Чингисийн түүхийг тодруулсан “Дорнод аялал”
2011.08.30

Чингисийн түүхийг тодруулсан “Дорнод аялал”

Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбооны санаачилгаар «Дорнод аялал»-ыг зохион байгуулжээ. Дорнод нутгийнхаа түүхэн дурсгалт газруудыг залуучуудад таниулах, тэдэнд эх оронч хүмүүжил олгох, цаашид Дорнод аймгийн нутгийг тойрсон аялал жуулчлалын маршрут бий болгох зорилготой

энэхүү аяллыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ивээн тэтгэж, оюутан залуустай хамт аялсан байна.

«Дорнод аялал»-ын баг Дорнод аймгийн Баян-Уул сумаас гараагаа эхэлж, Өэлүн эхийн төрсөн тоонот, Олхонууд аймгийн нутаг Ульхан уул,Онон мөрөн, Тэмүүжин, Тоорил ван хан нар хамтарч Татаарыг дарсан Улзын Нарст шүтээн, буриадуудын дунд 1200 жил дуулагдсан «Заян Наваа» дуунд зориулсан гэрэлт хөшөө, Угтамын хийдээр оржээ.

Мөн Чингисийн хэрмэн зам, Чингисийн худаг, Монголын хамгийн нам дор газар Хөх нуур, Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо, Есүхэй баатар татааруудад хорлогдсон Цэгцэрийн шар тал, татаарууд хийгээд хонгирадуудын нутаглаж байсан Буйр нуур, Халхын гол, Мэнэн, Тамсаг, Матадын талаар аялсан байна.

«Дорнод аялал»-д цаашид зураач уран бүтээлчид, эрдэмтэн мэргэд, түүх судлаачдыг хамруулах бодолтой байгаагаа УИХ-ын гишүүн П.Алтангэрэл энэ үеэр мэдэгджээ. Ийнхүү Дорнод нутгийн түүхэн дурсгалт газар хийгээд байгалийн үзэсгэлэнг урлагийн бүтээл болон ном, сударт мөнхөлснөөр гадаад, дотоодын аялагчдын сонирхлыг татах, утаагүй үйлдвэрлэл болсон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.