Э.Амарбат:  Э.Эрдэнэжамьян захидал илгээсэн нь үнэн бол ичгэвтэр хэрэг
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат
2012.10.31

Э.Амарбат: Э.Эрдэнэжамьян захидал илгээсэн нь үнэн бол ичгэвтэр хэрэг

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянгаас өнгөрсөн даваа гарагт АТГ-ынхан гэрчийн мэдүүлэг авахаар ажлын байран дээр нь ирсэн бол өчигдөр сэжигтнээр татаж зарлан дуудах хуудас албан ёсоор гардуулж өгчээ. Энэ асуудлын талаар дэд сайд болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат нараас  дараах тодруулгыг авлаа.

-Урьд­чилан мэдэг­дэл­гүй­гээр  Хууль зүйн дэд сайдаас мэдүүлэг ав­­сан. Энэ нь хуулийн үндэслэлтэй юу?

-Н.Энхбаярт холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн бай­­цаалт явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхээр шийдвэрлүүлснийг Мон­голын ард түмэн мэдэж байгаа.

Энэ хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүс гадаадад байгаа гэж шалгуулалгүй өнгөрсөн. Дээрх хүмүүстэй холбоотой хэргийг Н.Энхбаярын хэргээс тусгаарласан. Ер нь гадаадад байгаа хүмүүсийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахыг хуулийн дагуу л явуулдаг. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйл буюу цахим шуудан илгээсэн байна. Интерполын Монголын товчооноос дээрх утгатай имэйл тус газар руу явсан байна.

-Тэгэхээр дээрх имэйлийг Хууль зүйн дэд сайд явуулсан гэсэн үг үү. Шалгаж өгөх хүсэлтийг тус газраас танайд гаргасан юм уу?

-Хуулиар ярих юм бол “Интерполын хуулийн дагуу аливаа этгээдийг эрэн сурвалжлах болон бусад ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу явуулах зохицуулалттай” байдаг. “Дээрх зохицуулалтаас гадуур захидал ирээд байна, тодруулж өгөөч” гэж Интерполын нарийн бичгийн даргын газраас хүсэлт ирсэн юм. Дээрх асуудлын хүрээнд хэн нэгэн этгээд дэд сайдын нэрийг барьсан уу, эсвэл үнэхээр өөрөө явуулав уу гэдгийг шалгах гэж байсан.

Үүний дагуу Хууль зүйн дэд сайдаас мэдүүлэг авах гэж байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүний өрөөнд нь орж ирж байцаалтын ажиллагааг тасалдуулсан. Байцаалт түүний албаны өрөөнд явагдсан. Эрх, үүрэгтэйгээ танилцаад гарын үсгээ зурж, тайлбараа өгч эхэлж байсан. Манай ажилтнууд хуулийн дагуу байгаа газарт нь очиж тайлбар авч эхлээд байсан Түүнээс тэдний ярьж байгаа шиг АТГ-ынхан хууль зөрчсөн гэх асуудал байхгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу байцаагдаж буй этгээдийн байгаа газарт байцаалт явуулах бүрэн боломжтой. Энэ хүрээнд хийгдсэн ажиллагаа тасалдсан. Ер нь мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх, саад хийх аливаа оролдлогыг хэн ч гаргаж болохгүй. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой.Хэрвээ Э.Эрдэнэжамъян төрийн албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол зохимжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тиймээс АТГ-ынхан нягталж үзэх ёстой гэж үзээд мэдүүлэг авах гэж байсан юм” гэв.

-Энэ асуудал дэд сайдад эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай шалтгаан мөн үү?

-Ямар ч байсан тэр хүн мэдүүлэг өгөх ёстой. Бидний зүгээс сэжигтнээр тооцон шалгах болно. Тэдний зүгээс маш ондоо тайлбаруудыг хэвэлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн байна билээ” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.