Орос төрийн албан хаагчдынхаа зарлагыг хянадаг боллоо
Одоогоос жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Засгийн газрын тэргүүн асан В.Путин өөрийн мөрийн хөтөлбөрийг сурталчилж байсан. Түүний амлаж байсан мөрийн хөтөлбөрт “Авлигагүй Орос” гэсэн тодотгол сонгогчдын анхаарлыг ихэд татаж байв.
2012.11.27

Орос төрийн албан хаагчдынхаа зарлагыг хянадаг боллоо

Түүний амлаж байсан “Авлигагүй Орос” мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төрийн албан хаагчдын зардлыг хянах хуулийн төслийг баталсан. Энэхүү хууль нь ОХУ-ын Төрийн Думын гишүүд, бүх мужийн амбан захирагч болон бусад Төрийн албан хаагчдын зардлыг хянах тухай багц хуулийн төсөл юм.

Дээрх хуульд зааснаар “төрийн албан хаагч өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн зардлын тухай мэдээллийг холбогдох газруудад олгох үүрэгтэй. Үүнд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт цаас худалдан авах зардал гэх мэт багтана. Мөн сүүлийн гурван жилд гэр бүлийн нийт орлогоос хэтэрсэн үнэтэй эд хогшил авсан талаарх мэдээллийг холбогдох албанынханд мэдэгдэх шаардлагатай” талаар заажээ.

Мэдээж тухайн Думын төрийн албан хаагчийн орлого, зарлага нь таарахгүй нөхцөлд ОХУ-ын прокурорын газар, шүүхээр дамжин хууль бус өмчийг хураах талаар хуульд тусгасан байна.

Харин хуу­рамч мэдээлэл өгсөн, эд хөрөнгөө дутуу бүртгүүлсэн гэх мэт зөрчил гарвал төрийн албанаас чөлөөлөх, албан тушаалаас нь халах, мөнгөн торгууль ногдуулах болно гэдгийг хууль санаачлагчид хатуу анхааруулж байгаа юм. Албан ёсны мэдээллийн дагуу дээрх хууль нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.

В.Путин хувьдаа энэхүү хуулийг дэмжиж байгаагаа онцолсон бөгөөд түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнө тус улсын төрийн албан хаагчид хууль бусаар баяжсан үзүүлэлтээр дэлхийд эхний тавдугаар байрт бичигдэж байсан. Тиймээс л В.Путин өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтаасан бололтой. Түүний үзэж буйгаар хуулийн төсөл нь төрийн албан хаагчдын орлогыг эмх замбараатай болгох, цаашлаад нийгмийг эрүүлжүүлэх, авлигагүй ОХУ-ыг байгуулахад тустай гэдгийг онцолсон.

Өмнө нь ч В.Путин энэ талаар “дорвитой арга хэмжээ авна” хэмээн төрийн албан хаагчдад анхааруулж байсан. Тэрбээр “Түшмэлийн орлого төдийгүй зардлыг бүхэлд нь хяналтад авна” гэдгийг ч хэлж байсан удаатай. Тэр ч утгаараа энэ жилийн дөрөвдүгээр сараас авлигатай тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн талаар Итар-Тасс агентлаг мэдээллэв.

В.Путин хуулийн талаар “Одоо дараачийн алхам хийх цаг болсон. Төрийн албан хаагчийн зардал орлогоос нь хэтэрч, их хэмжээний гэлтгүй эх үүсвэр нь тодорхой бус орлогыг хаанаас авсан талаар тайлбарлаж чадахгүй бол тухайн төрийн албан хаагчийг төрийн өндөр албан тушаалаас огцруулах, үл мэдэх орлогоор авсан эд хогшлыг нь хуулийн дагуу хураах болно” хэмээн ярьсан юм.

Өчигдрөөс эхлэн дээрх хуулийг баталсантай холбогдуулж иргэдэд төрийн албан хаагчидтай шууд харьцахад нэг шат ахисан талаар ч ОХУ-ын хэвлэл мэдээллийн агентлагуудаар мэдээлсэн. Хуулийн дагуу хот суурин болон мужийн ямар ч засаг захиргааны нэгжид төрийн албан үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч орлогоо мэдээллэх ёстой гэдгийг хатуу анхааруулж эхэлсэн байна. Тодруулбал, төрийн албан хаагч болсон цагаас хойш өөрийн эзэмшилд худалдан авсан бүхий л эд хөрөнгийг тайлбарлах ёстой болж таарч байгаа юм.

Ирэх сарын 25-ныг хүртэл иргэдээс шинэ хуулийн талаар санал хүсэлт, гомдлыг тандах аж.

