Сонгогдох эрхийг хязгаарлая
2012.06.06

Сонгогдох эрхийг хязгаарлая

Үндсэн хуулиар Монгол Улсын 2,7 сая иргэн бүгд сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч бидний дундаас тун цөөхөн нь буюу нэг намаас ердөө 76 иргэн л УИХ-д нэр дэвших эрхээ эдэлдэг. Харин бусад нь сонгох эрхээ эдлэхээс цаашгүй. Гэхдээ өөрийнхөө өмнөөс төр барих эрхийг бусдад шилжүүлнэ гэдэг чамгүй том аз завшаан. Мэдээж олонхийн саналаар ялалт байгуулсан УИХ-ын гишүүн нь өөрөө зөв шударга хүн байвал шүү дээ. Харамсалтай нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигдийн дунд хуулийг гууль болгож, сонгогчдыг шоглоос болгон харж буй тэрслүү үзэлтнүүд олон байгаа аж. Үүни


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, гавьяат хуульч С.Нарангэрэл. Монголын хуульчид дундаа Эрүүгийн хуулийн “эцэг” хэмээн нэрийддэг түүнд хуулиас илүү сайн мэдэх зүйл гэж үгүй. Хуулийг жирийн иргэд үг, үсгээр нь ойлгохыг аяддаг бол С.Нарангэрэл хуульчийн хувьд бараг л эгшиг, гийгүүлэгчийнх нь тоогоор мэдэх учиртай. Тийм ч учраас хэвлэл, мэдээллийнхэн хуультай холбоотой ээдрээтэй асуудал үүсэх бүрт С.Нарангэрэл эрхмээс асуудаг. Ингэж олны дунд хүлээн зөвшөөрөгдөж ирсэн гавьяат хуульч маань өнөөдөр Сонгуулийн тухай хуулийг хууль биш болгон хувиргаж байна. Уг хуульд “Хэрэв төрийн албан хаагч УИХ-д нэр дэвшихээр шийдсэн бол 2012 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд ажлаа хүлээлгэн өгөх ёстой” гэсэн утгатай заалт бий.

С.Нарангэрэл хуульчийн хувьд энэ тухай мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч тэр мэддэг бүхнээ мэдэхээ байчихсан мэт жүжиглэхээр шийдсэн бололтой. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын хувиар УИХ-д нэр дэвшихдээ зөвхөн ганцаараа бус олуулаа хууль зөрчиж байгаа нь сонин. ШУТИС-ийн багш С.Авирмэдийг араасаа дагуулчихаж. Тэд хамтдаа МАХН болон МҮАН-ын байгуулсан “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа.

Гэхдээ С.Нарангэрэл нь Монгол Ардын намын Бага хурлын гишүүн. Намынхаа батлахыг албан ёсоор буцааж, өгч гишүүнчлэлээс нь хасуулаагүй хэрнээ “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн нь сонин. Эндээс харахад “Шударга ёс” эвсэл өөрсдийн хууль бус санаачилга, хууль бус үйлдлээ олонд хүлээн зөвшөөрүүлэхээс илүүтэй улс төр хийж тоглохыг хүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Сонгуулийн тухай хуульд “27 нас хүрсэн иргэн цэргийн алба хаасан тохиолдолд УИХ-д нэр дэвших эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Гэтэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар 25 настай, цэргийн алба хаагаагүй нэгэн. Энэ тохиолдолд УИХ-д нэр дэвшихгүй гэсэн үг. Гэсэн ч дээр хэлсэнчлэн “Шударга ёс” эвслийнхэн Сонгуулийн ерөнхий хороог “Нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй” гэх шийдвэр гаргахтай зэрэгцээд хэвлэлд хандаж мэдэх юм. “Монголын төр шударга иргэдийн эрхийг хаслаа. Энэ сонгууль шударга бус болох нь тодорхой боллоо” гэх мэдэгдлийг хийх нь ч гарцаагүй. Энэ бол тэдний улс төр хийх арга.

Дараагийн ээлжинд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Монголын үндэсний олон нийтийн телевизийн гүйцэтгэх захирал Ц.Оюундарийн асуудал байна. Мөн л энэ оны нэгдүгээр сарын 1-нд багтаан ажлаа хүлээлгэж өгсөн байх учиртай. Гэтэл Ц.Оюундарь захиралд ашигтай албан тушаалаасаа салах зориг байгаагүй атлаа Монгол Улсын хуулийг уландаа гишгэх зориг гаргаж чадсан нь сонин. Энэ бүхнээс харахад УИХ-д нэр дэвшигчид санамсаргүй гэхээс илүүтэй санаатайгаар хууль зөрчиж байна.

Энэхүү хууль бус үйлдлээсээ ичиж айж байгаа нэр дэвшигч ч гэж алга. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгогдох эрхийг хязгаарлая. Ял эдэлж байгаа хоригдол УИХ-д нэр дэвшихгүй нь бол ойлгомжтой. Үүн дээр нэмээд сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авахыг завдсан, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн эдэлсэн, мэдсээр байж хууль зөрчдөг нэр дэвшигчийг энэ насандаа УИХ-д нэр дэвших боломжгүй гэсэн заалтыг Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгье.

Тэгэхгүй бол гавьяат хуульч С.Нарангэрэлийг дагасан хуулийг гууль болгогчдын арми жил, жилийн сонгуулиар өргөжсөөр байх нь тодорхой боллоо шүү дээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.