Төр ДОХ-той иргэдээсээ нүүр буруулах уу, гар сунгах уу
ХДХВ-ийг Африкийн ногоон сармагчингаас хүнд халдварласан гэх нэг хэсэг байхад биотерроризмын зорилгоор гаргаж авсан вирус гэж зарим хэсэг нь таамагладаг байна.
2012.11.26

Төр ДОХ-той иргэдээсээ нүүр буруулах уу, гар сунгах уу

"... Хүмүүс ДОХ-ыг өөрөөсөө холуур юм шиг боддог, би ч тэгж л явлаа. Харин эмчээс "таны шинжилгээ эргэлзээтэй гарлаа" гэхэд "Арай ч дээ, үгүй байлгүй дээ. Өөр хүний шинжилгээний хариутай андуурсан байх" гэж мөн ч их горьдож суусансан. Харамсалтай нь хэн нэгэнтэй андуураагүй байлаа. Ингээд л би ХДХВ-тэй хүний тоонд багтаж, хориг гортигийн дотор амьдрах болсон доо" хэмээн нэгэн залуугийн бичсэн захидлыг "Бид нэг тэнгэртэй" номноос уншиж билээ.

Өдгөөгөөс 20 жилийн тэртээ ХДХВ-ийн анхны тохиолдол Монголд анх бүртгэгдсэн. Түүнээс хойш 121 хүн уг вирусээр халдварласны нэг нь дээрх захидлын эзэн юм. ХДХВ-ийг Африкийн ногоон сармагчингаас хүнд халдварласан гэх нэг хэсэг байхад биотерроризмын зорилгоор гаргаж авсан вирус гэж зарим хэсэг нь таамагладаг. Юутай ч, уг вирус хүний биед яг хэзээ, юунаас халдсан гэдэг нь өнөөг хүртэл оньсого хэвээр буй. Хэдэн арван сая хүний амийг авч одсон энэ вирус өнөөдөр мөн л хэдэн сая хүний амийг авахаар алгаа дэлгэн хүлээсээр. Энэ вируснээс өөрсдийгөө дархлагдсан мэтээр бодож, хийсч явсан цөөхөн монголчуудын нэг хэсэг аль хэдийнэ түүний атганд оржээ.

Монгол Улсыг ХДХВ/ДОХ-ын тархалт багатай, эрсдэл өндөртэй улсын тоонд хамруулдаг. Нийт хүн амын талаас илүү хувь нь бэлгийн идэвхтэй насны иргэд эзэлдэг учир ийнхүү эрсдэл өндөртэй улсын тоонд хамрагдахад хүрсэн аж.

Өнөөдрийн байдлаар ХДХВ-ийн 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд буй. Эдгээр халдвар тээгчийн цаана 1000 орчим хүн байх магадлалтайг албаны хүмүүс мэдэгдсэн.

Тэгвэл хоёр сая гаруйхан хүн амтай Монгол Улсад энэ тоо юуг илэрхийлж байна вэ. 2006 онд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо байгуулагдсанаас хойш төр, аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон улсын төслүүдийг хооронд нь холбох гүүр болж ажилласан. Гэтэл уг хороог татан буулгах шийдвэрийг саяхан гаргасан юм. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ татгалзаж байна гэж энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд халаглаж байна. Уг нь дэлхий нийтэд ХДХВ/ДОХ-ын асуудалд хэр анхаарал хандуулж байгааг үндэсний хороог байгуулсан эсэхээр нь дүгнэдэг гэх. Гэтэл манай улс үндэсний хороогоо татан буулгах хэмжээнд хүртэл ДОХ-ын тархалтыг зогсоож чадсан гэж үү.

Тэгвэл энэ талаар ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг олон улсын төслүүдийн мэргэжилтнүүд үүний эсрэг байр суурьтай байна. Чухам юуны учир ийнхүү үндэсний хороог татан буулгасныг албаны хүмүүс ухаж ойлгохгүй байгаагаа мэдэгдсэн. Дэлхий нийтэд ХДХВ/ДОХ-ыг зөвхөн эрүүл мэндийн асуудал бус нийгмийн асуудалтай холбодог. Боловсрол, эрүүл мэнд, ажил хөдөлмөр гээд бүх салбарыг хамардаг уг өвчний тархалт Монголд газар авахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс эрсдэл өндөртэй улсын тоонд хамруулсан. Уул уурхай хөгжиж, үүнийг даган гадаадын улс орнуудаас ажиллах хуч ихээр орж ирж байгаа нь энэ асуудалд төр анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж буй.

Түүнчлэн нийт хүн амын дунд тархалт цөөн мэт байгаа ч, эрсдэл өндөртэй бүлгийн дунд тархалт их байгаа юм. Мөн манай улсын хууль тогтоомжууд хоорондоо зөрчилддөг нь ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхахын үндэс болдог аж. Шинээр ажилд орох, гадаадад зорчих, гэр бүл болох, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэгт ДОХ-ын шинжилгээ авдаг нь ХДХВ/ ДОХ-ын шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгнө гэсэн заалттай зөрчилддөг байна.

