Г.Баярсайхан:УИХ-ын гишүүдийг дунд сургуулийн сурагчид шиг байнга цагдах боломжгүй
2010.12.28

Г.Баярсайхан:УИХ-ын гишүүдийг дунд сургуулийн сурагчид шиг байнга цагдах боломжгүй

УИХ-ын Ёс зүйн дэд хороо саяхан хуралдсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.

-Ёс зүйн дэд хороогоор ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Гишүүдийн гадаад томилгоотой холбоотой гомдол ирсэн. Манай Ёс зүйн дэд хороо хуралдаад "УИХ-ын гишүүд гадаадад томилолтоор явахдаа тогтоосон заавар журмыг баримтлах ёстой. УИХ өөрөө томилолт өгч явуулсан гишүүнээ удирдамжийн дагуу явсан эсэхийг нь хянаж байх ёстой" гэсэн дүгнэлт гаргасан.

-Ёс зүйн иймэрхүү доголдол гаргасан гишүүнд тусгайлан хариуцлага тооцдоггүй юм уу?

-Улс төрд ёс зүйн доголдол, ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж хэлж чадахгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тодорхой заагаад өгчихсөн. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар байр сууриа илэрхийлбэл УИХ-ын гишүүн тухайн хуралд оролцохгүй байх жишээтэй. Ёс зүйн дүрмийн дагуу дэд хороо гишүүдэд хариуцлага тооцно гэвэл бас учир дутагдалтай. Манай хороо бол УИХ-ын гишүүн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх тухай дүгнэлтийг л гаргаж байгаа. Тэгэхээр Ёс зүйн дүрмийг улам сайжруулах шаардлагатай болж байна.

-Ёс зүйн дэд хороонд гишүүдийн ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол шинээр ирсэн үү?

-Одоогоор алга.

-Зарим УИХ-ын гишүүн рекламд тоглож байгаа нь нэлээд шүүмжлэлд өртөөд авсан. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Тухайн үед рекламд тоглосон гишүүдэд "Зохисгүй зүйл болж байна" гэдгийг нь сануулсан.

-УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаар томилгоо хийх болохоор ирээд, төсөл хэлэлцэх болохоор хаяад явчих нь түгээмэл болжээ. Үүнд ямар аргахэмжээ авах ёстой юм бэ?

УИХ-ын ирц тааруу байгаа нь тодорхой. Гэхдээ намрын чуулган завсарлах үеэр ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн ирцийг дүгнэнэ. Түүнээс биш дунд сургуулийн сурагчид шиг тэднийг байнга цагдах боломжгүй. Энэ бол УИХ-ын гишүүний хувь хүнийх нь ухамсар,ёс зүйтэй холбоотой асуудал. Эх орны хөгжилтэй холбоотой чухал асуудал хэлэлцэж байгаа учраас тэр энэ гэж ялгалгүй бүгд чуулганы хуралдаа суух ёстой.

-Чуулганы хуралдааны үеэр эзэнгүй байгаа гишүүдийнхээ өмнөөс кноп дарж санал хураалтад оролцдог энэ байдал арилах вэ?

-Мэдээж энэ бол буруу зүйл. Их хурлын дарга ч хуралдааны үед гишүүдэд байнга сануулдаг. Япон улсын парламентын танхимд хүний өмнөөс кноп дараад огцорч байсан шүү. дээ.

-Чуулганы танхимд гишүүд бие бие рүүгээ дайрах, элдвээр хэлэх нь бишгүй. Энэ хэвийнүзэгдэл болчихсон юм биш үү?

-Ач холбогдолтой чухал асуудал дээр гишүүдийн дунд ажил хэрэгч мэтгэлцээн өрнөдөг. Зарим үед сэтгэлийн хөдлөлөө хурц илэрхийлэх тохиолдол байдаг. Гэвч би Ёс зүйн дэд хороог ахалж байгаа ч гэлээ гишүүдэд "та ингэж хэл" гэж зааж болохгүй л дээ. Тэгэхээр хувь хүний итгэл үнэмшил, ухамсартай холбоотой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.