УИХ-ын гишүүн Су.Батболд
2013.05.10

Су.Батболд: Парламентийн нэг суудлын төлөө ардчиллыг булшилж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Харин чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудал ороогүй тул асуудлыг нэмж оруулах санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 54,4 хувь дэмжлээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал шүүмжлэлээ хэлэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд: “Бид нар ер нь юу хийгээд, хаашаа яваад, ямар нийгэмд амьдраад байна вэ? Үндсэн хуулиар заагдсан тогтолцоо руугаа явж байна уу. Өнөөдрийн энэ үйлдэл ардчилсан гэсэн нэртэй намыг чинь, Монголын ардчиллыг муухай харагдуулж байна.

Сайн муу ч бид 20 жилийн хугацаанд сонгогчдын саналыг засварлаагүй. Сонгогчдын санал өгсөн хүн энэ танхимд орж ирдэг төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлдэг зарчмаар явж ирсэн. Одоо юу болж байна.

Хэн нэгэнд худалдагдсан шүүгч, шүүхийн байгууллагын саналаар иргэдийн саналыг засварлаж болох уу.

Хэн нэгэнд худалдагдсан шүүгч, шүүхийн байгууллагын саналаар ард иргэдийн саналыг засварлаж болох уу. Таны авсан саналыг шүүгчийн алхны цохилтоор үгүйсгэж байвал энэ ардчилал мөн үү. Та нар ичээч. Цаашдаа ардчилал, парламентийн тогтолцоо яах юм бэ.

Хүмүүс итгэж саналаа өгөх үү. СЕХ гэдэг тоглоомын байгууллага, та нар мөнхийн хүчтэй олонхи байна гэж бодож байна уу? ард түмэн тэнэг биш, нүд нь сохроогүй харж байгаа. Дандаа олонхийн хүчээр юмыг шийдэж болохгүй. Монголын ардчилал хайран санагдаж байна.

Зөвхөн нэг парламентийн суудлын төлөө ардчиллыг булшилж болохгүй. Ийм хуралдаанд оролцоод, ийм байдлаар тангараг өргөх гэж байгаа хүмүүсийг хараад дур гутаж байна. Үнэхээр харамсалтай байна” гэсэн юм.