
Шинэ хууль батлалцахад оролцсон УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Н.Энхболд нар эдүгээгээс 20 жилийн өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож явсан УИХ-ын гишүүдэд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс гадна УИХ-ын 12 гишүүн 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд тэдний нэлээд хэд нь Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан аж.
УИХ-ын удирдлагууд ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж явсан УИХ-ын эрхэм гишүүдэд Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлэн, дурсгалын тэмдэг гардуулж, мөн дурсгалын зураг татууллаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн З.Алтай, Х.Бадамсүрэн, Д.Балдан-Очир, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Л.Болд, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Р.Раш нар Шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцжээ.