2012.03.30
Эрдэмтдийн саналыг ажил хэрэг болго гэв
Агаар дахь утаа, зарим хортой хийг багасгах талаарх эрдэмтдийн саналыг бодит ажил болгоход анхаарч ажиллана
Монгол Улс, Улаанбаатар хот
2012 оны 3-р сарын 30.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албанаас “АГААР ДАХЬ УТАА, ХҮЛЭМЖИЙН ХИЙ, БОХИРДУУЛАГЧ БУСАД ХИЙГ АРИЛГАХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” сэдэвт уулзалтыг 2012 оны 3 дугаар сарын 30-нд зохион байгуулав. Уулзалт ярилцлагад Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, Монгол улсын их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль болон холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Агаарт нэгэнт гарсан утаа, хүлэмжийн хий, агаар бохирдуулагч бусад хийг арилгах, сарниулах, шингээх шинжлэх ухааны үндэслэл, техник, технологийн шийдэл, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой зарим арга зам, технологиудыг тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго байв.Уулзалтаар эрдэмтэд, судлаачид дараах чиглэлийн асуудлуудаар санал солилцов.
Үүнд: 1) Агаарын бохирдол, утаа, хүлэмжийн хий үүсэх шалтгаан, эх үүсвэр ба түүнийг арилгах боломж, арга зам
2) Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсэх орчин зүйн болон уур амьсгалын нөхцөл, инверсийн давхарга
3) Хот орчмын инверсийн давхаргыг задлах, газар орчмын турбулентийн солилцоог нэмэгдүүлэх, албадан өдөөх боломж, арга зам
4) Түлшний шаталтын явцад агаарт ялгарсан утаа, хүлэмжийн хийг арилгах, багасгах боломж арга зам
Ярилцлагад оролцогсод эдгээр асуудлаар санал бодол, дүгнэлтээ идэвхтэй илэрхийлж, уг асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухаан, технологийн зарим тодорхой шийдлийг санал болгон, тэдгээрийг туршиж хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тухайлбал, нарны гэрэл хуримтлуулах, нэмэлт халалт бий болгох замаар газрын гадарга болон агаарын хэт хөрсөн доод хэсгийг халааж, агаарын солилцоог өдөөх, нэмэгдүүлэх, улмаар инверсийн давхаргыг задлах боломжтойг эрдэмтэд илэрхийлэв.
Мөн агаар дахь утаа, бусад хүлэмжийн хийг барих, шингээх, тэдгээрийн хортой хэсгийг арилгах шинжлэх ухааны арга байж болох талаар эрдэмтэд саналаа илэрхийллээ.Агаар дахь утаа, зарим хортой хийг багасгах, арилгах боломжтой арга технологийн урьдчилсан жагсаалт гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд холбогдох арга хэмжээ авах, улмаар бодит нөхцөлд турших боломж олгохыг уулзалтын төгсгөлд эрдэмтэн судлаачид БОАЖЯ-нд санал болголоо.Эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн дээрх саналыг хэрэгжүүлэх, бодит ажил болгох талаар холбогдох байгууллагуудад уламжлан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Эх сурвалж
Байгал орчин аялал жуулчлалын яам
Байгал орчин аялал жуулчлалын яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.