Намчирхах, нутгархах бүр хэрэггүй биш
2012.06.04

Намчирхах, нутгархах бүр хэрэггүй биш

Сөхсөн сэдэв болгонд мунхагаар ханддаг явдлыг их өөгшүүлэх юм. Улам боловсронгүй болоод байгаа нийгмийн ээдрээг тайлахаас төвөгшөөдөг, угаасаа боловсрол нь гүйцэхээсээ өнгөрсөн нөхдүүд ихэвчлэн туйлширдаг.

Энэ зунжингаа хөөрөлдөх сэдэв бол сонгууль, дараа нь наадам тэгээд олимп гэхчилэн үргэлжлэх бизээ. Юм болгоныг зөрж эсвэл давж ярьж байж санаа амардаг манай араншин нэгнийгээ их эвдэнэ.

-Аа энэ муусайн намууд аль нь ч хэрэг байхгүй. Авгай нөхөр хоёр хүртэл талцаад юу болж байна вэ та минь гэмэгц намчирхадаггүй шудрага сайхан хүмүүс гараад ирж байна. Мөн эсрэгээр зангиатайгаа орондоо орох нь холгүй намын хэнээтнүүд ч бий. Аль алиныг нь зөв буруу гэлгүй бөөрөнхийлөх бас хаашаа. Бидний сэтгэлгээ бодит байдлыг голж , жирийн байж чадахаа больсонд хамаг учир оршино.

Ухамсарт бүх амьдралаа намтай холбож өвчигнөхгүй ч сонгууль эхэлж буй энэ сардаа улс төржих нь буруу биш. Улс төр ярьж болохгүй хэдхэн субьект л бий. Бусад нь одоо ярихгүй хэзээ ярих юм. Амтай болгон намуудыг зүхсээр байгаад арван хэдэн хувийн санал авах улс төрийн хүчин байхгүй болох нь байна шүү. Ингээд ирэхлээрээ "Нэг сайн хүн" хайж олцгоодог. Путин, Каддафи, Назарбаев шиг сайн хүмүүс төрөх суурь сэмээрхэн тавигдсаар л байна. Одоогийн байдлаар сум орон нутагт нам энээ гэрээ гэдэггүй сайн Засаг дарга эрэлт ихтэй болчихож. Манай хөрш хоёр орон хэлбэр төдий баахан намуудтай хэрэг дээрээ нэг нөхөр бүхнийг атгаж суудаг. Том орны удирдагчийг дээрэлхэх боломжгүй тул тэр нь ч зөв биз. Манай хувьд ард нь шавгилдсан намын нөхдүүдтэй, хажууд нь барьж идчихээ алдсан сөрөг хүчинтэй, зовлонгийн далай удирдагч байг л дээ. Авлигачин, рекетчингийн өөдөөс "Хам нь даанч ганцаараа шийдэх эрхгүй л дээ. Наадахаа манай намтай тохирчихооч. Уг нь гайгүй ш дээ. 160-хан мянган хүнийг аргалаад л болоо" Сонгуулийн мажиратор дээр нутгийн хүүгийн нуруу аль хэр тухай яриа байна. Гэхдээ Улаанбаатараас бусад тойрог дээр нутгийн бус нэр дэвшигч байдаггүй. Нутгархал нь намаас дутахгүй хамтлаг мэт боловч ихэнх нь шал худлаа байдаг. Албан байгууллага, яам тамганд итгэл хүлээлгэхээр нутгийнхнаараа дүүргэчихдэг ичгүүр сонжуургүй нөхдөөс болж үндэстэн ястанаараа ад үзэгдэх тохиолдол ч гардаг боллоо. Одоо нутгийнхан дэргэдэхээ ад үзэн тэнд амьдрахаа больсон, амьдрах ч үгүй нөхдийг даган хөлөө хугалчих шахдаг үе. Гэхдээ чин сэтгэлээсээ нутаг ус төдийгүй албан байгууллагад элэгтэй өөриймсөг хүмүүс цөөн боловч үргэлж тохиолддог. Тийм хүмүүс хэн ч шахаж шаардаагүй, амлаж хөлслөөгүй байхад өөрсдөө санаачлагаараа чимээгүй ажлаа хийгээд явж байдаг. Байгууллагад хичнээн үнэнч байсныг дарга нь огт мэдээгүй өнгөрсөн тохиолдол зөндөө бий. Энэ мөн л хоёр тийш туйлшрахгүй сэдэв юм.