Энэ нь эргээд төрийн албан хаагч, иргэд хоёрын уялдаа холбоо хэрхэн сайжирч байгааг харуулах зорилготой юм байна. Төрийн албан хаагч өөрийн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, иргэдтэй харьцах харьцааны соёл, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа эсэх гэдгийг давхар хянах зорилготой. Авлига, хүнд суртал энэхүү хуулиар дамжин устах учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн Д.Медведев цохон тэмдэглэсэн. Мөн хуулиар дамжуулан давхар хяналтыг сайжруулах ёстойг ч Ерөнхий сайд онцолсон.

Улс төрийн хэлмэгдүүлэлт, хилс хэрэгт зарим намын төрийн албан хаагчийг оруулах магадлалтайг ч сөрөг хүчнийхэн мэдэгдсэн. Баримт, нотолгоон дээр суурилсан өргөн хүрээний баривчилгаа, тодорхой үндэслэлтэйгээр зарим төрийн албан хаагчийг баривчлах явдал тус улсад гарч байсан ч дийлэнх тохиолдолд муж, районы дарга нар цагдаа нарыг татвартаа ашиглах, компаниудын татварыг нуун дарагдуулах, авто замын нэмэлт татвар зэргээр баривчилж байсан.

Тус улсын авлигатай тэмцэх асуудал эрхэлсэн хорооны дарга Ирина Яровая “Хуулийг чандлан биелүүлэх нь хамгийн чухал. Иргэд дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Шинэ жилээс төрийн бүх хэмжээний албан хаагчид орлого төдийгүй зардлаа тайлагнах ёстой. Эдгээрээс депутат, төрийн ба орон нутгийн засаг захиргааны бүх хэмжээний албан хаагчид, хууль сахиулах, шүүх систем, Төв банк, Тэтгэврийн сан, төрийн корпорациудын төлөөлөгчид гэх мэт багтана. Мөн тухайн төрийн албан хаагчийн гэр бүлийн гишүүд, өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр насанд хүрсэн хүүхдүүдийн сүүлийн гурван жилийн нийт орлогыг шалгана. Гурван жил гэдэг нь утга учиртай. Тухайн төрийн албан хаагч томоохон зүйлийг авахын тулд мөнгөө цуглуулсан байх магадлалтай.

Тиймээс гурван жил хангалттай гэж бид үзэж байгаа. Жишээ нь, Думын төрийн албаны хянагч нэгэн эр өөрийн цалингаараа Байгаль нуурын эрэг дээр зуслангийн байшин авсан байх юм. Орлого, зардал нь нийцэхэд хяналт тавих тусгай комисс сүүлийн гурван жилийн бичиг баримтыг нь шалгахаар ажиллах юм. Тиймээс бидний тооцоолж буйгаар энэ төрийн албан хаагчид шалгалтад унах магадлалтай болоод байгаа” хэмээжээ.

Эхнээсээ ОХУ-ын Батлан хам­гаа­лах яамны хяналтад байсан “Оборонсервис” компанийн удирд­лагууд их хэмжээгээр төрийн мөн­гөнөөс идэж уусан явдал нь яамны сайдыг суудлаас нь салгах хэмжээнд хүрсэн.

Ийнхүү Төрийн Думын албан хаагчдыг шинэ хууль өөрийн гартаа “хийж” эхэлсэн нь Ерөнхийлөгч В.Путины авлигын эсрэг мөрийн хөтөл­бөр биеллээ олж байна. Хуулийн талаар ажиглагчид  “Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосноос илүү хатуу хууль болсон” гэдгийг онцолсон. Иймээс үнэнч шударга хүнд айж эмээх учир үгүй. Шинэ Орос улсын суурь тавигдаж байгааг “CNN” агентлаг цохон тэмдэглэжээ. Ажиглагчид “Хууль бус үйлдэл хийсэн этгээдүүд өөрийн ул мөрөө баллаж амжихгүй. Хүссэн хүсээгүй хуулийг батлаад, хэрэгжүүлэх хугацаанд ямар ч төрийн албан хаагч эд хөрөнгөө нуун дарагдуулж чадахгүй” хэмээжээ.

Төрийн мөнгийг ямар нэг дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил, зарим нэг төрийн үйл ажиллагаа орсон төсвийн мөнгийг шамшигдуулсан гэх мэт хууль бус үйлдлүүд илчлэгдээд байгаа. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ОХУ-ын эдийн засагт айдас төрүүлээд байсан авлига үгүй болж, хөгжлийн бодит үр дүн хүн бүрт анзаарагдах талаар “Новости Россий” агентлаг мэдээллэв.