М.Энхболд намын жагсаалтад ороогүйн учир
Тойргийнхноосоо урваагүй М.Энхболдын энэ сонголтоос Төв аймгийнхан л хожно. Яагаад гэвэл тэр сонгуульд эрэмбэлэгдээгүй ч, асуудал шийддэг, шийдүүлдэг нөлөөлөл зангараг, туршлага нь нам дотроо хуучин эрэмбээрээ л үлдэнэ.
Энэ удаагийн сонгуулийн онцлог нь УИХ-ын 76 гишүүний 28-ыг намуудын авсан саналаар хуваарилж, 48-ыг тойрогт нэр дэвшигчдээс сонгоно. Жишээ нь, "А" нам нийт сонгогчдын 40 хувийн саналыг авлаа гэхэд дээрх 28 суудлын 11 нь тус намд автоматаар ногдоно. Харин энэ 11 суудалд хэнийг суулгахаа нам өөрөө мэдэж дотроо эрэмбэлэх учиртай. Энэ эрэмбийг лист буюу намын жагсаалт гэнэ. Намын нэрээр авах саналыг жагсаалтад багтсан 28 хүнийхээ нэр нүүрээр цуглуулна. Тиймээс нэр цэвэр, улстөрийн туршлагатай улсын хэмжээнд танигдсан, ер нь намынхаа магнайд туг болон намирах учиртай улстөрийн лидерүүд л намын листэд эрэмбээрээ жагсдаг. Сонгуулийн ийм тогтолцоотой улс орнуудад ч тэгдэг байна.
Намын даргын нэр хүнд бол тухайн намын рейтийнгийн тал нь. Энэ утгаараа парламентын засаглалтай улс оронд ялсан намын дарга гавьяагаа эдэлж Ерөнхий сайд болдог. Харин ялагдвал хариуцлагаа хүлээж огцордог нь бас л олон улсад хүлээн зөвшөөрсөн, дагаж мөрддөг сайн жишээ. Тэгэхээр намын дарга, намын удирдлагууд жагсаалтаа тэргүүлэх нь шударга бөгөөд зүй ёсны жишиг. Үүнийг сонгуульд орж байгаа манай бүх нам гажсангүй. МАН, АН-ын хувь сонгогчдын дунд халаас-ны байнгын 20 орчим хувийн рейтингтэй явдаг. Тэгэхээр энэ хоёр намын аль нь сонгуульд ялах нь л тодорхойгүй болохоос, нам тус бүрийнхээ жагсаалтын эхний тавд бичигдсэн хүмүүс УИХ-ын гишүүн болох нь тодорхой юм.Тийм учраас энэ сонгуулийн бас нэгэн онцлогийг намын дарга нар өрсөлдөхгүй ялж, бусад нь өрсөлдөж ялагдана гэж мушгин тодотгож болох. АН-ынхан эрэмбэ, чансаа гэхээсээ илүүтэй фракцуудын тохиролцоогоор 28-аа жагсаажээ.
МАН, АН-ын хувь сонгогчдын дунд халаас-ны байнгын 20 орчим хувийн рейтингтэй явдаг.
Фракцуудын тохиролцоо учраас намдаа ямар нэгэн албан тушаал хашдаггүй З.Энхболд намын удирдлагууд болох ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын дарга, бүлгийн ахлагчийнхаа өмнө эрэмбэлэгдэв. Яагаад гэвэл түүнд хүчтэй бүлэг байна. Фракцуудын тохиролцоо учраас л Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, улстөрийн хавьгүй их туршлагатай, АН-ын дарга байсан, энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Р.Гончигдорж хойш шидэгдэж жагсаалтын 9-д эрэмбэлэгджээ.Өөрөөр хэлбэл, улстөрчийн чансаа бус, фракцуудын хүчний тэнцвэр, хүний олноор л АН-ын жагсаалтыг эрэмбэлжээ гэмээр.
