О.Баасанхүү: Би Засгийн газарт орсон бол ямар алхам хийхийг хэлээд өгөх байсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2012.12.07

О.Баасанхүү: Би Засгийн газарт орсон бол ямар алхам хийхийг хэлээд өгөх байсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Танай намын Гүйцэтгэх товчоо хуралдаж Засгийн газарт байгаа гишүүдээ гар гэж үүрэгдлээ. Та Гүйцэтгэх товчоонд байдаг уу?

-Би Гүйцэтгэх товчооны гишүүн. Гэхдээ сүүлийн хурал дээр байгаагүй.

-Гүйцэтгэх товчоо Засгийн газрыг шударга ёсны төлөө ажилласангүй гэж буруутгаж байгаа. Ямар үндэслэлээр ингэж дүгнээд байна вэ?

-МАХН гэдэг намыг хоёр жилийн өмнө бүртгүүлэхдээ 90 жилийн түүхтэй МАН-аас салсан. Үүнд эрх баригчид маш их дургүйцсэн. Үүнээс хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж болно. Хэлмэгдүүлэлт намын нэр авахаас эхэлж байлаа шүү дээ.

"Их хуралдай" хийж Монголын 15 олигархийг зарласан. Олигархи гэж зарлуулсан хүмүүс янз бүрээр дайрч давшилж, сүүлдээ УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг хүртэл шүүхээр оруулсан. Энэ мэт хэлмэгдүүлэлт явж байсан учраас бид АН-тай гэрээ байгуулахдаа "Хэлмэгдүүлэлт үргэлжлэх ёсгүй" гэсэн. Гэтэл хэлмэгдүүлэлт дахиад үргэлжилсэн. Би хуульч хүн учраас бодит баримт дээр суурилж ярих ёстой.

Жишээлбэл, орон нутгийн сонгуульд манай намын зарим гишүүнийг бүртгээгүй. Говь-Алтай аймагт нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгээгүй. Анхан болон дунд  шатны шүүх тэр хүмүүсийг бүртгэ гэсэн шийдвэр гаргасан. Тойргийн хороо Дээд шүүхэд хандана гэж байгаа юм. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ танилцуулчихсан. Бид Дээд шүүхэд хандсан бол өөр хэрэг. Тойргийн хороо хяналтын шатны шүүхэд хандаж байгаа ньтэдний хэрэг.

Гэтэл Сонгуулийн хороо нь шийдвэрээ гаргаж болох-гүй биз дээ. Үүнээс гадна Э.Батшугарын асуудал байна. Би өчигдөр СЕХ-ны дарга Содномцэрэн рүү ярьж худлаа яриад байгааг нь хэллээ. Нэр дэвшигчийн түр үнэмлэхээ авчихсан хүнийг дүүргийн Тойргийн хорооны шийдвэрээр хасчихаж болохгүй биз дээ. Одоо нэг ардчилал бий болж гэгээ гарлаа гээд Салбарын сайдаас нь доод шатны албан тушаалтны гаргасан бичиг хууль бус байгааг нь тогтоолгож өгчихөөд байхад хэлмэгдүүлэлт явуулчихаад байна.

-СЕХ-ны ажилд Зас-гийн газар яаж нөлөөлох байсан юм бол. Э.Бат-шугарыг тангараг өргүүлэхгүй гэж "Шударга ёс" эвсэл чуулганы хуралдаанд хүртэл оролцоогүй.

-"Шударга ёс" эвслээс болж чуулганы хурал гацаагүй. Одоо хэвийн л үргэлжилж байна шүү дээ. Бид одоо хэлэлцэж байгаа Хүнсний тухай хууль зэргийг хэлэлцэхгүй гэж гацаасан бол өөр хэрэг. Шударга бус байдлаар асуудал оруулж ирээд улс төрийг хямраасан шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлтийн наад захын жишээ.

