Хуульчдын холбооны ерөнхийлөгч ням гаригт тодорно
Монголын хуульчдын анхдугаар их хурал өчигдөр эхэллээ. Төрийн ордонд болсон тус хурлаар хуульчид Монголын хуульчдын холбоог байгуулснаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Тус арга хэмжээний эхэнд Хуульчдын анхдугаар их хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулсан илгээлтэд Монголын хуульчдын холбоог байгуулж буй явдал төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэн өгсөн ч анхны тохиолдол болохыг дурджээ.
Мөн Хуульчдын холбоо, Монголын нийт хуульчийн шударга ёсны үйл хэрэгт амжилт хүссэн байна. Ерөнхийлөгчийн илгээлтийн дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нээлтийн үг хэлж, Томас Жеферсоны хэлсэн "Ард түмэн хуулиа баталсан, ард түмэн хуулиа биелүүлнэ" гэсэн үгийг иш татсан юм.
Х.Тэмүүжин сайдын хэлж байгаагаар цаашид Хуульчийн холбоо болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулах, хуульч мэргэжлийн стандартыг тогтоох юм байна. Түүнчлэн хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоог аливаа төрийн болон улс төрийн байгууллагын оролцоогүйгээр зөвхөн хуульчид өөрсдөө шийддэг болох гэнэ.
Хуульчдын холбооны гишүүний татварыг 20 мянган төгрөгөөр баталлаа
Хуульчдын холбооны анхдугаар их хурал өнөөдөр, маргааш буюу бямба, ням гаригт үргэлжлэн зохиогдоно. Маргааш хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах юм. Харин ням гаригт Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчийг сонгохоор болоод байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ дагуу хуульч мэргэжилтэн бэлтгэх болон хуульчийн эрх олгох, мэргэжлийн үйл ажиллагаанд стандарт тогтоох ажлыг Хуульчийн холбоо буюу хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага Хуульчдын холбоонд шилжүүлэн өгчээ.
Сонирхуулахад, хуульчдын анхдугаар их хуралд энэ онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж хуульчийн эрх авсан 4500 хуульчаас сонгогдсон 490 төлөөлөгч оролцсон байна. Тэднээс 98 нь прокурор, 196 нь өмгөөлөгч, 98 шүүгч, 98 хуульч сонгогдсон хэмээн Хууль зүйн яамныхан мэдээлсэн юм.