Д.Ганхуяг: Сайдад нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих ёстой
2012.01.12

Д.Ганхуяг: Сайдад нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих ёстой

АН-ын ҮЗХ-ны хурлын  шийдвэрээр тус нам хамтарсан Засгийн газраас гарч, АН-ын харьяалалтай сайд нар өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад гардуулан өглөө. Одоо МАН-ын зүгээс чөлөөлөгдсөн сайд, дэд сайд нарын оронд нөхөн томилгоо хийх юм. Сайдад шинээр нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих  нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд хэлж байна. Тэдний заримын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-АН-ын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр нэлээд хурц уур амьсгалд болж хамтарсан Засгийн газраас албан ёсоор гарлаа. Энэ хурлын үр дүнг нийгэм хэрхэн хүлээж авч байгаа бол. Та анзаарав уу?

-Сайтуудын сэтгэгдэл, надад ирж байгаа мессежүүд, хүмүүсийн ярианаас үзэхэд “Ардчилсан нам маань эргэж ирлээ. Баярлалаа” гэж олон хүн хэлж байна лээ. “Засгийн газартаа үлдэх ёстой” гэж хэлсэн ч хүмүүс байна. Тийм байр суурьтай хүн цөөн байна лээ. Эдгээрээс харахад АН бол зөвхөн нам доторх хүмүүсийн, гишүүдийн нам биш, нийгмийн нам юм байна. Ард түмний бодол саналыг илэрхийлдэг нам юм байна гэдэг харагдлаа. Сонгогч олон түмэн АН-ыг 2008 онд УИХ-д цөөнхөөр сонгосон. Цөөнх бол зөвхөн шүүмжлээд суух биш, хамгийн гол нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Улс төрийн хариуцлага тооцно. Парламентын засаглалын ил тод байдлыг хангана. Энэ байр суурь дээрээ АН ирлээ. Үүнийг нийгэм мэдэрч хүлээж авч байна. АН-ын гишүүд ч нийгмийн уур амьсгалыг мэдэрсэн эрүүл саруул байгаа юм байна гэдгийг ҮЗХ-ны хурал илэрхийллээ.

-Парламент өнөөдрөөс сөрөг хүчинтэй боллоо гэж үзэж болох уу?

-Цөөнхтэй боллоо гэсэн үг. Бид өмнөхийн адил хуулиа батлалцана. Батлалцана гэдэг хэрэлдээд сууна гэсэн үг биш. Парламент ил тод байх ёстой. Хэний бодлого зөв бэ гэдгийг мэтгэлцээнээр гаргаж ирнэ. Парламент, парламентын гишүүний хоёр үндсэн үүрэг байдаг. Нэг нь хууль баталдаг, нөгөө нь баталсан хуулийн хэрэгжилтийг хянадаг. Тэр хяналт сайжирна. Иргэд “Байгалийн баялгийн хуваарилалтыг шударга явуулаач. Хэдхэн хүнд очлоо, эсвэл гаднынхны мэдэлд өглөө” гэдэг. Авлигын индекс өсч, ядуурал нэмэгдсэн. Энэ бүхэн дээр АН ажиллана. Олонх болсон МАН засгаа хурдан байгуулаад ажиллаасай гэж бодож байна.

-МАН-ын шинэ сайд нарыг ямар шалгуураар гаргаасай гэж та хүсч байгаа вэ?

-Засгийн газрын гишүүн хүнд том шалгуурууд байх ёстой. Ёс зүйн шалгуур, ашиг сонирхлын зөрчлийн шалгуур заавал байх ёстой. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг сайн хэрэгжүүлдэг хүн байх ёстой. Авлига, хээл хахуультай орооцолдсон хүн байх ёсгүй. Ашигт малтмалын баялгийн хуваарилалттай холбогдоогүй, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын лицензэд оролцсон, эрх мэдлээ ашиглаад урт нэртэй хуулийн эсрэг лиценз авсан хүмүүс сайдад бүү нэр дэвшээсэй гэж бодож байна. Хотын газрыг хууль бусаар авахад, худалдахад оролцсон хүн байж болохгүй.

-Бас богино хугацаа үлдлээ гээд ажилдаа түр сэтгэлгээгээр хандаж болохгүй байх?

-Хоноцын сэтгэлтэй байж болохгүй. Тухайн салбарт хамаагүй мөртлөө салбарыг ашиглаад баяжсан хүн байж бас таарахгүй. Сайд нарыг УИХ-ын гишүүд шигшиж гаргах учир дээрх шалгууруудыг харгалзаж нэр дэвшигчдийг шигших учиртай. Ээдрээтэй, сонгуулийн жилд улстөрждөг, намын эрх ашгаа олон түмнийхээс дээгүүр тавьдаг хүн байх ёсгүй. АН ард түмний сонголтоор эргэж ирсэн учраас бүх нэр дэвшигчдийн хувьд нэгдсэн байр суурьтай орох болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.