Уул уурхайн компаниуд нийтийн өмчийг овжноор ашиглаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж
2013.08.23

Уул уурхайн компаниуд нийтийн өмчийг овжноор ашиглаж байна

Уул уурхайн салбарт хүний эрх, байгаль орчны аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгаа тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.  

-Уул уурхайд хүний эрх, Монгол хүний амь нас, эрүүл мэнд хамгийн ихээр зөрчигдөж байгааг ярьдаг ч төрийн бодлого, ажил хангалтгүй байгаа юм шиг. Энэ тухай таны бодол?

-Манай улсад уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх асуудлаар олон улсын хурал, чуулга уулзалт байнга болдог ч энэ салбарт хүний эрхийн асуудал орхигдсон хэвээр байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, уул уурхайн бизнест хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр бусад орны хуримтлуулсан туршлага, сургамжаас суралцах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох шаардлага хөндөгдөж эхлэх цаг нэгэнт болжээ гэж бодож байна. Бид есөн аймгийн 15 сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах болон нүүдэлчдийн зан заншил, соёлын эрхэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг судаллаа.

-Судалгааны дүн ямар гарсан бэ?

-Монголчууд эрт үеэсээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн ард түмэн. Байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн нь манай орны онцлог байсан бол сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаалж байгаль орчин доройтож байна. АМГ-ын жилийн тайланд дурьдсанаар энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 22.3 сая га талбайг хамарсан 3692 тусгай зөвшөөрөл олгожээ. Тусгай зөвшөөрлийг замбараагүй олгож байгаагаас зарим аймаг, сумын ихэнх хэсэг аж ахуйн нэгжүүдийн мэдэлд орсон байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2.8 сая га нутаг дэвсгэрийн 1.1 сая га буюу нийт нутгийн 40 гаруй хувьд тусгай зөвшөөрөл олгосноос 11 аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үүнээс гурван компани нүүрс олборлож эхэлсэн байгаа юм. Хэрэв үлдсэн найман компани өөрийн эзэмшил газартаа олборлолтоо эхэлбэл тус сумын нутагт мал аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй болж, нүүдлийн мал аж ахуй эндээс эхлэн устаж алга болох нь ээ.

-Судалгааны баг газар дээр нь нөхцөл байдлыг үзжээ. Газар шороо эвдэрч гэмтсэн нь мэдээж. Хариуцлага хэн үүрэх ёстой вэ?

-Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор ашигт малтмал эрэх, хайх, олборлох, зам тавих, барилга байгууламж барих явцдаа хуулсан хөрс, овоолсон шороо, бий болгосон далан цооног, суваг шуудууг хэвийн байдалд нь оруулахгүй орхисноос байгалийн унаган төрх алдагдаж улмаар хүн мал, ан амьтан осолдож, гэмтэж дайжих эрсдэлтэй болсон байна. Уг нь бол ашигт малтмалын тухай хуулиндаа тухайн аж ахуйн нэгж хайгуул олборлолтын явцдаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх үүрэг хүлээдэг.

Мөн сум, дүүргийн Засаг дарга нар хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Гэтэл бодит байдал дээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Монгол орны нутаг дэвсгэрт 2010 оны байдлаар ашигт малтмал, уул уурхайн хайгуул олборлолтын улмаас ухагдаж эвдэрсэн 17966 га газар бүртгэгдсэн байгааг Байгаль орчны яамны тайланд дурдсан байгаа.
Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг суманд 46.7 га, Өвөрхангай аймгийн Уянга суманд 562.6, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 500 орчим га бэлчээр нутагт нөхөн сэргээлт хийгээгүй орхисон байгаа юм.

-Бид тээвэрлэлтийн асуудлыг орхигдуулснаас газар нутаг ихээхэн эвдрэх, улмаар тоос тоосонцорын өвчин үүсч байна гэдгийг салбарын эрдэмтэд нэг биш удаа сануулж байсан. Үнэхээр ийм зүйл байна уу?

