2012.10.31

Авилгаас болж 29 тэрбум ам доллар алджээ

Нигери улс нь газрын тос, шатдаг хийн асар их нөөцтэйгөөрөө алдартай. Газрын тос, шатдаг хийн олборлолтоороо дэлхийд эхний тавд жагсдаг, эдгээр бүтээгдэхүүний экспортоор төсвийнхөө 80 хувийг бүрдүүлдэг. Газрын тос, шатдаг хийн үнэ тогтмол нэмэгдэж ирсэн сүүлийн арав гаруй жилийн дотор ингэж их баялагтай орон эдийн засгийн хувьд хөл дээрээ бүрэн зогсч болох ч байсан ч тэгсэнгүй.

Нигерийн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Патрик Дили Коут гэгчийн илтгэлээс үзвэл сүүлийн арван жилийн дотор шатдаг хийтэй холбоотой элдэв луйвраас болж, энэ улс 29 тэрбум ам.доллар, газрын тосны хулгайнаас болж жил болгон зургаан тэрбум ам.доллар төсөвт оролгүй алдагддаг аж. Товчхондоо бол 1960 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Нигерийг нэвт сүлбэсэн авлига, иргэний дайн зэргээс болж 400 тэрбум гаруй ам.долларыг хулгайлж, эсвэл ямар ч үргүй зарсан.

Нигерийн газрын тосны үндсэн худалдан авагчид болох АНУ, Баруун Европын орнуудын үзэж байгаагаар энэ улсад өдөр болгон 180 мянган баррель газрын тос хулгайлж. Балканы хойгийн орнууд болон Сингапурын үйлдвэрүүд рүү зөөдөг аж.

Эдгээр хууль бус бизнесээр олсон мөнгөөрөө улстөрчид нь нэн ядуу амьдралтай сонгогчдын саналыг худалдан авч, хууль хяналтынхан нь тогтмол авч байнга авлигын нөлөөгөөр гэмт хэргийг харсан ч хараагүй мэт өнгөрдөг аж.

Нигерид дэлхийн газрын тос олборлолтын хамгийн том гэсэн гадаадын бүх компани үйл ажиллагаа явуулдаг. Авлига, ядуурлаас залхсан нутгийн иргэд гадаадын компани ажилчдыг хулгайлах, газрын тос дамжуулах хоолойг дэлбэлэх зэрэг үйлдлийг үргэлж хийж эсэргүүцлээ илэрхийлдэг.

Байгалийн их баялгаа зөв зүйтэй зарцуулж, авлига, эмх замбараагүй байдалтай эрс тэмцэхгүй бол улс орон ядуурлын туйл руу гулсан орж болдгийн тод жишээ нь Нигери юм. Нигери нь газар нутгаараа дэлхийд 32 дугаарт, хүн амын тоогоор наймдугаарт ордог, ДНБ нь 206 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох жилийн дундаж нь 1 мянга 300 ам.доллар. Хүний боломжийг хөгжүүлэх индексээрээ дэлхийн хамгийн доогуур улсын нэг бөгөөд 158 дугаарт жагсдаг. Харин манай улс өнгөрсөн жил энэ үзүүлэлтээрээ 187 орноос 110 дугаарт орж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.