Ж.Батсуурь сонгогчдын асуултанд хариуллаа
Манай сайтны 76-аас асууя буланд маань энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хариултаа ирүүлжээ. Хэрвээ та бүхэн өөрсдийн тойргийн гишүүдээс асуулт асуухыг хүсвэл бидэнд хандаарай.
- Дорноговь аймгийн мэдээлэл, эрүүл мэнд, боловсролын салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Сайншандын хүн ам маш ихээр нэмэгдэж байна. Түүнийг дагаад Сургуулийн өмнөх насны боловсролыг олгох хэрэгтэй болж байна. Цэцэрлэгүүд хүрэлцээгүй болж байгааг та мэдэж байна уу... Сайншандад төмөр замд шинээр Цэцэрлэг байгуулах хэрэгцээ байна. Энэ талаар анхаараач. Ер нь Сайншандад цэцэрлэг хүрэлцээгүй болж байгаа... Энэ талаар анхаарна гэдэгт найдаж байна.
- Сайншандын төмөр зам буюу 4-р багт, зарим сумдад хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгаа тухай санал ирүүлжээ. Хүүхдийн цэцэрлэг шинээр барих, шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлыг ээлж дараалан хийж байгаа боловч цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрэн хамруулж чадахгүй л байна. Дорноговь, Говьсүмбэр аймгуудад одоогоор хүүхдийн цэцэрлэггүй сум байхгүй. Харин шинээр барих шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлага байгаа.
Миний бие аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төр засаг та бүгдийн дэмжлэгээр, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Сайншанд, Улаанбадрах, Эрдэнэ сумдад шинээр цэцэрлэг барьж Өргөн, Айраг, Мандах, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хөвсгөл, Даланжаргалан, Хатанбулаг, Сайншанд, Зүүнбаян сумдын цэцэрлэгүүдийг шинэчилж их засвар хийж бүх сумдын цэцэрлэгүүдэд гэр цэцэрлэг олгосон.
Мөн 2008 онд Сайншанд, Замын-Үүдэд дараагийн шинэ цэцэрлэгүүдийн барилгыг барьж эхлүүлсэн, одоо ашиглалтанд орж байгаа. Говьсүмбэр аймгийн төв, мөн Шивээговь суманд цэцэрлэгийн барилгыг шийдвэрлэж ашиглалтанд орууллаа.
Харин одоо цэцэрлэг шинээр барих, шинэчлэх бодлогыг аймгийн удирдлагууд шийдвэрлэх учиртай. Миний бие УИХ-ын гишүүний хувьд Монгол улсын хэмжээнд хүүхдүүдийг цэцэрлэгт хамралтыг нэмэгдүүлэх, Дорноговь, Говьсүмбэр аймагт цэцэрлэгийн барилгыг шинээр барих, шинэчлэх орон нутгийн саналыг дэмжиж салбарын яам , засгийн газарт санал хүргэж, улсын төсөвт тусгах замаар ээлж дараатай шийдвэрлэж байна.
- Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргэе.Би Говьсүмбэр аймгаас бичиж байна.Манай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвд оюу толгойд хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэнэ гээд хүмүүсээ бүртгэсэн боловч одоо болтол хичээл нь эхлээгүй шалгалт авна гээд хүлээлгээд,сүүл дээ хичээллэхгүй сураг дуулдах боллоо.Уг нь хэрэв энэ сургалт эхлээд хүмүүсээ мэргэжлийн ажилчин болгоод оюу толгойд ажиллуулбал наанадаж нэг ч гэсэн айлын амьдрал сайжирч,цаанадаж улс эх орныхоо их бүтээн байгуулалтанд гар бие оролцох аз бидэнд тохиох болно.Иймд та энэ талаар сураг тавьж өгвөл бид их баярлах байна.Бидэнд одоо бэлэн мөнгө хэрэггүй тогтвортой цалинтай ажил хэрэгтэй байгааг минь та ойлгоно уу.Ингээд бидэнд тус болно гэж таньд найдаж энэ захиаг бичлээ.Таны ажилд тань амжилт хүсье.
- Говьсүмбэр аймгийн “Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв”-д Оюутолгой, уул уурхайн салбарт хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгоор элсэлт авч хичээл нь эхэлсэн билээ. Уг элсэлтийн шалгалтанд 103 хүн бүртгүүлж 17 хүн шалгалтанд тэнцэж, хичээлдээ орсон юм байна.
- Намайг Хүдэрчулуун овогтой Дуламсүрэн гэдэг. Би Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын 11 жилийн 3-р ахлах сургуулийг төгсөж байгаа. Миний хувьд урлагийн суралцах хүсэл эрмэлзэлтэй байгаа тул ямар нэгэн тэтгэлэгт хамрагдах боломж байгаа эсэхийг мэдэх гэсэн юм. .
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын сургуулийн 11-р ангийг төгсөх Хүдэрчулууны Дуламсүрэн таны хувьд гадаадад суралцах хүсэлтэй байгаа юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон нилээд олон орны элчин сайдын яамдууд жил бүр нээлттэй шалгалт зарлаж, шалгалтанд тэнцэж болзол хангасан хүүхдүүдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж гадаадын улс оронд сургаж байгаа. Монгол улсын Засгийн газар гадаадын улс орнуудын Засгийн газартай хэлэлцээр хийж, тухайн орны Засгийн газар төлбөрийг нь хариуцаж гадаадад суралцах оюутны тоог жил бүр нэмэгдүүлж байна. Энэ асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцдаг тул Дуламсүрэн та аймгийнхаа Боловсрол, соёлын газарт болон сумын Засаг даргын тамгын газрын боловсрол хариуцсан хүмүүсээр дамжуулж судлаарай. Зарим компани өөрийн зардлаар сонгон шалгаруулалт зарлаж гадаадад оюутан, залуучуудыг сургах ажлыг зохион байгуулж байгаа.