З.Баянсэлэнгэ: Үндэсний бөхийн даваа бүрийг алгасахгүй үздэг
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ
2013.06.28

З.Баянсэлэнгэ: Үндэсний бөхийн даваа бүрийг алгасахгүй үздэг

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцсанаа хүргэе.

-Та саяхан “Монгол костюмс" төв дээр дээл эахиалж байгаа харагдсан.. Наадмаар өмсөх дээл тань байсан уу?

-Дээлээ захиалсан маань үнэн. Гэхдээ наадмаар биш ажилдаа өмсөх гэж л дээл оёулсан.

Яг одоогоор би сонгуулийнхаа уур амьсгалаас хараахан гарч амжаагүй л байна. Гэхдээ манайхны хувьд хамгийн ач холбогдолтой баяр бол Цагаан сар, наадам байдаг. Үндэсний их наадам түүхэн гэдэг утгаараа хувьдаа ихэд ач холбогдол өгдөг ч хэрхэн тэмдэглэх талаар төлөвлөсөн юм алга. Ер нь наадмыг гэр бүлийн хүрээнд л тэмдэглэх дуртай. Аав, ээж маань өндөр настай. Тиймээс аль болох наадмаар сайхан баярлуулъя, хамтдаа байх гэж хичээдэг.

-Баяр наадмаар ихэнх эзэгтэй нар гарын хуушуураараа гэртээ ирсэн зочдыг дайлдаг. Харин энэ өдөр танай ширээний гол чимэг нь юу байдаг вэ?

-Би хорхог хийх дуртай. Миний хийсэн хорхогонд манай гэр бүлийнхэн, тэр тусмаа Бельгид байдаг ах маань их дуртай. Хийсэн салатыг маань идэх гэж аягаа барьчихаад хүлээж суудаг байсан нь санаанаас ер гардаггүй. Мэдээж төрөл бүрийн салатаар ширээгээ чимдэг дээ.

-Өнөө жил наадмын нээлтийн ёслолд оролцоно биз?

-Наадмын нээлтэд оролцоно. Өнгөрсөн жил УИХ-ын шинэ гишүүн гэдгээрээ бүх юманд сонирхож, оролцсон. Өнөө жилийг тэр үетэйгээ харьцуулахад арай туршлагажаад байгаа.

-Тэгвэл таны сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай наадам гэвэл хэзээнийх бол?

-Наадам болгоноор аав хүүхдүүдээ дагуулаад, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрдог байсан. Нэг удаа бидэнд мөхөөлдөс аөч өгөх гэж оочерлож байгаад, аав түрүүвчээ суйлуулсан. Тэрэнд нь харамссан би зөндөө уйлсан. Намайг уйлсанд санаа нь зовсон уу аав аргадах гэж тэрүүхэндээ бөөн юм болж билээ. Тэрний дараа жилийн наадмаар ээж надад урт, шар өнгийн банзал оёж өглөө. Өнөөхөө өмсөөд, аавынхаа "Волга-21” автомашины ард зогсч байтал, гэнэт хаазлаад өмссөн банзал маань тэр чигтээ тос болж, би бас л уйлж, гэрийнхнээ сандаргасан даа. Одоо бодоход ихэд хөгтэй санагддаг юм.

-Хурдан морь, сур, шагайн харваа, үндэсний бөхийг хэр сонирхдог вэ?

Соёолонгийн тоосонд даруулах нь манай гэр бүлийн тогтсон дэг жаяг байгаа юм.

-Үндэсний бөхийн даваа болгоныг алгасахгүй үзнэ шүү. Соёолонгийн тоосонд даруулах нь манай гэр бүлийн тогтсон дэг жаяг байгаа юм. Соёолонгийн тоос тэр жилдээ л хүндээ аз, хийморийг бэлгэддэг учраас очиж, хөлнөөс нь адис авдаг. Харин сур, харвааг нэг их сонирхож, үзээд байдаггүй.

-Таныг өнгө өнгийн дээлтэй гэх юм билээ. Өнөө жилийн наадмаар ямар дээлээр гоёх гэж байна?

-Эмэгтэй хүн, дээр нь төрийн түшээ хүн гэдэг утгаар өөртөө анхаарал тавина. Гэхдээ үнэтэй брэнд энэ тэр гэж би амьтан хүнтэй уралддаггүй, Надад тийм боловсрол, ёс зүй ч байхгүй. Зөвхөн үндэсний дээлээрээ гоёж, төрийн танхимдаа хүндэтгэл үзүүлж байгаа маань энэ. Надад олон дээл бий. Дандаа тод өнгийн дээл өмсөх онцгүй санагдаад, саяхан цайвар өнгийн дээл оёулсан. Өнөө жилийн наадамд зориулж, нөхөр бид хоёр дээл оёулахаар болж байгаа. Манай хүнд дээл их гоё зохидог юм.

-Дээлний үнэ ханшийг сонирхов уу. Ойролцоогоор үнэ нь хэд болохоор байгаа вэ?

-Анх УИХ-ын гишүүнд болж, тангараг өргөхдөө өмссөн дээлээ би 350 мянган төгрөгөөр оёулсан. Харин энэ жилийн наадмын гангараагаа хувь хүнээр л оёулахаар төлөвлөсөн. Хааяа зах гарахаар дээлний лангуугаар эргэж, хардаг юм. Боломжийн үнэтэй санагддаг. Үнэхээр монгол дээлийг гоё оёдог, гарын уртай эмэгтэйчүүд “Нарантуул" зах дээр байдаг юм билээ. Эмэгтэй гишүүдээсээ сонсоход, дээлийг хямд, боломжийн үнэтэй оёдог хүмүүс байдаг гэсэн. Тэгж байгаад өөрийн гэсэн дээл оёдог хүнтэй болно доо.