Д.Дондог нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
Хэргийн нэг холбогдогч, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаяр нь Шадар сайд асан М.Энхболдын нэрийг барьж бусдаас 100 сая төгрөг залилан авсан гэх хэрэг гарсан учраас түүнийг нь шалгахаар буцаасан. Тэрбээр нэгэн компанийн захиралд “Цанын бааз байгуулах 100 га газар олж өгнө. 500 сая төгрөгөөр газар олж өгье, урьдчилгаа 100 сая төгрөгөө өгчих” гээд авсан юм байна. Улмаар “Шадар сайд М.Энхболд газрыг чинь бүтээж өгнө. Хотын дарга Г.Мөнхбаярыг дуудаж уулзсан, газар чинь өнөө маргаашгүй бүтнэ” гэж худлаа хэлсээр байсан гэнэ. Д.Сайнбаяр нар Д.Дондогийн хэрэгт холбогдон шалгуулж байгаад батлан даалтад гарсан байх үедээ Шадар сайд асан М.Энхболдын нэрийг барьж бусдыг залилжээ.
Мөрдөн байцаалтын явцад М.Энхболдыг гүтгэсэн нь тогтоогдсон гэнэ. Д.Дондог нарын өмнөх хэргийг эргэн сануулахад тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж, тус компаниас “Сумбар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан хэрэгт холбогдоод буй билээ. НПГ-ын эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийг дахин шалгуулахаар болжээ.