ОХУ-ын буцалтгүй тусламжаар шүлхийн эсрэг тоноглосон 22 машин өглөө
Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, мал эмнэлгийн албыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газраас 375,0 сая рублийн өртөг бүхий буцалтгүй туслалцаа үзүүлэхээр 2010 оны сүүлчээр шийдвэрлэсэн юм. Энэ тусламжийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд шүлхийн өвчнөөс сэргийлэх 37,0 сая тун вакциныг 3 удаагийн ачилтаар хүлээн авсан.
Өмнөх тусламжийн сүүлчийн хэсэг болох 22 ширхэг ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалттай ДУК автомашиныг хүлээн авч байна.
Уг үйл ажиллагаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В. В. Самойленко нар оролцож, аймгуудаас ирсэн Хүнс хөдөө аж ахуйн газрынханд машины түлхүүрийг нь гардуулж, ажлын амжилт хүслээ.
ОХУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлсэн вакциныг ашиглан хэрэгжүүлсэн шүлхийн өвчнөөс сэргийлэх урьчилан сэргийлэлтийн арга хэмжээнд 2011 оны намар 7 аймаг, нийслэлийн 71 сум, 9 дүүргийн шүлхий өвчнөөр мэдрэмтгий нийт 11.4 сая малыг, 2012 онд 05-06 дугаар сард 10.2 сая, 09-11 дүгээр сард 8,7 сая малыг бүрэн хамруулсан бөгөөд вакцинжуулалтын үр дүнд ОХУ-ын нарийн мэргэжлийн судлаачидтай хамтран үнэлгээ дүгнэлт хийлээ.
Халдваргүйтгэлийн тусгай зориулалтын ДУК автомашиныг бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн албанд хуваарилав.
Мөн улсын нөөц болон орон нутгийн Мал эмнэлгийн албанд 2013 онд 2 удаа зүүн бүсийн 4 аймгийн малыг толгой дараалан бүрэн хамруулах хэмжээний вакцины нөөцийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн 2010 онд өвчин гарсан буюу түүнтэй хил залгаа орших 6 аймгийн мэдрэмтгийн бүх малыг вакцинжуулалтанд бүрэн хамруулсан нь өвчин гарах эрсдлийг бууруулж, өнөөдөр Монгол улс шүлхий өвчнөөр тайван байна.
Энэхүү автомашин нь халдварт өвчний голомт, шаардлагаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай, халдваргүйтгэлийн уусмалыг бэлтгэх, 0+85 хэм хүртэл халаах, 8 метр хүртэлх өндөрт 2,5 МПа (кг/см2) хүртэлх даралтаар шүрших, нэг минутанд 8 литрээс доошгүй шингэнийг мананцар маягаар шүрших чадвартай. Мөн жолоочоос гадна 4 хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй УАЗ 390945 маркын 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин болно.