Сонирхолтой өрсөлдөөний чимээ
Ерөнхий сайд С.Батболд “Бидэнд хийсэн ажил, хэлэх үг их байна” хэмээн намаа төлөөлөн мэдэгдсэн. Хийж бүтээснээ тайлагнаад байдаггүй энэ эрхэм МАН цаашдаа юу бүтээж чадахыг тодотгохыг эрмэлзсэн нь энэ. Тйимээс ч МАН-ын илгээсэн нэр дэвшигч бүрийн халаасанд Монголын хөгжлийн түлхүүр байгаа гэсэн итгэлийг түүний энэ үг нийгэмд авчрав. Замын дундаас буцахгүй гэдгээ тус намын Ерөнхий нарын бичгийн дарга У.Хүрэлсүх хэдэнтээ илэрхийлсэн нь бий. Залгамж чанарыг эрхэмлэж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эхлүүлсэн бүхнээ үргэлжлүүлэх хүсэл зориг нь МАН-д нэр дэвшигчдийнхээ асуудлыг фракц, мөнгө зэрэг “урвуу” хүчин зүйлээс хамааралгүйгээр сонгох боломж авчирсан гэж хэлж болно. Одоогийн байдлаар шатрын хөлөг дээр тоглоом үргэлжилж байна. МАН-ын залуу үеийнхэн ноёны эрэмбтэй хүү байж чадахын хэрээр АН-ын нэр дэвшигчдийг хүч тарамдаж буй юм.
Сонирхолтой өрсөлдөөн өрнөх тойргуудын нэг нь Баянхонгор аймаг. Энэ тойрогт ГХ-ны сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Ачлал трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Билэгт нарыг МАН сойж байгаа. Г.Занданшатар тодорхой хэмжээгээр төрд зүтгэж, туршлага суусан нэгэн. МАН-ын ид насны залуусын хүчтэй төлөөлөл. Харин М.Билэгтийн хувьд бизнесийн хүн гэдгээс гадна намын ажилд гар, бие оролцсоор ирсэн улс төрийн туршлагатай. Баянхонгор хамгийн содон тойргуудын нэг. АН-ын нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Х.Баттулга нутгаасаа дэмжлэг авсаар ирсэн нэгэн. “Техник импорт” ХХК-ний захирал Д.Ганбатыг Х.Баттулгын замыг засч явдаг гэх бөгөөд 2008 онд энэ тойрогт ялагдал хүлээж байсан. Г.Занданшатар, Х.Баттулга нар хүч тэнцүү өрсөлдөгчид. Сүүлийн үед хуурамч гэрээ хийсэн асуудалд орооцолдон, нэр хүндэд нь сэв суусан Х.Баттулга МоАХ фракцыг тэргүүлдгийн хувьд намдаа дайсан олонтой. Тиймээс ч нэг намынхан нь түүний эсрэг ажиллах боломжтой. Өмнө нь иймэрхүү тохиолдол нэг бус удаа гарч, баянхонгорчууд АН-д гомдол гарган, Х.Баттулгаас татгалзах бичиг өргөж байсан түүх бий. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн байдлаас харахад МАН, АН хоёр энэ тойрогт эн тэнцүү өрсөлдөх боломжтой.
Говь-Алтайн хоёр хүчтэй залуу МАН-ын өнөөгийн өнгийг тодорхойлоход хувь нэмрээ оруулж буй. Тэдний нэг Ц.Дашдорж Говь-Алтайд нэр дэвших эрх халаасалж, харин БХ-ын сайд Ж.Энхбаяр 28-ын жагсаалтын есөд бичигдсэн. Энэ нь тэдэнд хүч хавсран зүтгэх боломж олгож буй юм.
Гэтэл АН улс төрийн газрын зураг дээр үргэлжид улаанаар тэмдэглэгддэг энэ тойрогт ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсанг илгээв. АН замын дундаас буцаж, хамтарсан Засгийн газрыг орхих үед Б.Ариунсангийн шууд оролцоотойгоор бензиний үнэ нэмэгдсэн нь шуугиан тарьж амжсан. Шатахууны үнэ өссөн нь мах, гурил, барилгын материалын үнэ өсөх нөхцөл болж, Монголыг хамарсан үнийн хаврын хямрал эхэлсэн байдаг. Үүний улмаас Б.Ариунсангийн нэр хямрал мэт сонсогддог болсон нь нууц биш. Ялангуяа төвөөс 1000 км алслагдсан Алтайнхны хувьд үнийн энэхүү хөөрөгдөл гамшиг болон туссан билээ. Тэгэхээр Б.Ариунсанд найдлага үлдсэнгүй гэж хэлж болно. Бусад нам, хүчний хувьд МАН-ын нэр дэвшигчээс эмээсэн үү, Говь-Алтайд хүч хаяхаас зайлсхийжээ. МАН-ын нэр дэвшигчид илэрхий давамгайлж буй бас нэг тойрог Төв аймаг. УИХ-ын гишүүн, шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд нар намаа төлөөлөн Төв аймагт хурд авлаа. Хотын мээрээс эхлээд төрийн албанд өөрийгөө таниулсан М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг төлөөлж чадах хүчтэй улстөрч хэмээн олон хүн үнэлдэг. Ханилгаатай, хүн чанар сайтай гэж нөхөд нь үздэг юм билээ. С.Батболдын хувьд харьцангуй эртнээс улс төрд хөл тавьсан, чансаатай нэгэн. Монголын парламентын бас нэгэн содон дуу хоолой. Тйимээс ч МАН-ын бүлгийн дэд даргын албыг хариуцлагатай нь хамт үүрсээр иржээ. Тэдний нөгөө талд АН Г.Баярсайхан, Д.Доржпүрэв хэмээх олонд төдийлөн танигдаагүй, улс төрийн туршлагагүй нэр дэвшигчдийг сойжээ. Хүч тэнцвэргүй энэ байдал нь Төв аймгийн сонгогчдод МАН-аас өөр сонголт үлдээгээгүй нь нууц биш. М.Энхболд, С.Батболд хоёрын хувьд Төв сайхан нутгийнхны зүй ёсны төлөөлөл байсаар ирсэн нь давуу тал юм.
