Төлбөрийн системийн шинэчлэлийн төслийг Байнгын хороо дэмжлээ
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.
2013.07.02

Төлбөрийн системийн шинэчлэлийн төслийг Байнгын хороо дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.07.02/ хуралдаанаар Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөв.

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банк, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэхээр Зээлийн гэрээ, холбогдох баримт бичгийг боловсруулаад байгаа ажээ.

“Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл нь хэрэглэгчдийн бүх давхаргад тохирсон, харилцан ажиллах чадвартай, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох зорилготой юм байна.

Төслийг хэрэгжүүлснээр цаасан төлбөрийн хэрэгслийг халж, цахим төлбөрийн хэрэгсэл рүү шилжин өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болно.

Төслийг хэрэгжүүлснээр цаасан төлбөрийн хэрэгслийг халж, цахим төлбөрийн хэрэгсэл рүү шилжин өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болох юм байна. Түүнчлэн банкны үйлчилгээ авахад иргэдийн цаг хугацааг хэмнэх, санхүүгийн харилцааны бүс нутгийн байршлын ялгааг арилгах ач холбогдолтой юм байна.

Төсөл хэрэгжсэнээр ямар эерэг үр дүнд хүрэх вэ гэсэн гишүүдийн асуултад Ажлын хэсгийн зүгээс Монгол Улс бэлэн мөнгөний бус цахим төлбөр тооцоонд шилжсэнээр далд эдийн засаг ил болох ач холбогдолтой хэмээн онцолсон юм.

Иргэд хаана байгаагаасаа үл хамааран банкны үйлчилгээнд хамрагдан цаг заваа хэмнэдэг болохоос гадна мөнгө угаах болон бусад гэмт хэрэгтэй тэмцэхэд шууд үр ашгаа өгөх ажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн гэрээний төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.