Ардчиллын хоёр Цогт, Ард түмний хоёр түшээд Сэлэнгэ аймагт сурталчилгаагаа хийж байна
2012 оны УИХ-н сонгох сонгуулийн 13-р тойрогт Ардчилсан нам УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогт, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Дониогийн Цогт-Очир нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд “Ардчиллын хоёр Цогт, Ард түмний хоёр түшээ” уриатай Сэлэнгэ аймагт сурталчилгаагаа хийж байна.
13-р тойрог нь 130-аад мянган хүн амтай, 17 сум, 4 тосгонтой төвлөрсөн сум суурин ихтэй манай улсын томоохон тойргийн нэг юм. Иймээс нэр дэвшигчид өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар, Зүүнхараа, Баруунхараа, Хөтөл зэрэг томоохон сумдуудад сонгуулийн нээлтээ дараалан хийлээ.
Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд “Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье” уриатай оролцож байгаа бөгөөд нэр дэвшигчид иргэд сонгогчидтой уулзаж, УИХ, Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил, авч байгаа арга хэмжээ, АН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг танилцуулж, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож байна. Уулзалтын үеэр иргэд нүүрээ буруулж тойргоо солиогүй, нутгийхаа төлөө нэгэн сэтгэлээр үргэлж хамт байсан уугуул иргэд нь дахин нэр дэвшиж ирсэнд ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Эдгээр томоохон сумдын хувьд хотын статустай болох, дэд бүтэц, зам харилцаа, хүн амын эрүүл мэнд, ажилгүйдэл, архидалт гээд шийдвэрлэх олон асуудал бий. Хотын төвлөрсөн халаалт муу, шинээр баригдаж байгаа барилга нь технологи буруу, стандарт шаардлага хангахгүй, инженерийн бодлого дутагдаж байгаа болон хотын хог хаягдал хэрээс хэтэрч байгаа зэрэг олон бэрхшээл байгааг иргэд хөндөн тавьсан юм. Чухам төрийн бодлогын зөв гарцыг нээж өгч чадвал сум орон маань улам хөгжиж, аймаг орон нутгаараа улсын жишиг аймаг болох бүрэн боломж байгааг иргэд онцолж байлаа. Сэлэнгэ аймаг улсынхаа тариа буудайн дийлэнх хэсгийг ургуулдаг, ашигт малтмалын багагүй нөөцтэй, хил гаальтай гээд эдийн засгийн тулгуур бүс болох бүрэн боломжтой гэдгийг ч иргэд илэрхийлсэн. Мэдээж энэ хөгжлийн түүчээ нь төр түшилцэх эрхэм түшээд бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Цогт-Очир нарт Сэлэнгэчүүд ихээхэн итгэл хүлээлгэж буйгаа энэ үеэр дуулгасан.
Нэр дэвшигчид Мандал суманд ажиллахдаа худалдааны захын үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгч нартай газар дээр нь очиж уулзаж ярилцсан юм. Энэ үеэр худалдаа наймаа эрхэлж буй иргэд худалдаа үйлчилгээ явуулах стандарт байхгүй, хүнсний зүйл худалдаалах эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах, лангуу бүхий төвлөрсөн байгууламж байхгүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа бөгөөд хүнсний ногоо тариалан амьдрал ахуйгаа залгуулж байдаг энэ бүс нутгийн иргэдийн хувьд хадгалалт хамгаалалтын нөхцөл муу байдгаас тарьж ургуулсан ногоо нь муудах, хөлдөх хатах, хямд өгөх зэрэг
ихээхэн хэмжээний эрсдэлд ордог болохоо учирлаж байлаа. Иймд тулгамдаад байгаа асуудал, зовлон бэрхшээлийг шийдэхэд төрийн зөв бодлого, холч хараа хамгийн чухал гэдгийг иргэд хэлж байлаа.
Сүүлийн өдрүүдэд Зүүнхараа хотын Хэрх, Түнхэл тосгонд ажиллалаа. Иргэд Түнхэл тосгоныг тусгай сум болгох хүсэлтэй байв. 3900-аад хүн амтай томоохон энэ тосгонд ажлын байр нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлж эдийн засгийн өсөлтийг бий болгохыг хүсч буйгаа иргэд бас захиж байв.
Уулзалт өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үргэлжилж байна.