Төсвийн байнгын хороо хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.02.18

Төсвийн байнгын хороо хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр удирдуулсан тус байнгын хороо дээрх хугацаанд дунджаар 63 хувийн ирцтэйгээр 17 удаа хуралдаж 58 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцүүлсэнээс 42 хууль, 12 УИХ-ын бусад шийдвэрийн төслийг Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Төсвийн байнгын хороо УИХ-ын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд МУ-ын 2013 оны төсвийн тухай болон дагалдах хуулиуд,  Хүний хөгжил сангаас МУ-ын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг томоохон хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан байна.

Түүнчлэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан нь татвар төлөгчид татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах эрхзүйн шинэ орчин бий болж, татвар төлөгчид учирдаг татварын эрсдэл багасч, хууль тогтоомжийн дагуу татвараа өөрөө тодорхойлж төлөх дадал, соёлыг төлөвшүүлэхийн хамт татвар төлөлт, тайлагналтын орчин сайжирч улмаар улс орны төсөв санхүүгийн байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой хууль болсон гэж байнгын хорооны дарга онцолж байв.

Мөн тэрээр, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар хэлэхдээ бизнес эрхлэгчдээс гаалийн мэдүүлэгийн хамт бүрдүүлэх 10 төрлийн бичиг баримтыг зургаагаар бууруулж зөвхөн дөрвөн төрлийн бичиг баримтыг гаалийн мэдүүлгийн хамт өгч байхаар хуульчилсан гээд энэ хуулиар хүнд сурталыг багасгаж, шаардлагагүй шат дамжлагыг бууруулах замаар бизнес эрхлэх эрхзүйн орчинг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байгаагаа хэлж байсан.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэл мэдээллийнхэнд хийсэн танилцуулгын дараа байнгын хорооны даргаас зарим сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.