О.Баасанхүү:Гэрчийг хэрэгт татдаггүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2012.10.30

О.Баасанхүү:Гэрчийг хэрэгт татдаггүй

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд АТГ-аас хэрэг үүсгэсэн талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Таныг өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн өрөөнд байхад АТГ-ынхан асуудал үүсгэхээр очсон юм байна. Дэд сайд та хоёр ямар асуудлаар уулзаж байсан юм бэ?

-Би өчигдөр 14.00 цагаас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай уулзсан. Уулзах зорилго нь юу байсан бэ гэвэл энэ оны эхнээс Японы ЭСЯ-наас Монгол Улсын ГХЯ-нд амаар болон бичгээр дөрвөн удаа гомдол гаргасан байгаа. Түүний хууль эрх зүйн гарц юу байна гэж ярилцах гэж очсон юм.

-Ямар шалтгаанаар гомдол гаргасан гэж?

-“Монголын талаас Японы газар нутаг дээр хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан байж болзошгүй байна. Энэ асуудлыг тодруулж хариу мэдэгдээч” гэж Монголын талд хандсан.

-Цаг хугацааны хувьд яг хэзээ вэ?

-Өмнөх УИХ-ын үед, 2012 оны нэгдүгээр сарын 24-нд нэг бичиг явуулсан байдаг. Дараа нь хоёрдугаар сарын 15-ны орчимд бас бичиг ирүүлсэн. Үүний хариуд ГХЯ “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ манайд байдаггүй” гэсэн бичиг явуулсан. Гуравдугаар сарын 20-нд бас нэг бичиг ирүүлсэн. Ийм бичгүүд байгаа.

-Ямар чиглэлээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж байгаа юм бол?

-Миний хувьд нэг их гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байгаа. Н.Энхбаяр даргатай холбоотой телевизийн тоног төхөөрөмжийн асуудлаар гүйцэтгэх ажил явуулсан байж болзошгүй гэж Японы тал үзэж байгаа юм билээ. Тэгээд энэ асуудлаар хууль зүйн гарц нь юу байдаг юм бол гэж зөвлөлдөхөөр хувиараа уулзъя гээд Э.Эрдэнэжамъянг дуудсан. Ирээгүй. Тэгээд би Хууль зүйн яаман дээр очсон. Тэгэхэд АТГ-ын н.Наранбаатар Э.Эрдэнэжамъянг шалгана гээд очсон байсан.

-Таныг очиход н.Наранбаатар юм хэлсэн үү?

-Би асуусан л даа.”Хэрэв мөрдөн байцаалт явуулах гэж байгаа бол та Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143.1.1-д заасны дагуу Э.Эрдэнэжамъянд зарлан дуудах өгсөн үү. Та мэдэгдэл, мэдүүлэг авахын тулд 143-ын 1-ийг баримталсан уу” гэж асуусан. Тэгэхэд н.Наранбаатар “Би ажлаа хийж байна. Олон юм битгий яриад бай. Мөрдөн байцаах ажиллагаанд саад хийх хэрэггүй” гэж надтай бүдүүлэг харилцсан.
Хуульд мөрдөн байцаалт явуулах газрыг тодорхой зааж өгсөн байдаг. Тэнд Хууль зүйн яам гэж заагаагүй. Тэгээд би Ё.Сагсай прокурорт хууль зөрчиж байгаа талаар  хандсан. Прокурор Ё.Сагсай н.Наранбаатартай утсаар ярьсан. Н.Наранбаатар “Ойлголоо” гээд гарсан. Болсон процесс энэ.

-Э.Эрдэнэжамъянд ямар хэргээр хэрэг үүсгээд байгаа юм бэ. Албан тушаалаа ашиглаж Интерполд хандсан гэсэн зүйл яригдаад байна уу. Яагаад тийш нь захиа бичих болсон юм бэ?

-Интерполоор Монгол Улсын хоёр иргэнийг улаан шугам дээр тавиад хайж байгаа тухай мэдээлэл гарсан байсан. Монголд Интерполоор хаймаар зөндөө хүн байхад зөвхөн Н.Энхтуяа, Б.Хуяг хоёрыг онцолдог нь ямар учиртай юм бэ. Үүний цаана улс төрийн зорилго байна гээд МАХН-ын зүгээс улс төрийн албан тушаалд байгаа бүх хүнээ Интерполд захиа бич гэж даалгасан юм. Эхний бичсэн хүн нь Э.Эрдэнэжамъян байсан. Асуудлыг УДШ-ээр шийдээгүй байхад ингэж болохгүй гэж Интерполд гомдол гаргасан.

-Хууль зүйн яамны нэрийн өмнөөс албан тушаалаа ашиглаж захиа явуулсан гэж буруудаад байгаа юм биш үү?

-Түүнийг би хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн МАХН-ын харьяалалтай улс төрйин албан тушаалтнууд Интерполд захиа явуулна шүү гэсэн шийдвэрийг МАХН, “Шударга ёс” эвслээс гаргасан байгаа. Дараа нь УИХ-ын дэд дарга Л.Цог, Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва, байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, миний бие ч тийм захиа явуулах байх.

-Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэж байгааг хуульч хүний хувьд юу гэж үзэж байна?

-Нэгд, АТГ-ынхан хэрэв Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй гэж мөрдөн байцаалт явуулах гэсэн юм бол зохих журмынх нь дагуу байцаалт явуулах ёстой газарт нь дуудаад явуулах байсан. Хоёрт, юу гэрчлүүлэх гээд байгаа юм. Тодорхой мэдэж байгаа бодит зүйлийг л хүн гэрчилдэг болохоос биш гэрчийг хэрэгт татдаггүй. Э.Эрдэнэжамъянг Эрүүгийн хэрэгт татна гэдэг хамгийн эвгүй юм болж байна.

“Та мэдэж байгаа зүйлээ ярьсныхаа төлөө хэрэгтэн болно” гэх юм уу.

Тухайн асуудалд холбогдолгүй хүнийг гэрчээр татдаг. Тэгвэл гэрчээр байцааж байснаа одоо эрүүгийн хэрэгт татлаа гэснээрээ энэ нөхөд ямархуу төвшинд байгаа гэдгээ л харуулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.