Тайван Кувейтэд тайван бус сонгууль болж байна
Сонгуулийн өмнөх өдөр буюу 30-ны бямба гаригт Кувейтийн нийслэлийн гудамжинд хэдэн арван мянган хүн гарч, Сонгуулийн хуульд саяхан оруулсан нэмэлт өөрчлөлтийг цуцлахыг шаардаж, саналаа өгөхгүй байхыг иргэдэд уриалан жагссан нь үргэлжлэв.
2012.12.04

Тайван Кувейтэд тайван бус сонгууль болж байна

Кувейтэд өчигдөр хугацаанаас өмнөх парламентын сонгууль эхлэв. Сөрөг хүчин энэ сонгуульд оролцохгүй хэмээн бойкотлож, олон нийт төрийн тэргүүн, түүний бодлогыг эсэргүүцэн жагсаж байна.

Кувейтийн эмир Shaikh Sabah Al Ahmed Al Jaber Al Sabah энэ парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль зарласан билээ.

Кувейтэд цэргийн алба хаагчдаас бусад 21 нас хүрсэн иргэн сонгуульд оролцдог бөгөөд “Kuwait News” агентлагийн мэдээлснээр, энэ сонгуульд 422 мянган хүн санал өгөхөөр бүртгэгджээ. Нийт таван тойрог тус бүрээс 10 хүн сонгогдох бөгөөд улсын хэмжээгээр 100 сонгуулийн хэсэг байгуулсан байна. Нэг танхимтай Үндэсний чуулганы 50 суудалд энэ жил 307 нэр дэвшигч, тэр дундаа 14 эмэгтэй өрсөлдөж байгаа юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард болсон өмнөх сонгуулиар байгуулагдсан боловч татан буугдсан парламентад олонх байсан сөрөг хүчин энэ сонгуульд оролцоогүй бөгөөд энэ нь шинэ парламентад одоогийн эрх баригчид үнэмлэхүй олонх болно гэсэн үг юм.

Сонгуулийн хуульд саяхан оруулсан нэмэлт өөрчлөлтийг цуцлахыг шаардаж, саналаа өгөхгүй байхыг иргэдэд уриалан жагссан нь өчигдөр ч үргэлжлэв. Эсэргүүцлийн өмнөх арга хэмжээнээс ялгаатай нь энэ удаа жагсаал хийхийг эрх баригчид зөвшөөрсөн юм. Сөрөг хүчнийхэн сонгуулийн дараа ч орон даяар жагсаал цуглаан хийхийг уриалсан байна.

Хоёрдугаар сарын сонгуулийн үр дүнг Үндсэн хуулийн цэц хүчингүйд тооцсон шийдвэрийг өнгөрөгч зургадугаар сард гаргасны дараа Кувейтэд улс төрийн хямралын шинэ үе шат эхэлсэн билээ.

Лалынхан, тэр дундаа сүннитүүд давамгайлсан сөрөг хүчин өнгөрсөн өвлийн сонгуульд ялж парламентын 50 суудлын 34-ийг авсан юм.

Гэвч дөрвөн сарын дараа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр, 2009 онд гарч ирээд бүрэн эрхийн хугацаа нь дуусаад байсан парламент сэргээн байгуулагдаж 2012 оны 10 дугаар сар хүртэл ажилласан байна. Улмаар эмир ас-Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах энэ парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль зарласан билээ.

Хэдийгээр Кувейтийн хуулиар парламентын сонгууль дөрвөн жил тутам болдог боловч эмирийн гэр бүлийн хяналтад байдаг Засгийн газар болон парламентын хооронд засгийн эрхийн төлөөх тэмцэл үргэлжилсэн сүүлийн зургаан жилд болж буй тав дахь сонгууль нь энэ удаагийнх юм. Кувейт нь Үндсэн хуульт хаант улс бөгөөд ерөнхий сайдыг төрийн тэргүүн буюу эмир томилдог. Харин сөрөг хүчин Засгийн газрыг парламентаас томилдог болгох, хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг өргөжүүлэхийн төлөө тэмцэж байгаа юм. Өнөөгийн байдлаар Кувейтийн парламентийн гишүүд хуульд хориг тавихаас өөрөөр хууль тогтоох ямар нэг эрх мэдэлгүй шахуу байгаа юм. Гэхдээ Персийн булангийн бусад орны парламенттай харьцуулбал Кувейтийн Үндэсний чуулган харин ч өргөн эрхтэй гэгддэг байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөн оргилдоо хүрсэн 10 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, утаан бөмбөг хэрэглэж, жагсагчид тэдэн рүү чулуу, лонх нүүлгэсэн нь Кувейтийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй явдал болсон юм.

2006 онд засгийн эрхэнд гарсан өнөөгийн эмир ас-Сабахын үед парламентыг 2006, 2008, 2011, 2012 онд нийт дөрвөн удаа тараасны хамгийн сүүлийнх нь улс орны дотоод дахь улс төрийн хямрал хурцдсанаар эдийн засгийн хөгжил саарсан хүнд үед таарсан юм. Үүнээс хойш тус улсад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн тасраагүй бөгөөд Сонгуулийн хуулийн өөрчлөлт, парламентын дахин сонгуулиас гадна ардчилсан өөрчлөлт хийх, эрх баригчдын авлигатай тэмцэх чанд хатуу хууль гаргахыг шаардсаар иржээ.

 Энэ явдлын үр дүнд хэдэн арван хүн гэмтэж бэртэн, цагдаагийнхан хэдэн зуун иргэнийг баривчилсан билээ. Харин Кувейтийн эмир Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг зөвтгөж, дахин сонгууль явуулах “улс оронд хүчирхийлэл эмх замбараагүй байдал гаргахын” эсрэг хатуу зогсохоо мэдэгдсэн юм