Халдвар тээгчдийн дунд 10 гаруй насны хүү байгаа нь эмзэглэл төрүүлж байна.

Ерөнхийдөө халдвар авсан иргэдийн насжилт сүүлийн жилүүдэд улам залуужиж байгаа аж. Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийг хүйсээр нь ангилбал эмэгтэйчүүд давамгайлдаг. Харин манай улсын хэмжээнд энэ вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эрчүүд байгаа юм. Саяхан шил шилээ даган хэдэн тохиолдол шинээр илэрсэн. Олон нийт үүнийг халдвартай байсан хүнийг олж илрүүлсэн мэтээр ойлгож байгаа.

Гэтэл албаны хүний хэлж буйгаар, эдгээр нь шинээр халдвар авсан тохиолдлууд гэх. Нөгөөтэйгүүр манай улсад ХДХВ/ДОХ-ын чиглэлээр олон улсын төслийн байгууллагууд ажилладаг. Тэдгээр нь энэ чиглэлийн үйл ажиллагааны 80, харин Монгол Улсын Засгийн газраас үлдсэн багахан хувийн оролцоотой ажилладаг байна. Үндэсний хороог татан буулгаснаар энэ багахан хувиас бас хорогдоно гэсэн үг. Олон улсын байгууллагын 80 хувийн оролцооны дийлэнхийг Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилт эзэлдэг. Гэтэл төслийн хугацаа ирэх оны зургадугаар сард дуусах аж.

Глобал сангийнхан төслийг цааш сунгахгүй байх шалтгаанаа "Монгол Улс ХДХВ/ДОХ-той тэмцэх хамгийн хүнд үеэ даван туулахад бид тусаллаа. Үүнээс цааш төр засаг нь өөрсдөө тэмцэх ёстой. Төр нь иргэддээ бага боловч анхаарал хандуулж, тэдний төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж тайлбарласан байх юм. Үнэхээр өөрийн улсын иргэдийн төлөө 20 хүрэхтэй үгүйтэй хувийн оролцоотой ажиллана гэдэг ичмээр зүйл. Уг нь төрлийн хүрээнд ХДХВ/ДОХ-ын асуудалд зориулан 2011-2013 оны хооронд гурван сая долларын санхүүжилт хийгджээ. Тус санхүүжилтээс ретровирусын эм болон хавсарсан халдварын эм тариаг ХДХВ-ийн халдвартай хүмүүст үнэ төлбөргүй олгогддог байсан. Уг төслийн хугацаа ийнхүү дууссанаар эдгээр хүнд шаардлагатай эм тасрах аюул нүүрлээд буй. Халдвар тээгчийн биеийн байдлаас шалтгаалж нэг хүн жилд хамгийн багадаа 300 долларын өртөгтэй ретровирусын эсрэг эм уух шаардлагатай.

Гэхдээ энэ нь олон улсын төслийн шугамаар нийлүүлэгдэж байгаа хямд үнэ юм шүү. Үүнээс бусад шугамаар худалдаж авах болбол дэлхийн зах зээл дээр маш үнэтэйгээс гадна хувь хүмүүс худалдаж авах боломжгүй аж. Үндэсний хороо татан бууж, амьдрах итгэл өгч байсан төслийнх нь хугацаа дууссанаар эдгээр хүмүүсийн ирээдүй бүрхэг болж "дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу" гэгч болох нь. ХӨСҮТ-ийн 2013 оны төсөвт ретровирусын эмийн зардал суутгагдсан гэх мэдээлэл байгаа ч яг хэдэн төгрөг, тэр нь хангалтай эсэх нь тодорхойгүй байна.

Хэрвээ улсын төсөвт ретровирусийн эсрэг эмийн зардлыг тусгавал жилд ойролцоогоор нэг тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг мэргэжлийнхэн онцолсон. Донор байгууллагын дэмжлэггүй болохын цагт төр төмөр харуулах вий гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж буй. Тиймээс ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороог татан буулгасан шийдвэрээ эргэж харах нь зүйтэй болов уу. Монголчууд "ниргэсэн хойно нь хашгирав" гэж хэлдэг. Үүн шиг гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд ХДХВ/ДОХ-ын зууш болох эсэх нь бидний сонголтоос шалтгаална. ХДХВ/ДОХ-ын тархалт багатай улс гэсэн далбаан дор намирах нь хэр оновчтой шийдэл бол. Юутай ч олон улсын байгууллагынхны хэлсэнчлэн төр нь иргэдийнхээ төлөө бага боловч анхаарал хандуулах цаг нь болжээ.