2012.12.14

Гурван жилийн турш хүлээсэн хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, хуулийн дагалдан гарах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхдээ хуулийн төслөөс “тэмцэх” гэсэн агуулга бүхий үгийг хасч, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийх, шинжилгээнд хамрагдах талаар зөвөлгөө өгөх журмыг батлан мөрдүүлэх үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээж байхаар тусгасан байна.

Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эрхтэн болон зүү тариур, бусад багаж хэрэгслээр ХДХВ-ын халдвар эмнэлэгтээ тараахгүй байх нөхцөл бүрдүүлэх үүргийг хуульчлан өгсөн байна. Байнгын хорооны танилцуулгыг хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн талаар нэг хэсэг байнга мэдээлдэг байлаа. Сүүлийн үед чимээгүй болчихсон байна. Халдварын тархалт буурав уу, эсвэл яам, салбарын түвшинд энэ талаар мэдээлэхээ болин дарчихав уу. Нийт халдвар авсан хэдэн хүн байгаа вэ гэж асуулаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хариулснаар, өнөөдрийн байдлаар халдвар авсан 126 хүн илрээд байгаа юм байна. Халдвар авах явдал буураагүй. Өдөрт гурван ч хүнээс вирусын халдвар илэрсэн тохиолдол байгаа ажээ. Эдгээр 126 хүний цаана идэвхтэй халдвартай 500 гаруй хүн бий гэсэн таамаг тооцоо байгааг ч сайд дуулгалаа.

Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа нь ДОХ/ХДХВ-ын халдвар тархах аюулын харанга дэлдээд байгааг сайд хэлэв. Тэмбүү өвчний гаралт эрс нэмэгдэн, хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдол олноор илрэх болжээ.

Түүнээс гадна төрөлхийн тэмбүүтэй хүүхэд мэндлээд эндэх тохиолдол гарч байгааг ч сайд дуулгалаа. Хэдийгээр манай улс ХДХВ-ын бага тархалттай орны тоонд багтаж байгаа ч бэлгийн замын өвчний гаралтаас харахад байдал хүндэрсэн гэж хэлэхээс аргагүй гэж Н.Удвал сайд мэдээлсэн.  

Гишүүдийн олонхи энэ өвчин манай аймаг, суманд байхгүй, бид хамаагүй гэсэн ойлголтоор асуудалд ханддаг байдлыг эцэс болгон энэ аюулт өвчинтэй тэмцэх ажилд иргэн бүрийн анхаарлыг хандуулан, урьдчилан сэргийлэх ажилд бүх аймаг, сум, өрх, албан байгууллага, яамдыг татан оролцуулах ёстой гэдэг дээр санал нэгдсэн юм.