Хүний эрхийн ноцтой зөрчил байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгууллаа
Өчигдөр Хүний эрхийн дэд хороо үргэлжлүүлэн хуралдлаа. Тус дэд хороонд хандан ирүүлсэн өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг авч хэлэлцээд, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
Франц улсад амьдарч байсан Д.Энхбат агсныг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан, эх оронд нь хулгайлан авчран, улмаар хилсээр гүтгэн, амь насыг нь хохироосон хэрэгтэй холбогдуулж, өмгөөлөгч Л.Санжаасүрэн УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргажээ. Уг өргөдлийг хоёр сарын өмнө ирүүлсэн байна. Тэрбээр Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа шоронд хүртэл хоригдож байсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байгаагаа уг өргөдөлд дурджээ. Түүнчлэн эл хэрэгтэй холбогдуулж, Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн үндэсний комисст хандан хүний эрхийн зөрчил ямар түвшинд байгаа талаар санал ирүүлээч гэсэн хүсэлт тавьжээ.
Харин албан бичгийн хариунд Монголд хүний эрхийн зөрчил өндөр түвшинд байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс 2003 онд хууль хяналтын байгууллагад хандан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа талаар албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан ч “Нууцын зэрэглэлтэй ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс оролцох шаардлагагүй” гэсэн утга бүхий хариултыг авч, тус байгууллагын эрх хэмжээ хүрээгүй, хуулийн байгууллагууд хамтран ажиллах сонирхолгүй байсан зэргийг хариу албан бичигтээ дурдсан байна.
Тиймээс Л.Санжаасүрэн өмгөөлөгчийн гаргасан өргөдөлд үндэслэн Монгол Улсад энэ төрлийн хүний эрхийн ноцтой зөрчил байгааг судлах шаардлагатай хэмээн үзэн, Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд багтжээ.