Статистикийн хуулийг анхны хэлэлцүүлгээр батална
УИХ-ын чуулганы хуралдаан
2013.07.03

Статистикийн хуулийг анхны хэлэлцүүлгээр батална

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай “ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нийт 349 асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар санал ирүүлжээ.

   Улс орныхоо хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх асуудал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, бүс нутгийн хөгжлийн бодлого, 2014 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл зэрэг асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүйн шалтгаан, хэлэлцэх асуудлын эрэмбэ дарааллыг хэрхэн тогтоосон зэрэг асуултыг зарим гишүүн тавьж хариулт авав. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоолын хэрэгжилт ямар байгаад үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг УИХ-ын зарим гишүүд гаргаж байв.

  Ингээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 35 нь буюу 70 хувь нь дэмжиж батлагдлаа.

   Үүний дараа Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан байна.

  Энэ төслийг гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нар санаачилжээ. Хуулийн төсөлд Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутамд хийхээр тусгажээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах Байнгын хорооны горимын санал дэмжигдэв.