ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
УИХ-ын чуулган: 2012.12.06 ны өдөр
2012.12.09

ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов

УИХ-ын чуулганы 2012 оны 12-р сарын 06-ны өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа.

Байнгын хорооны хурал дээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай заалтуудаар санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн юм.

Тухайлбал төрийн захиргааны төв байгууллага ХДХВ, ДОХ-оос сэргийлж тухайн салбартаа хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих, сургалт сурталчилгааны ажлуудыг  зохион байгуулах, халдвар авсан хүний эрхийг хангах эдийн засаг, санхүү, эрх зүйн болон нийгмийн баталгааг бүрдүүлэх арга хэмжээг авах, баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эрхтэн болон зүү тариур, эмнэлгийн бусад хэрэгслээр ХДХВ тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх зэрэг саналыг дэмжсэн юм.

Г.Баярсайхан гишүүн Г.Уянга гишүүний асуултанд хариулт өглөө

Мөн садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12-р зүйлд зохих өөрчлөлтийг 2012 оны 1-р сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан тул уг хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоолын төслийг дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал хураалт явуулснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны  байнгын хороонд шилжүүллээ.