн гомдол ховорхон байна.
-Нэг талаар тэдэнд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг байх. Өнгөрсөн жил танай комисс есөн аймгаар явсан гэсэн. Иргэд, малчид ямар гомдлыг тавьж байсан бэ. Түүнийг нь шийдэж чадсан уу?
Монгол улсын иргэний эрхийг Үндсэн хуулийн 16.3-т зааснаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхтэй гээд тодорхой зааж, баталгаажуулсан. Амьд явах эрх нь эрүүл аюулгүй орчинд амьдрахаас эхэлнэ.
Тиймээс төр засаг энэ орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл уул уурхай эрчимтэй хөгжиж байгаагаас шалтгаалж иргэдийн эрх илүү хөндөгдөх болсон. Хүний эрхийн үндэсний комисс хяналт шалгалтаар явж байхад эрх нь зөрчигдсөн тохиолдлыг баримтаар тогтоосон. Тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй уурхайн нөлөөгөөр агаарт тоосонцор үүсч, иргэдийн эрүүл мэндийг хохироож байсан. Тиймээс комиссын зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулсан.
-ХЭҮК хууль эрх зүй болон төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар зөвлөмжийг хүргүүлдэг. Тэд зөвлөмжийг хэрхэн биелүүлдэг вэ?
Хүний эрхийн үндэсний комиссын хуульд заасны дагуу хяналт шалгалтыг зохион байгуулаад, хүний эрх зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгах үүрэгтэй албан тушаалтан, байгууллагад шаардлага хүргүүлдэг.
Энэ шаардлагыг долоо хоногийн дотор биелүүлэх ёстой бөгөөд ямар арга хэмжээ авснаа комисст эргэж тайлагнах ёстой. Засгийн газрын хувьд жил бүр бидэнд тайлан өгөх ёстой байдаг ч гэлээ тайланг цаг хугацаандаа өгөх тал дээр их хойрго ханддаг.
-Танай комиссын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ байдаг уу?
Хэрвээ биелүүлэхгүй бол шүүхэд хандана. Энэ нь хуулиар нээлттэй. Тухайн аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөөд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргадаг. Өнгөрсөн хугацаанд хорь гаруй тохиолдлоор шүүхэд хандсан.
Гэхдээ бидэнд ирдэг гомдлын бараг 40 хувийг бидэнд хамаагүй буюу эрүүгийн болон иргэний маргаанууд эзэлдэг. Эрүү, иргэний хэргийг шүүхийн шатанд шийдсэн байх ёстой. Гэхдээ Парисын зарчмын дагуу гомдлыг тухайн хамаарах газар нь шилжүүлэх үүрэгтэй гэсэн учраас холбогдох байгууллагууд руу шилжүүлж, дараа нь гомдлыг нь хэрхэн шийдсэн талаарх тайланг авдаг.
-Ер нь бизнесийн байгууллагууд хүний эрхийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Одоогийн байдлаар комиссоос гаргасан нэхэмжлэлүүд ихэнхидээ бидний талд шийдэгдсэн. Тийм ч учраас буруутай албан тушаалтанаас мөнгөн дүнгээр хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гардаг.
Тухайлбал саяхан нэр бүхий иргэнийг шүүхийн шийтгэх хугацаанаас хэтрүүлэн хорьсон тохиолдол байсан учир 25 сая төгрөгний хохирлыг гаргуулж, тухайн иргэнд олгуулсан.
-Хүний эрхийн үндэсний комисс улсын төсвөөс санхүүждэг хэрнээ бие даасан, хараат бус байдлаар ажиллах ёстой. Энэ байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ. Цаашид статусаа сайжруулах боломжтой юу. Та бүгдийн зөвлөмжийг их хурал хэрхэн хүлээж авч байгаа талаар та бодлоо хуваалцана уу?
НҮБ-ын ерөнхий ассамблийн баталсан Хүний эрхийн үндэсний байгууллагуудын ажиллах зарчмыг Парисын зарчмаар зохицуулсан байдаг. Бид үүнийг л дагадаг. Ерөнхийдөө ХҮЭК нь ямар нэгэн шүүх эрх мэдлийг гартаа авахгүй бөгөөд шүүх эрхгүй юм. Харин шаардлага тавьж, зөвлөмж өгөх ёстой.
Ирэх жилээс аймаг бүрт нэг төлөөлөгчтэй болохоор хүний эрхийн асуудлыг илүү сайн ярьж, гомдлыг хүлээж авна.
Үүний дагуу их хурал, засгийн газарт шаардлага тавьдаг. Гэхдээ шаардлага нь заавал биелүүлэх шинжтэй биш.
Гэвч одоогийн байдлаар Комиссын бие даасан хараат бус байдлыг илүү сайжруулах үүднээс комиссын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барина.
Бид цаашид нэлээн олон арга хэмжээг авах болно. Ирэх жилээс аймаг бүрт нэг төлөөлөгчтэй болж байгаа болохоор хүний эрхийн асуудлыг илүү сайн ярьж, гомдлыг хүлээж авна.
-Уул уурхайн нөлөөлөлд малчдын амьжиргааны эх үүсвэр болсон бэлчээр маш ихээр сүйдэж байгаа. Энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ?
Ашигт малтмалын хуулинд заахдаа тухайн лицензийн хүрээнд ашиглах талбай нь малын бэлчээр, оршин суугчийн газрыг дайран өнгөрсөн бол иргэдийн эрхийг хүндэтгэнэ гэж заасан байдаг.
Зайлшгүй хөндөх тохиолдолд газар эзэмшигчид нөхөн олговор олгох ёстой. Гэтэл одоогийн нэг тогтсон хандлага нь лиценз эзэмшигчийн гэрчилгээ нь газар эзэмшигчийн гэрчилгээнээс илүү эрхтэй гэж ойлгоод байгаа юм. Энэ буруу.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ, ашиглалтын тусгай зөвшөөрөл бол адилхан эрхтэй. Харин ч ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч нь газар эзэмшигчийн эрхийг хүндэлж, хүчээр нүүлгэх, хөөж туух асуудал байх ёсгүй.