-Тээвэрлэлт үнэхээр анхаарал татаж байна. Зөвхөн Дундговь аймгийн долоо, Дорноговь аймгийн есөн сумын нутгийг дайран өнгөрсөн тус бүр нь 30-150 метр өргөн, 15-32 салаа замаар ашигт малтмал, уул уурхайн тоног төхөөрөмжийг 40-100 тоннын даацтай тээврийн хэрэгслээр зөөж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хилийн Гашуун сухайт боомт хүртэл 245 км хатуу хучилттай зам тавьсан боловч тус замаар "Энержи ресурс”, "ЭрдэнэстТавантолгой” зэрэг компани нүүрс тээвэрлэж бусад тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нүүрс тээвэрлэх гэрээ хийгээгүй, замын төлбөр өндөр гэх шалтгаанаар нүүрсээ шороон замаар тээвэрлэсээр байна. Нүүрс тээврийн зам дайран өнгөрдөг тус аймгийн зургаан сумын нутагт олон салаа замаас үүдэлтэй газрын хөрс эвдрэх, малын бэлчээр талхлагдах, агаарт дэгдэж буй шороо, тоосжилтоос

БОАЖЯ-наас Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон

шалтгаалж хүн мал, ан амьтан нутагшихад туйлын хүнд болсон байна.

Өнөөдөр Тавантолгойн ордоос Гашуунсухайт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтын хооронд 66 аж ахуйн нэгжийн 6122 том оврын тээврийн хэрэгсэл нүүрс зөөж байна. Хайрган хучилт хийж замыг нь сайжруулсан гэх "Алтайн хүдэр” компанийн Говь-Алтай аймаг дахь Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168 км замд ч гэсэн тоосжилт багасахгүй, агаар хөрсний бохирдол үүссээр байна. Үүн дээр ийм онцгой бүсэд аймаг, сумын нутгаар дайран өнгөрч байгаа машин техникийн тоо, эвдрэлд орж доройтсон газрыг нэмбэл ямар дүр зураг харагдах нь тодорхой. Энэ талаарх нэгдсэн тоо баримт өнөөдөр Монголд алга.

-Хэр хэмжээний хохирол уул уурхайн онцгой бүс нутгуудад учраад байгааг салбарын яам нь тооцсон байдаг юм болов уу?

-Нэг жишээ хэлье. Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Гурвантэс зэрэг сумын нутагт хулан, зээрийн сүрэг хэдэн зуу, мянгаараа сүрэглэн бэлчиж байсан бол одоо хаашаа нь мэдэхгүй дайжсан тухай нутгийнхан харамсан ярьж байх юм. БОАЖЯ-наас Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон судалгаанд аймгийн эдэлбэр газарт 5.4 тэрбум, хөрсөнд 20.4, ургамалд 11.1 тэрбум, амьтны аймагт 18.7 тэрбум, агаарын бохирдлоос үүссэн хохирол 2.5 тэрбум төгрөг нийт 58.1 тэрбум төгрөгийн хохирол учирч Тавантолгойгоос Цагаанхад хүртэлх 235 км урт замын хоёр талаар нийт 35250 га газрын хөрс эвдрэлд орсон байна гэсэн байгаа юм.

Энэ юу хэлээд байна вэ. Үүний хажуугаар хамгийн эмгэнэлт мэдээ нь мэдээж ус. Өнгөрсөн оны байдлаар 6699 гол горхи бүртгэгдсэнээс 551 нь, 10702 булаг шанд бүртгэгдсэнээс 1548 нь, 3629 нуур тойром бүртгэгдсэнээс 417 нь ширгэсэн байгаа юм.
Цаг уур, орчны шинжилгээний газар 2010 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайт орчимд хэмжилт шинжилгээ хийхэд агаар дахь тоосонцорын агууламж стандартаас 1.7, Цогтцэций сумын Тавантолгойн тээврийн зам орчим зургаа дахин давсан бохирдолттой, хөрсөнд хүнд металлын шинжилгээ нэмж хийх шаардлагатай гэж дүгнэсэн байдгийг нутгийнхан хэлдэг.

