Гал түймрээс хамгаалах, цэвэрлэх асуудлыг судлахаар боллоо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
2013.05.15

Гал түймрээс хамгаалах, цэвэрлэх асуудлыг судлахаар боллоо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан  Төрийн ордны Б танхимд боллоо.

Мод, модон материалын импортыг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл

Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээлэл хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах газрын дарга Ц.Банзрагч, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн И.Дорж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш нар хуралдаанд оролцов.

Барилга, хот байгуулалтын сайдыг төлөөлж Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл хийлээ.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн

Уг асуудалтай холбогдуулан БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба, Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхтүвшин, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын зөвлөлийн дэд тэргүүн Ж.Жаргалсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан нар оролцсон болно.

С.Оюун, Р.Эрдэнэбүрэн нарын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тайлбар тодруулга авсан болно.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Г.Баярсайхан, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Ж.Энхбаяр, Ц.Цолмон, М.Зоригт нар барилгын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол орны ойн нөөцийг хамгаалах үүднээс мод, барилгын модон материалын хэрэгцээг гадаадаас импортлох, үүнийг төрөөс эдийн засгийн болон татварын бодлогоор дэмжих, Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг боловсруулах талаар Засгийн газарт үүрэг өгсөн тогтоол гаргах гэсэн саналыг хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Арвин Монгол орны ойг гал түймрээс хамгаалах, цэвэрлэх асуудлыг судлах ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулах, ажлын хэсгийг ахалж ажиллах санал гаргасан юм. Дээрх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Байнгын хорооноос тогтоол гаргахаар тогтов.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос батлан гаргасан 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот тогоолын 1 дэх хэсгийн “Дэд ажлын хэсгийн ахлагч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Ганзориг - Улсын Их Хурлын даргын зөвлөх” гэснийг “Дэд ажлын хэсгийн ахлагч бөгөөд нарийн бичгийн дарга Я.Хишигт - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны зөвлөх” гэж өөрчлөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.