2012.06.06
Зардлаа хэтрүүлсэн нэр дэвшигчийг 2.16 сая төгрөгөөр торгоно
УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хорооноос батламж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч ерөнхийдөө дууссан. Харин тэд өнөөдрөөс сонгуулийн кампанит ажлаа эхлэх гэж байна.
Нэг ёсондоо сонгууль хэмээх их мөнгөний уралдаан албан ёсоор эхэлж байгаа нь энэ юм. Сонгуулийн ерөнхий хорооноос тойрогт өрсөлдөж буй нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг өнгөрсөн хоёрдугаар сард тогтоосон. Үүний дагуу УИХ-ын 2012 оны сонгуульд 76 хүнээ сойхоор шийдсэн нам, эвсэл сонгуулийн сурталчилгаандаа дээд тал нь есөн тэрбум 63.7 сая төгрөг зарцуулах эрхтэй билээ.
Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлынхаа зардлыг үүнээс хэтрүүлж болохгүй гэсэн үг юм. Нам, эвслүүд дээрх хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаа, сонгогчидтой хийх уулзалт, шуудан холбоо, бичиг хэрэг, томилолт, тээвэр, шатахуун, цалин хөлс, урамшуулал зэрэгт зарцуулах учиртай ажээ.
Ямартай ч УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа дуусах өдөр хүртэл 77-377 сая төгрөгийг тойрогтоо зарцуулах эрхтэй. Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Чингэлтэй зэрэг нийслэлийн дүүрэгт нэр дэвшиж байгаа эрхмүүд 255-377 сая төгрөг зарцуулах эрхтэй бол Увс, Төв, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймагт нэр дэвшиж байгаа хүмүүс үүнээс 2-3 дахин бага мөнгө зарцуулах эрхтэй юм.
Нэг нэр дэвшигч ийм хэмжээний мөнгөөр сонгуулийн кампанит ажлаа хийх бол мажоритари 26 тойрогт 48 гишүүнээ, пропорционалиар 28 гишүүнээ жагсаах нам, эвсэл сонгуулийн сурталчилгаа хийх нэг сарын хугацаандаа нэг их наяд орчим төгрөгийг улс орон даяар цацаж таарахаар байна. Гэхдээ энэ бол Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тоо төдий. Учир нь нам, эвсэл, нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дээрх мөнгөнд тааруулж сонгуулийн кампанит ажлаа хийх эсэх нь эргэлзээтэй.
Сонгуулийн тухай хуульд "Сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно" хэмээн заасан. Харин нэр дэвшигчдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ажээ.
Нэг ёсондоо сонгуулийн зардлаа есөн тэрбум 63.7 сая төгрөгөөс хэтрүүлсэн нам, эвслийг 2.8 сая төгрөгөөр, нэр дэвшигчийг 2.16 сая төгрөгөөр л торгохоор байна. Тэгэхээр нэр дэвшигчид иргэдийн саналыг авахын тулд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зардлын дээд хэмжээг хэтрүүлэхэд айгаад байх зүйл алга бололтой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.