Н.Энхбаяр даргад холбогдох хэргийг Дээд шүүх маргааш (өнөөдөр) хянана. Гэтэл Дээд шүүхэд металл хайгч байрлуулаад, өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан нь ойлгомжгүй байна.

Дээд шүүхэд ноцтой, бузар булай өчнөөн хэргийг шийдэж байхад ингэж сүйд болдоггүй байсан. Яагаад гэвэл Дээд шүүх хүнийг ялладаггүй.

Харин анхан болон дунд шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хянадаг. Тэр утгаараа улсын яллагч шүүх хуралд ордоггүй. Гэтэл өмнө хойшлогдсон шүүх хуралд улсын яллагч Е.Сагсай орж байх юм. Дахиад яллахаа баталгаажуулж байна. Дээр нь Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тэргүүн Нямжав гэдэг ёс суртахуунгүй хүн орж байна. Өөр шүүгчээр шийдуүлмээр байна. Энэ мэтээр хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна.

-Та өөрөө хуульч хүний хувьд баримттай ярина гэлээ. Засгийн газар шүүхийн байгууллагад болж буй үйл явдлыг яах ёстой байсан юм бэ?

-Бид Засгийн газартай хамтрахдаа "Энэ бүх хэлмэгдүүлэлтийн эсрэг зогсоно" гэсэн. Гэрээний үндэс нь энэ. Гэтэл бид гарын үсэг зурснаар юу ч өөрчлөгдөөгүй, Харин ч үргэлжилсээр байна. Тийм учраас Гүйцэтгэх товчоо шийдвэр гаргасан байна лээ. Түүнээс шүүхэд Засгийн газар нөлөөлөх тухай яриагүй. Манай намын бүх хүн хэлмэгдэж байгаа энэ тохиолдолд бид нэг тогооноос хоол идэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй.

-Таныхаар шударга ёс гэж юуг хэлээд байна вэ. Засгийн газар танай намтай байгуулсан гэрээгээ яаж биелүүлэх ёстой байсан бэ?
Хэрвээ би Засгийн газарт орсон бол ямар алхам хийхийг нь хэлээд өгөх байсан

-Би Засгийн газрын гишүүн биш. Хэрвээ би Засгийн газарт орсон бол ямар алхам хийхийг нь хэлээд өгөх байсан. Монголын төр байгаа байдал, байгаа хандлага гээд бүх зүйлээрээ МАХН-ын эсрэг яваад байна. МАХН-ын жирийн гишүүдийг айлган сүрдүүлэх, дарамтлах тэр бүүхэл даргыг нь хүртэл хэлмэгдүүлэхтэй санал нийлж байгаа засагтай нэг тогооноос идэх нь зөв үү гэдгийг л яриад байгаа.

-Танай намынхан Н.Энхбаярт холбогдох хэргийг Дээд шүүх яаж шийдэхээс шалтгаалаад шийдвэрээ эргэж харна гэж байгаа. Тэгэхээр намын бүх гишүүд, ард түмэн Гүйцэтгэх товчооны шийдвэрт хамаагүй юм биш үү?

-Би Н.Энхбаяр гэж нэг ч хэлээгүй. Нам юу гэж хэлэх нь намын л асуудал. Би тухайн үед Гүйцэтгэх товчооны хуралд суугаагүй гэж хэллээ. Суугаад, хамтдаа шийдвэр гаргасан бол би "Манай Гүйцэтгэх товчоо" гэж тайлбарламаар байна. Ардчилсан нам аргалаад олонхи болох гэж байгааг нь ойлгож байгаа. Харин МАХН бол Ардчилсан намыг өдий зэрэгт хүргэхэд нь асар их үүрэг гүйцэтгэсэн.

Тэр утгаараа ядаж 25 хувийн бодлого бидэнд байх ёстой. Тухайлбал, Х.Тэмүүжинд "Чиний бодлогын 25 хувь нь биднийх байх ёстой" гэж би хэлсэн. Гэтэл өнөөдөр дураараа л ажиллаад явж байгаа шүү дээ. Тийм учраас миний хувьд Засгийн газраас гарч байгаа үйлдлийг нь дэмжиж байгаа.