МАН-ын хувьд АН-ын нэгэн адил намын удирдлагууд нь жагсаалтын урдуур жагсав. Харин Шадар сайд М.Энхболдын сонголт нь тус нам 28-ынхаа жагсаалтад лидерүүдийнхээ чансаа, фракцуудын тохиролцоо хоёрын алийг илүүд үзсэн болохыг тодорхойгүй болгож байна. Уг нь намын жагсаалтын урдуур эрэмбэлэгдэх боломж түүнд бий ч, тэрээр тойрогт буюу Төв аймагтаа нэр дэвшжээ. Хэрвээ МАН 28-аа намд болон Засгийн газарт хашиж буй албан тушаалын эрэмбэ, эсвэл улстөрчийн чансаагаар эрэмбэлсэн бол намын дарга-Ерөнхий сайд Сү.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх гэж жагсах нь зөв. Тэдний араас бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, тэгээд дөрөвдүгээрт, эсвэл тав, ухарлаа ухарлаа гэхэд зургадугаарт Шадар сайд М.Энхболд байх бүрэн боломжтой.Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг, мань хүнд түүнээс хойш эрэмбэ үгүй. Яагаад гэвэл, тэр намын нарийн бичгийн дарга.Намын дарга Ерөнхий сайд байсан. Сүүлийн гурван ч Засгийн газар дараалан Шадар сайдын алба хашиж буй. Түүнд байгаа эдгээр давуу талууд нь эзнээ, М.Энхболдыгоо жагсаалтын эхний тавд багтааж дөнгөх л байв. Гэвч тэгсэнгүй.
МАН ч бас бүлэглэлтэй. Хэрвээ МАН 28-аа АН шиг фракцуудын тохиролцоогоор эрэмбэлсэн бол Шадар сайд М.Энхболд бүр ч урдуур жагсах байх. Яагаад гэвэл МАН-д хамгийн хүчтэй бүлэглэлтэй, хөлтэй нь М.Энхболд, У.Хүрэлсүх нар. Тэдний тэргүүлдэг Хотын бүлэг, Зүүний хүчний холбоо нь одоогоор МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн төвшинд хамгийн их жин дардаг. Гэтэл М.Энхболд нь байдаггүй.Харин ч хотын бүлгийн ахлагч нь хөдөө нэр дэвшжээ. М.Энхболд намын листэд урдуур жагсахад найдвартай УИХ-д сонгогдох ч, төрөлх Төв аймагтаа нэр дэвшвэл сонгогдох нь ч бас найдвартай гэж үзсэн бололтой юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Төв аймгийнхандаа илүү найдаж, итгэжээ. М.Энхболд сайн муу нэрийг аль алиныг сонсдог ч, улсын Ерөнхий сайд, том намын дарга, улсын нийслэлийн Засаг дарга байсан гэдгээрээ хүссэн хүсээгүй Монголын хэмжээний улстөрч. Намын жагсаалтад багтаж парламентад сонгогдвол тэр бас л улсын хэмжээний УИХ-ын гишүүн болох байлаа.Гэвч тэр тойргоос, нэг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн байхыг илүүд үзэв. Гэхдээ тойргийнхноосоо урваагүй М.Энхболдын энэ сонголтоос Төв аймгийнхан л хожно. Яагаад гэвэл тэр сонгуульд эрэмбэлэгдээгүй ч, асуудал шийддэг, шийдүүлдэг нөлөөлөл зангараг, туршлага нь нам дотроо хуучин эрэмбээрээ л үлдэнэ. Тэр бүгдээ Төв аймаг, тойргийнхныхоо төлөө зориулнаа л гэсэн үг. Амиа бодож намын нэрний ард нуугдан өрсөлдөхгүйгээр ялахыг бус, аймаг орныхноо төлөө өрсөлдөж сонгогдохыг илүүд үзсэн ийм сонголт тангарагтай, алсын хараатай улстөрчөөс л гарна.Аливаад хүлээцтэй, асуудлыг зохицуулж шийддэг ноён нуруу, цөөн үг, цөлх ухаан нь М.Энх-болдын зангарагийг харуулдаг. Ерөнхий сайдаас огцорсны нь дараа АН-ын нэгэн лидер "М.Энхболд оо, чи Ерөнхий сайдаар ажиллах богино хугацаандаа улстөрчийн хувьд үнэхээр өслөө. Өрсөлдөгч намын маань Засгийн газар огцорч байгаа нь улстөрийн хувьд сайхан ч, ирээдүйд манай намын хамгийн том "дайсан"-ыг бид өөрсдөө бэлтгэсэн нь харамсалтай" гэж байсан нь түүнийг АН-д онцгойлон онилогдсон МАН-ын цөөхөн улстөрчийн нэг болохыг илтгэдэг. Энэ бүгдээс харвал Шадар сайд М.Энхболд тойрогт нэр дэвшсэн хэдий ч, өрсөлдөгч намдаа онилогдсон, Төв аймагтаа өмчлөгдсөн Монголын хэмжээний улстөрч мөн билээ.