2008 онд Төв аймагт нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд УИХ-ын ба Засгийн газрын гишүүн болсон. Намын дарга, Ерөнхий сайд ч байлаа. Тэрээр их ажлын хажуугаар зав л гарвал аймгаараа орж жижиг гэхгүй байнга л "юм зууж ирсэн" байх юм. Хот ба төрд өөрийн тойрон хүрээлэгч гээд "Шанаган тав"-ынхныг шавуулсан юм харагддаггүй. Ер нь тэр болгон телевиз, сонин хэвлэлээр гараад байдаггүй, байгаа үгүй нь мэдэгдэхгүй сонин хүн. Төв аймагт 27 сум болон бусад амралт сувилал, аялал жуулчлалын газар, уул уурхай, газар тарианы бригад гээд орж барахааргүй олон суурин байдаг. Тэр бүгдэд тохирсон худаг, мал, компьютер, сургууль, одон медаль, машин техник, жижигхэн үйлдвэр, ном судар хүртэл сэмээрхэн зөөчихсөн байгаа, юм даа. Төр засаг төсөв энэ тэрд хүндрэл чирэгдэл учруулан Төв аймгийг илүү харж үзлээ гэсэн хэл ам төдийлөн гарсан санагддаггүй. Одро эргээд харсан чинь юу вэ. Төв аймгийн хойд талын хэдэн том сумдад хар зам тавихаар болчихсон газар шорооны ажил нь дундаа ороод явж байна. Босоо хэвтээ чиглэлээр сунаж байгаа засмал зам явдагаараа явж байгаа ч зэрэгцээд сумын зам тийм чухал байсан уу? Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал бариулах шийдвэр гаргахад Шадар сайдыг ихээхэн нөлөөлсөн гэдэг юм билээ. Түүнд хөл болдог орон нутгийн намын байгууллага нь мөн ч айхтар ажиллатаатай. Бүр үнэн сэтгэлээсээ тэр намынхаа төлөө зүтгэж ёстой л эс ширхэг бүр дээр тулж очоод байх шиг байгаа юм. Уг нь М.Энхболд энэ сонгуулиар намынхаа жагсаалтад заларч зүгээр сууж байгаад гишүүн болох бүрэн боломжтой. Тэрээр хоёр дахь удаагаа Төв аймагт нэрээ дэвшүүлэхээр шийдсэн харагдана. Ж.Самбуугаас хойш анх удаа төрийн өндөр албан тушаалд очсон М.ЭнхболддооТөв аймгийнхан багагүй сүжирч, айхтар нутгархдаг болсон байна. М.Энхболд ч зориуд нутгаа сонгож буй нь намын даалгавар гэхээсээ элэг тийшээнх юм.

Улаанбаатарын зуслангийн хашааны хажуунаас Төв аймаг нь, Бага хангай дүүргийн дэргэдээс Баян сум нь эхэлдэг болохоор бусад аймгийнхныг бодвол нутгаа орхиод явчихсан гэх хэл амгүй нь сайхан юм даа.

Монгол хүний хамгийн нийтлэг шинж төрх, зан үйлээрээ бусдад загвар болдог энэ нутаг жалга довны гаж үйлгүй. Өөрөөр хэлбэл энд нутгархах нь бусдад эерэг хандлага авчрах олон ач холбогдол бий.

Цагийн юм цагтаа зохимжтой. Сонгуулийн маргаашнаас эхлэн хэвийн амьдралдаа хурдан шилжиж намчирхдаг, нутгархдаг зангаа мартаж хэвшицгээнэ бизээ. Манай зарим нөхөд хөлбөмбөгийн солиотой фенүүд шиг сонгуулийн дон тусчихдагтал бий. Тэгээд ч удахгүй морьдоо барилж, наадмаа ярих цаг залгана даа.

Эх сурвалж:Өдрийн сонин 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.