Сайд асан хуучин буйраа эргэв
УИХ-ын гишүүн Л.Гансүх өчигдөр БОАЖЯ-нд зочилж, уулзалт хийлээ. Уулзалтаар "Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, голын эхийг байгалийн аясаар нөхөн сэргээх", "Туул усан цогцолбор"-ын техник-эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа", Монгол орны говь хээрийн бүст алсын зайд ус дамжуулах "Орхон-Говь" гэсэн гурван төслийн ажлын явцын талаар мэдээлэл сонсч, зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө. Гурван төслийн ажлын явцыг танилцуулах уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон, холбогдох газрын дарга нараас гадна Усны газар, Дэлхийн банкны төлөөлөл оролцсон юм.
Сэлбэ гол энэ хавар урсацтай байна
Сэлбэ голын эхний цутгал "Бага баян"-гийн голын дагуу хэсэгхэн зурвас газарт зохиомол аргаар зузаан мөсөн халиа тошин үүсгэж, зузаан мөсний хайлмал усаар хавар, зуны усны хомс үед голын эхийг тэтгэж, урсацыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршиж байгаа аж. Энэ ажлыг өнгөрсөн оны эцсээр эхлүүлж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар дараах ажлуудыг гүйцэтгэжээ. Мөсөн халиа тошин үүсгэх зорилгоор гурван худаг гаргаж тоноглосон байна. Одоогийн байдлаар 32 га талбайд 1.6 метрийн зузаантай 270 мянган орчим шоо м мөсөн тошин үүсгэжээ. Энэ мөсөн халиа долдугаар сар хүртэл Сэлбэ голыг урсацтай байлгах нөхцөл бүрдүүлж байгаа аж. Голын голдирлын дагуу байгалийн аясаар үүссэн мөсний дундаж өргөн 8-10м, гүн нь 0.8-1.2м байгаа гэнэ. "Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, голын эхийг байгалийн аясаар нөхөн сэргээх" төслийн явцыг УИХ-ын гишүүн Л.Гансүх төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжиж байна гэж онцлоод ирэх жилийн ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлэх чиглэл өглөө.
Улаанбаатарчуудын усны хэрэглээг хангаж чадахгүй
Үүний дараа 'Туул усан цогцолбор"-ын техник-эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа" төслийн явц байдалтай танилцав. Туул голын сав газарт гадаргын болон газрын доорх усны хуримтлал бий болгож, усны нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судлах, Улаанбаатар хотын ус хэрэглээний хэтийн төлөвлөлтийг 2030-2050 оны түвшинд тодорхойлж, хэтийн төлөвлөлтийн дагуу зураг төсөл боловсруулахад техникийн шийдэл гаргахад төслийн зорилго чиглэсэн. Үүний тулд дараах үндсэн гурван чиглэлийн судалгааг энэ төслийн хүрээнд хийжээ.
Нийслэлийн цэвэр усны хангамжид газрын доорх усны эх үүсвэрээс олборлох хэмжээг одоогийн түвшинд барьж, үүнээс давсан хэрэгцээг гадаргын ус хуримтлуулан ашиглах шаардлага тулгараад байгаа аж. Учир нь 2020 оноос цааш газрын доорх усны хуримтлалын нөөц нь Улаанбаатар хотын усны хэрэглээг хангаж чадахгүй нөхцөлтэй байгаа юм. Иймд Туул голын урсацыг тохируулах замаар Улаанбаатар хотын усан хангамжийг алс хэтэд найдвартай хангах, үерийн ус хуримтлуулах, усны эрчим хүч гарган авах, ус цэнгэгжүүлэх байгууламж бүхий цогцолбор байгууламж барих шаардлагатай байгаа аж. Түүнчлэн томоо-хон үйлдвэр, обьектийн усны хангамжийг шийдвэрлэх шийдлийг энэ төслөөр гаргаж ирэх юм байна.
Орхон голын үерийн урсацаас усан сан бий болгоно
Орхон голд урсацын олон жилийн тохируулга хийсний үндсэн дээр урсацын 4-5 хувьтай тэнцэх хэмжээний усыг усан санд нөөцлөн, говь, тал хээрийн хуурай бүс нутагт механик өргөлтөөр яндан хоолойгоор дамжуулан шилжүүлж, зөв зохистой ашиглах, нэгэнт хуримтлуулсан усны нөөцөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд энэ төслийн гол зорилго оршиж байгаа аж. Энэ төслөөр 40 мянган ам км талбайд Орхон голын үерийн урсацаас дунджаар 232 сая шоо м усан сан бий болгох, үүнээс секундэд 2.2 шоо м хэмжээтэй усыг шугам хоолойгоор дамжуулан говийн бүсийн гурван аймгийн. найман сумын хөдөө аж ахуй, байгаль орчин, тухайн бүс нутаг дахь хот суурин, үйлдвэр аж ахуйн газрууд, Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхай, эрчим хүчний үйлдвэр үүдийн усны хэрэглээний тодорхой хувийг хангахаар тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, дамжуулах шугамыг 15 км тутамд буюу нийт 50 цэгт ус түгээх байгууламж байгуулснаар 100 мянган га бэлчээрийн нэг сая орчим толгой мал, Мандалговь, Даланзадгад хот, найман сумын төв, шинээр байгуулагдах уул уурхайн суурингуудын 100-120 мянган хүн амыг ундны усаар хангах, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутагт 2000-3000 га талбайд усалгаатай тариалан эрхлэх бололцоо нээгдэх аж. Судалгааны үр дүнд энэ төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба энэ төсөлтэй хамт төмөр зам барих зэрэг өөр таван томоохон төслийн хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэхээр болжээ. Бусад төслийн ажлын явц удаашрах, хүлээгдэх хандлагатай бай-гаа тул "Орхон говь" төслийг дээрх багцаас салгаж, тусад нь санхүүжүүлэх боломжийг судалж, яаралтай шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Л.Гансүх гишүүн үзэж буйгаа дуулгав.