-Та Засгийн газрын гишүүн бол ингэж хэлэх байсан уу?

-Би Засгийн газарт ороод, ажиллаад явсан бол хамаа алга. Тэгвэл "Би ийм бодлого барих байсан. Ийм алхам хийх байсан" гэж хэлэхсэн. Харин би бол жирийн л нэг намын гишүүн.

-Таныхаар Гүйцэтгэх товчоо гаргасан шийдвэрээ эргэж харна гэж байгаа нь зөв үү?

-Үүнийг намынхнаас асуу. Би хүний өмнөөс хариулж болохгүй. Гүйцэтгэх товчоо олонхиороо шийддэг. Олонхиороо шийдсэн бүх шийдвэрийг дагана. Харин би байр сууриа Гүйцэтгэх товчооныхоо хурал дээр илэрхийлнэ. Би намынхаа Дэд даргын мэдэгдлийг харж байна. Бас намынхаа Дэд даргын шийдвэрийг дагаад явна. Түүнээс Гүйцэтгэх товчоог төлөөлж ярихгүй. Хуралдаа суугаагүй байж сонинд байр сууриа илэрхийлэх нь ёс зүйгүй үйлдэл. Гүйцэтгэх товчоо Засгийн газарт орно гэвэл түүнийг л дагана.

-Гүйцэтгэх товчооны шийдсэнээр танай нам Засгийн газраас гарвал "Шударга ёс" эвсэл тарах магадлалтай. Тэгвэл жагсаалтаар орж ирсэн гишүүдийг УИХ-д үлдэх болов уу?

-Хуулийн дагуу л шийднэ. Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг л дагах юм билээ. Хуулиараа бол сул гишүүд л байх юм билээ.

-Сонгуулийн хуулиар эвсэл задарвал намууд суудлаа хэрхэн хуваарилж авахаа дотооддоо шийдэх юм биш үү. Намуудад суудал хуваарилах бол зарим гишуүдийг эргүүлэн татах уу?

-Нам дотроо хумүүсээ авахаа л шийднэ гэсэн үг. Өөрсдийнхөө намд хүмүүсээ авахаа, шийднэ гэж байгаа. Намууд тус тусдаа хурлаа хийгээд тогтоолоо СЕХ-нд хүргүүлнэ.

-Тэгэхээр зарим гишүүдийг татах, нам шинээр хүн оруулж ирэх магадлалтай юм биш үү?

-Үгуй. Үндсэн хуулийг давсан ямар ч хууль байж болохгүй. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр бүрэн эрх нь үүсдэг гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Яагаад хүмүүс тангараг өргөх гэж улайрч гүйгээд байна вэ. Зарим нь бүр гишүүдэд биш туганд тангараг өргөнө гээд байгаа шүү дээ.

-Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцэж байхад та байгаагүй гэсэн. Тэгвэл Гүйцэтгэх товчооны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Уг нь Засгийн газраас гармааргүй байгаа юм. Улс орноо бодоод, бондыг үр ашигтай зарцуулахаад бодоод Засгийн газраас гармааргүй байна. Гэхдээ иргэдийн, гишүүдийнхээ эрхийг зөрчиж, энэ намыг булшлах 360 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлээд явж байхад бид гар өргөөд дэмжээд байж болохгуй.

Ардчилсан намын эцсийн зорилго ирэх дервөн жил үүний дараагийн дөрвөн жил гэх мэтээр 20 жил төр барих бодлогодоо манай намыг ашиглаж байгаа. Тэгсэн атлаа манай намыг зөөлчиж, устгах зорилготой байна гэж манай намын ахмадууд болон би үзэж байгаа.

-Н.Энхбаярт оноосон ялыг Дээд шүүх хэвээр үлдээвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өлсгөлөн зарлана гэсэн. Та яах вэ?

-Би З.Баянсэлэнгэтэй уулзаагүй байна.