Ж.Сүхбаатар: Бид шүүмжлэгчдээс илүү ихийг хийж чаддаг
2012.05.29

Ж.Сүхбаатар: Бид шүүмжлэгчдээс илүү ихийг хийж чаддаг

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.
-УИХ-ын сонгуульд нэр дэвших батламжаа гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд  Дарханчуудад амласан амлалтаа хэрхэн биелүүлэв?

-Миний хувьд энэ удаагийн УИХ-д хамгийн залуу гишүүн болж, МАН-аас нэр дэвшин Дархан Уул аймгийнхаа итгэлийг хүлээн ажиллаа. Харин өнөөдөр дараагийн сонгуульд өрсөлдөх батламжаа авч байна. Өнгөрсөн сонгуульд би өөрийнхөө хүчийг дайчилсан, сонгогчиддоо амалсанчлан залуучуудынхаа хүчтэй дуу хоолой нь байж шударга ёсны төлөө өөрийгөө зориулан, монгол төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж УИХ-д орж байлаа. Түүнийхээ төлөө би чадах чинээгээрээ ажилласан. Багагүй ажлыг хийсэн, мөн хийх ёстой олон зүйл миний болоод УИХ-ын өмнө үлдсэн. Өнгөрсөн дөрвөн жил миний сайн хийж чадсан, сайн сайхан бүхэн сонгогчдын минь итгэлийн ач юм.  Ер нь улстөрч хүний баттерей гэж байдаг бол миний эрч хүч чадлын их ундарга Дарханчуудын минь итгэл дэмжлэг байсан. Тиймээс дараагийн сонгуульд орж энэ итгэлийг дахин хүлээж, зүтгэх болж байна. Дарханчууд маань урьдын адил надад итгэлээ үзүүлвэл би зүтгэхэд бэлэн.

- Тэгвэл ирэх сонгуульд та ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?

- МАН-ын хамт олон, бага хурал, намын гишүүд дэмжигчид намайг дэмжиж дахин өрсөлдүүлэхээр илгээлээ. Би энэ итгэлийг дааж ажиллахын төлөө сонгуульд орно. Би өөртөө нэг зүйлд итгэлтэй байна. Сонгогчдынхоо чихийг халууцуулан, хулгай луйвар, элдэв шударга бус зүйлд орооцолдож байгаагүй Цаг зав, бүх л хүчийг сонгуулиар надад өгсөн Дарханчуудынхаа итгэлийг даахын тулд ажилласан. Мөн Дарханыхаа зааг захиргааг дэмжин, тэдэнтэйгээ олон ажлыг хийж чадсан гэж хэлэх байна.

- Ардын нам ирэх сонгуульд ялна гэдэгтэй хэр итгэж байна?

- Улс орны эдийн загийг үсрэнгүй хөгжүүлэх гараан дээр ирсэн энэ үед манай нам сонгуульд орж байна. Мэдээж аливаа шинэчлэл гэдэг сайн сайхан зүйлийг авч ирэхийн төлөө байдаг ч өөрөө багагүй сорилт бэрхшээлийг дагуулж байдаг. Манай намын хувьд өөрийгөө шинэчлэн өөрчилж байгаа, улс орныхоо ачааны хүндийг үүр ч чадна гэсэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энэ сонгуульд орж байна. Бид энэ бүхнийг даван туулж чадна. МАН ард түмэнтэйгээ ирэх сонгуульд орж байгаа. Олон аавын хүү, ээжийн охин, нам эсвэл өрөлдөнө. Гэхдээ манай намын давуу тал нь тулгатай, тулхтай байдаг. Ер нь аливаа ажлыг ганц хүн хийж бардаггүй. Бидэнд цөөнгүй алдаа дутагдал гардаг, мөн тэр хэмжээгээрээ шүүмжлүүлдэг. Гэхдээ бид тэр шүүмжлэлээс илүү ихийг хийж чаддаг нам. Биднийг яаж ч хэлж байсан манай нам л энэ улс орны тусгаар тогтнолыг авч ирсэн. Бид шүүмжлэлээс эмээхгүй. Шүүмжлэл гэдэг биднийг сайн ажиллаасай гэдгийг сануулга гэж бодож байна. Харин тэр сануулгыг нь бид хүлээн авч чадна. Бид хийсэн ажил хэлэх үгтэй . Тиймээс энэ сонгуульд итгэл дүүрэн орж байна.

- Энэ удаагийн УИХ сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж, холимог системтэй болголоо. Багагүй цаг хугацаа заран, олон талын зөвшилцөлхэлэлцээрийг хийн байж хүрсэн үр дүн. Таны хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гэдэг үүднээс энэ бүхэнд хамаг цаг хугацаагаа зарцуулсан байх?

- 2008 оны сонгуульд хувь хүний биш намын мөрийн хөтөлбөрөөр орж байсан. Энэ утгаараа МАН мөрийн хөтөлбөрөө ямар арга замаар, хэрхэн яаж биелүүлсэн бэ гэдгээ энэ сонгуульд танилцуулна. Харин хувь хүний зүгээс миний барьсан чиг шугам бол Дарханчуудынхаа хүчтэй дуу хоолой нь болж, шударга ёсыг тогтоохын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ биелүүлсэн. Би өөрөө жирийн жирийн айлын хүүхэд Дарханд төрсөн жирийн монгол айлын хүүхэд олон түмнийхээ итгэлийг хүлээж байгаа нөхцөлд, тэр итгэлийг нь хөсөрдүүлэхгүй төлөө л байсан. Таны хэлсэнчлэн би төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд авилгатай тэмцэх, шудрага ёсыг тогтоох, Монголд 20 жил ярьсан сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа сайжруулах багц хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах зэрэг олон зүйлд  дээр хувь нэмрээ оруулж чадсан даа баяртай байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.