29 улстай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн
Дипломат төлөөлөгчийн газар нээх саналыг зөвшилцөв
2013.05.15

29 улстай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн

Гадаадын зарим улсад Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газар нээж ажиллуулах тухай саналыг зөвшилцөв.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулсан юм. Засгийн газрын хуралдаанаас Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээж ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар нээж ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна.

Манай улсаас гадаад орнуудад 29 Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн хоёр газар, Консулын төлөөлөгчийн 8 газар ажиллаж байгаа.

  Л.Болд сайд энэ үеэр тус яамнаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн үйл ажиллагааны талаар байнгын хорооны гишүүдэд товч танилцуулсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 12 зорилт тусгагдсан.

Гадаад бодлого нь нэгдмэл, харилцан зохицуулалт уялдаатай байхад тус яам үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг тэрээр дурдлаа. Энэ үндсэн дээр НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох бодлого барьж, эхний удаад 29 улстай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн, гадаад харилцааг эдийн засагжуулахад ихээхэн анхаарч байгаа.

Мөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хил орчмын худалдааг дэмжих, иргэдийн харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хүрээний харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, түүнчлэн нэгэнт гадагш гарсан иргэддээ эх орондоо эргэн ирж суурьших бололцоог нь хангахад анхаарч байгааг хэлээд гадаад бодлогын чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилт, арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Одоогоор манай улсаас гадаад орнуудад 29 Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн хоёр газар, Консулын төлөөлөгчийн 8 газар ажиллаж байгаа юм байна.

  Сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүн Ё.Отгонбаяр, Н.Энхболд, Б.Болор, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, З.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Цог нар асуулт асууж, гишүүн З.Энхболд, Ё.Отгонбаяр, М.Батчимэг, Ж.Энхбаяр, Ц.Цолмон нар үг хэллээ.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад аль болох олон улстай дипломат харилцаа тогтоох нь чухал, гэхдээ дипломат төлөөлөгчийн газрын байршлыг оновчтой тогтоох, үр ашгийг дээшлүүлэх нь зүйтэй,

Элчин сайдын яамаа харилцан нээх, нэгэнт нэээснийгээ аль болох хадгалахад анхаарах, түүнчлэн яамны төсөв, орон тоог бэхжүүлэх, дипломат боловсон хүчнээр хангах, чадавхижуулахад ихээхэн анхаарч бодлогын тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байлаа.

Тухайлахад гишүүн З.Энхболд улсын нөөцийг үл хөдлөх хөрөнгөөр гадаад орнуудад байршуулах үүднээс дипломат байгууллагуудын хэрэгцээнд хамгийн эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнтэй газрыг сонгон авч байх талаар байнгын хорооноос

Гадаад харилцааны яаманд чиглэл өгөх, гишүүн Ё.Отгонбаяр яамны боловсон хүчний чадавхид анхаарч хөрш орнуудаа судалдаг судлаач бэлтгэдэг болох, гишүүн М.Батчимэг дипломат төлөөлөгчийн газруудын өгөөжийг дээшлүүлэх, дипломат албаны ач холбогдлыг бууруулсан мэргэжлийн бус томилгоо хийхгүй байхад анхаарах,

гишүүн Ж.Энхбаяр цаашид Гадаад харилцааны яам, үүний дотор хөрш орнуудын газрыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, дипломат төлөөлөгчийн газар, цэргийн атташегийн асуудлыг оновчтой шийдэх үүднээс байнгын хорооноос УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэх зэрэг санал гаргасан юм.

  Ингээд гадаадын зарим оронд Монгол Улсын Элчин сайд яам, Ерөнхий консулын газар болон Консулын газрыг нээж ажиллуулах саналыг байнгын хорооны гишүүд дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.