Ерөнхийлөгч хуульчдад илгээлт хүргүүлэв
Хуульчдын анхдугаар их хуралд оролцогсдод
Монгол Улсад хуулийн засаглалыг тогтоож, шударга ёсыг бэхжүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн монголын нийт хуульчид болон энэхүү хуралд төлөөлөгчөөр сонгогдсон та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгая.
Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулиар хуульчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоосон нь нэн чухал юм.
Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, холбоо биш. Энэ бол төрийн зарим чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авч буй нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Тодруулбал, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, харилцан хяналттай, тунгалаг байлгах тогтолцоо юм. Иймд Хуульчдын холбоо илүү их хариуцлагатай, ил тод, хүрээмжтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах ёстой. Энэхүү холбоо цаашид шинээр байгуулагдах олон зуун мэргэжлийн холбоодод зөв үлгэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Өөрсдийн дагаж мөрдөх дүрмийг та бүхэн өөрсдийн оролцоотойгоор батлах тул үүнийгээ чанад сахиж ажиллана гэдэгт найдаж байна. Хуульчдын анхдугаар их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ.
Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах нь та бүгдийн мөрдлөг болгох зарчим, хүлээх үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэй.
Ардчилсан нийгэмд хууль дээдэлсэн, хараат бус, нээлттэй, ил тод, хариуцлагатай шүүх эрх мэдлийн тогтолцоо нь хүний эрх, эрх чөлөө, аливаа төр улсын хөгжил дэвшлийн баталгаа байдаг. Монголын ард түмний хууль, шударга ёсны тогтолцоонд итгэх итгэл та бүхний мэдлэг чадвар, ёс зүйгээс хамааралтай гэдгийг хэлэх байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн төсөлтэй би танилцсан. Төсөлд хуульчдад тавигдах шаардлага, баримтлах зарчим, хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон нь сайшаалтай.
Шүүх эрх мэдлийн байгууллагын мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ эрхийг Хуульчдийн холбоонд шилжүүлсэн. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, монголын ард түмнээс нийт хуульчдад итгэл үзүүлж буй хэрэг юм. Шударга ёсны түүчээ болсон та бүхэн иргэд олон түмний итгэл найдварыг бүү алдаарай. Өөрсдийн дагаж мөрдөх дүрмийг та бүхэн өөрсдийн оролцоотойгоор батлах тул үүнийгээ чанад сахиж ажиллана гэдэгт найдаж байна.
Хуульчдын анхдугаар их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.