-Тэгэхлээр уул уурхай нь эдийн засгийн ач холбогдолтой гэхээсээ илүү байгаль орчин, хэрэг зөрчлийн уурхай болж байна гээд хэлчихвэл буруутахгүй нь ээ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, осол нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсний тээврийн машинд дайруулан нас барах, гэмтэж бэртэх, уурхайн хилийн шав, тэмдэг тогтоож ухсан шуудуу, карьер цооног, өрөмдлөгөөс тогтсон усанд унаж нас барах зэрэг ноцтой осол их гарах боллоо. Энд цөөн жишээг дурьдаж болно. Өмнөговь аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 350 зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа юм.

Нэг хүү нь овоолсон шороонд мотоцикльтойгоо онхолдоод нас барчихсан

Энэ нь Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт, Нарийн сухайтын уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн замд гарчээ. Энэ төрлийн гэмт хэргээс болж 26 хүн нас барж, 40 гаруй хүн хүндэвтэр болон хүндээр бэртсэн байна гэсэн тоо байна. Энэ бүхний шалтгаан нь уурхайн талбайн хилийг тогтоохдоо аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой.


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нэг малчин айлын бага насны хоёр хүүхэд уурхайн өрөмдлөгөөс шавхаж тогтоосон усанд унаж амиа алдсан байсан бол насанд хүрсэн бас нэг хүү нь овоолсон шороонд мотоцикльтойгоо онхолдоод нас барчихсан байгаа юм. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой хэн ч хариуцлага хүлээгээгүй, хаагдаад өнгөрсөн байгаа юм. "Энэ уурхайгаас болж манайх гэдэг айл үнэхээр зовж явна. Өвөлжөө бууц, нутаг ус, бэлчээр газраасаа хөөгдөж, гурван хүүгээ алдлаа” гээд нулимсаа барж яваа малчинтай таарсан. Бид уул уурхайг ингэж эрдэнэт хүнийхээ амь нас, эрүүл мэндийн үнээр хөгжүүлэхээр зорьж яваа гэж үү.

-Малчдыг өмөөрөх эрхзүйн орчин нэхсээр суутал тэд маань газар нутаг, мал, усгүй болж байгааг анхаарах цаг болсон юм шиг?

-Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд 2004 онд малчдын тоо 3000 гаруй гэгдэж байсан бол өдгөө энэ тоо 50 хувиар буурчээ. Эндээс бусад малчид хаачив, амьжиргаагаа хэрхэн залгуулж байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Уул уурхайн компаниуд бэлчээр гэдэг бол нийтийн өмч гэсэн бодлогыг овжноор ашиглаж малчдыг идээшсэн газар нутгаас нь шахаж байгааг ер нь яах вэ. Уул уурхайн компаниуд улмаар тахилгатай овоонд өрөмдлөг хийж байгаа нь хэвийн үзэгдэл болсныг малчид хоолойгоо зангируулан ярьж байна шүү дээ.

-Одоо тэгвэл хэрхэх вэ?

-Нүүрс, төмрийн хүдэр зэрэг овор ихтэй ашигт малтмал ашиглах бол төмөр зам, эсхүл хатуу хучилттай авто зам барьсны дараа ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог болъё. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж жигдэрсэн нүүрсний уурхайнууд, Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхай, бусад аймаг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн хүдрийн хэд хэдэн уурхай, ашиглаж байгаа алтны үндсэн болон шороон хэдэн арван орд өнөөдрийн гурван сая хүрэхгүй хүн амтай, жижиг эдийн засагтай Монгол Улсад ойрын 10 жилдээ хангалттай биш үү. Иймд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоо тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, хайгуулыг төрийн бодлогоор, төсвийн хөрөнгөөр хийх шийдвэрийг гаргаасай гэж хүсч байна.