Үүнээс гадна олны сонирхлыг татсаар ирсэн тойрог бол яах аргагүй Хэнтий. Сонгууль бүрийн үеэр хэнтийчүүд монгол түмний хайртай их аварга, парламентад хэдэнтээ сонгогдсон хашир улстөрч Б.Бат-Эрдэнийг сонгох уу, үгүй юу гэсэн асуулт үргэлж сонин байдаг. Зүлэг ногоон дэвжээнээ өвдөг шороодоогүй их аварга улс төрийн тавцанд хэрхэн үнэлэгдэхийг нутгийн олон нь л мэдэх хэрэг. УИХ-ын гишүүн Н.Ганбямба хэнтийчүүдийн хувьд мөн л өөрийгөө таниулсан нэгэн. Түүний үнэн хийгээд тэрслүү дуу хоолой заримдаа төрөлх намаа ч “бодолд унахад” хүргэдэг. Тиймээс Н.Ганбямба үнэ цэнэтэй улстөрч. Энэ хоёр нэр дэвшигчийн ард Хэнтийд өндөр нэр хүндтэй У.Хүрэлсүх зогсож байхад ногоон гэрэл асаалттай гэж ойлгож болно. АН-аас “Монроуд” компаний захирал Б.Гарамгайбаатар, “Хутагт групп”-ийн захирал Б.Хүдэрбаатар нар Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нартай уралдааны замд тоос өргөнө. Тэд хоёул бизнесийн төлөөлөл. Улс төрд хөл тавих гэж эртнээс мөрөөдсөн. АН-аас тойрог авах гэж нилээдгүй хандив өргөсөн гэлцдэг. Хэнтийд нэр дэвших гэж сонгууль бүрээр мөрөөддөг С.Жаргал ИЗНН-аас энэ удаа нэр дэвшиж байгаа. Гэвч Хэнтийд өрнөх уралдаанд МАН жин дарах нь бараг л тодорхой болчихоод байгаа юм.
Анхаарлын төвд байсаар байгаа тойргоор Ховдыг нэрлэхэд буруудахгүй. Дөрвөн жил парламентад суусан хэрнээ улс төрийн үнэр ч үгүй Кекүшюзан Д.Батбаярыг АН энэ тойрогт гол хөзөр болгон дэлгэсэн. Түүнд төдийлөн олонд танигдаагүй, гаалийн байцаагчаар ажиллаж байх үедээ хөлжсөн гэх Б.Пүрэвбаатарыг дагалдуулсан билээ. Гэвч тэдний нөгөө талд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нарыг МАН нэрлэлээ. Кекүшюзан Д.Батбаяр 2008 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдон гарч ирэхдээ олон хүнийг Япон явуулж ажлын байраар хангана гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй. Эдүгээ Ховдод ч мөн энэ үлгэрээ яриад явааг үгүйсгэмгүй. Гэтэл С.Бямбацогт “Нью-прогресс” групп болон охин компаниудаараа дамжуулан олон хүнийг ажилтай болгон, улсад ч өндөр татвар төлдөг боловч даруухан нэгэн. Эндээс харахад С.Бямбацогтыг дэмжигчид Г.Нямдавааг мөн нэрлэх нь гарцаагүй. Тодруулбал Ховдод хүнийг нь харахаас гадна намд нь саналаа өгөх магадлал өндөр. Ийм тохиолдолд МАН-д дахиад л давуу боломж ирж буй юм. Кекүшюзан Д.Батбаярын Японд дуурсгасан нэр хүнд Монголд улстөрч болоход нь нэгэнтээ тусалсан. Хоёр дахь удаагаа хэрхэхийг хэлэхэд хэцүү. Хамгийн сонирхолтой өрсөлдөөн чимээлж буй тойргуудын талаар тоймлоход иймэрхүү. МАН-ын нэр дэвшигчдийн давуу байдлыг тус намын улс төрийн бодлогоор сонгосон “хурдан морьдынх” нь чансаанаас харж болох ажээ.