Дарханы дарга нарыг АТГ-т өгчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, нягтлан бодогч болон бусад холбогдох байгууллагын захирал, ажилтнуудтай холбогдох хэргийг дахин шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурор зэрэг байгууллагад хандсан тухайгаа мэдэгдэв.
Учир нь дээрх хүмүүс нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр болон ажилгүйдлын сангийн мөнгийг “Чингис хаан” банкинд байршуулж түүний хүү болох 220 сая төгрөгийг завшсан хэрэгт холбогдож, үүнийг нь аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байсан.
Гэвч уг хэрэг шалгалтын явцдаа бүдгэрч зарим нэг нь хэргээс сугарч, сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн явдал ч гарчээ. Тиймээс энэ хэргийг дахин шалгаж, хохирогчийг дахин тогтоолгох арга хэмжээг авахыг хүсэж холбогдох газруудад хандсан нь энэ аж.