2012.06.05
"Саналын хуудсыг энэ сарын 8-наас хэвлэж эхэлнэ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжаваас УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбоотой зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн зарим намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан талаар мэдээлсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
-МАХН-МҮАН-ын эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нам, МУНН, МСДН зэрэг намын зарим нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг түр хойшлуулсан байгаа. Дээрх нам, эвслүүдээс тодруулга авсны дараа бүртгэх эсэхийг шийдэхээр болсон. Тухайн нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдсөн эсэх, нэр дэвшигчдийг сонгох үеэр олонхийн санал авсан эсэх гэх мэт асуудлаар тодруулга авах юм. Зарим намын материалаас харахад олонхийн санал аваагүй хүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн зөрчил байна. МУНН, МСДН-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэй байна гэсэн заалтыг биелүүлээгүй. Зөрчлөө арилгаад материалаа дахин ирүүлэх боломж нь нээлттэй байгаа.-Нэр дэвшигчидтэй холбоотой гомдол, санал хэр олон байна?
-Нэр дэвшигчидтэй холбоотой гомдол, санал ирж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гаргасан зүйл алга. Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Г.Батхүү, Д.Зоригт болон МАХН-аас намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа Э.Батшугар нартай холбоотой гомдол ирсэн байна. Гомдлыг хорооны хурлаар хэлэлцээд тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хуулийн үндэслэл байхгүй бол бүртгээд явж байгаа.-Энэ сонгуулиар гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг анх удаа авахаар болсон. Одоогоор хэдэн иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд байна вэ. Иргэдийн идэвх ер нь сул байна, тийм үү?
-Одоогийн байдлаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа 4200 иргэн сонгуулиар саналаа өгөхөөр бүртгүүлсэн гэсэн албан ёсны мэдээлэл байна.-Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн нэрсийг хэзээ албан ёсоор зарлах вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нийт нэр дэвшигчдийн нэрсийг зарлана. Гэхдээ хуулийн хугацаа нь хараахан болоогүй байна. Тойргийн хороодоос ч мэдээллээ ирүүлж дуусаагүй байгаа. Үүний дараа албан ёсоор нийтэд зарлах юм.-Нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарласны дараа саналын хуудсыг хэвлэх үү?
-Тийм. Тойрогт нэр дэвшигчдийн нэрс удахгүй тодорхой болно. Үүний дараа тэдний нэрсийг саналын хуудсанд оруулж, саналын хуудас хэвлэх ажлыг эхэлнэ. Энэ сарын 8-аас хэвлээд эхэлчих болов уу.-Санал тоолох машины тухайд?
-Санал тоолох машинуудыг оруулж ирж үндсэндээ дууссан. Автомат машинуудыг шалгаж, хүлээж авах тестийн ажиллагаа ч дуусаж байна. Саналын хуудас хэвлэх ажилтай хамтатгаад санал тоолох машинуудад холбогдох программуудыг суулгах юм. Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүртгэлийн компьютеруудад холбогдох программыг нь суулгаж байгаа. Программ суулгахын зэрэгцээ сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр суулгах ажлыг хийж байна.-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой санал гомдол гарч байгаа болов уу?
-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягтлах, хөдөлгөөнгүй болгох ажил байгаа. Зарим хэсгүүдийн зохион байгуулалтыг шинэчлэх, өөрчлөх саналыг ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс гаргаж байгаа. Үүнтэй уялдуулан нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа.-Энэ сонгуулиар сонгогчийн үнэмлэх тараахааргүй болсон. Тэгэхээр иргэд чухам юуг анхаарах ёстой бол?
-Иргэдийн хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр, хаяг нь бий эсэх, нэр нь зөрж байгаа үгүйг нягталж шалгах ёстой.-Сонгуулийн санал авах өдөр сонгогчдын нэр, овгийн үсэг зөрөх гэх мэт зөрчил илэрвэл яах вэ?
-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал авах өдөр сонгогчдын нэрсийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий. Санал авах өдөр сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой аливаа гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн орчин байхгүй гэсэн үг. Иргэн энэ талаарх гомдлоо сонгуулийн санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой юм.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.