2012.10.10

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хуулийг шинэчлэнэ найруулна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Манай улс хэдийгээр ХДХВ-ийн тархалт багатай улс орны тоонд ордог хэдий ч 2011 оны 12 дугаар сарын байдлаар ХДХВ-ийн халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 81 хувь нь эрэгтэй, 19 хувь эмэгтэй байгаа судалгаа гарчээ.

Сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөх хандлагатай байгаа аж. Л.Эрдэнэчимэг гишүүн, “иргэд ХДВХ-ийн сайн дурын шинжилгээнд орох, эсвэл эмнэлэгт хэвтэхдээ ДОХ-ын шинжилгээ өгөх гэсэн хоёр замаар халдвар авсан хүнийг илрүүлж байгаа.Цаашид иргэдийг ДОХ-ын шинжилгээнд олноор хамруулах, халдварыг эрт илрүүлэх ямар арга зам байна” гэсэн асуултыг салбарын сайдаас асуусан.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өгсөн хариултдаа, “ өнөөдөр иргэд сайн дураар ДОХ-ын шинжилгээ өгч байна. Албадан шинжилгээнд оруулах нь хүний эрхтэй холбоотой асуудал болоод явчихдаг. Харин өндөр эрсдэлтэй бүлгүүдийн дунд тандалт судалгаа хийгдэж байна. Мөн эдийн засгийн боломжийн асуудал ч хөнддөгддөг “ гэж хариуллаа.

Харин С.Эрдэнэ гишүүн “ иргэдийг эмнэлэгт хэвтэхэд нь цусны шинжилгээ авахдаа ДОХ-ын шинжилгээг давхар аваад явах заалт байхгүй юу. Ингэснээр хүний эрх зөрчигдөхгүй гэж үзэж байна. Манайх шиг хүн ам цөөтэй улсад ДОХ-ын халдвар ямар их гамшиг тарихыг анхаарч үзэх хэрэгтэй. Хаа хамаагүй зүйлд зарцуулдаг хөрөнгө мөнгийг энэ чиглэлд зарцуулах хэрэгтэй шүү дээ. Энд хүний эрхийг огт үгүйсгэж хоёрдугаарт тавьсан зүйл байхгүй.” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

  Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.