Ж.Сүхбаатар: Дөрвөн км зам уралдахаас талыг нь туулчихлаа
2010.08.20

Ж.Сүхбаатар: Дөрвөн км зам уралдахаас талыг нь туулчихлаа

Чуулган завсарлгаанаас хойш төрийн түшээд маань элдэв ажил хөөцөлдөн томилолтоор гадаад, дотоодыг зорьж байгаа. Зарим нь алжаалаа тайлахаар алс холыг зорих болсон. Хууль тогтоох байгууллага завсарласан энэх угацаанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ямар ажиламжуулж байгаа талаар ярилцлаа.

-Их завсарлагаа эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрч байна. Чухам юу амжууж байна даа?

-Хаврын чуулган завсарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд багагүй ажил ажууллаа. Хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, нэг ажлын хэсэг ахалж, нэр бүхий гишүүдийн санаачилж буй хуульд саналаа оруулсан. Төсвийн байнгын хорооны шугамаар зургаан гишүүн Өмнөд Африкийн Ботсван улс уул уурхайн баялгаа хэрхэн зөв зохистой ашиглаж буй, төрийн бодлого ямар байдагтай нь танилцсан юм.

-Уул уурхайн баялгаа ашиглаж байгаатай нь танилцлаа гэлээ. Яагаад Ботсваны туршлагыг судлав. Уг нь, Чили, Норвегийн талаар их ярьдаг шүү дээ?

-Тавантолгой, Оюутолгойн баялгаа хэрхэн ашиглах вэ гэдэг дээр гишүүд нэлээд маргалдаж дээрх улсуудын жишгийн талаар ярьж байсан. Бас өөр бусад орны тухай ч дурдаж байлаа. Бидний очсон улс нь өөрийн гэсэн онцлогтой юм билээ. Мөн уул уурхайн баялгаа зөв зохистой ашиглаж, төсвийн орлогоо бүрдүүлж чадаж байгаа орнуудын төвшинг ОУВС, Дэлхийн банк гаргадаг. Ийм орны тоонд Өмнөд Ботсваныг байнга оруулж дурьддаг. Ерөнхийдөө Чили, Ботсван, Норвегийн туршлага нь дэлхийд загвар болохуйц гэж үзсээр ирж. Хүн амын хувьд манайхаас арай бага буюу хоёр сая орчим байдаг юм билээ. Гэхдээ нэлээд хожуу 1966 онд тусгаар тогтносон ч асар богино хугацаанд маш эрчимтэй хөгжсөн улс. Тусгаар улс болон зарлаж байх үедээ ердөө гуравхан км замтай байсан бол өнөөдөр дэд бүтцээ шийдчихсэн байна. Улсын төсөв нь манайхаас гурав дахин том, орлогоо зөв зохистой зарцуулж гайхамшигтай хөгжилд хүрсэн байна. Төсвийн зарцуулалт, уул уурхайн баялгаа хэрхэн ашиглаж байгаа талаар нь сургамж авмаар зүйл их байна. Харин боловсролын төвшин доогуур гэдэг нь харагдлаа. Тиймээс эрүүл мэнд боловсролын салбартаа чамгүй хөрөнгө оруулж эхэлжээ. Бид ч тэдний жишгээр хөгжилд хүрэх боломжтой.

-Төсвийн орлого өндөр, уул уурхайн ашгийн хувьд дээгүүрт ордог болохоор халамж их өгдөг байх. Иймээс боловсролд нэг их анхаардаггүй юм болов уу?

-Тийм биш. Манай адил иргэдээ халамжилдаг, тусгай сан байгуулж, баялгаасаа олсон мөнгөө иргэдийнхээ гар дээр нь олгоод байгаа зүйл огт алга. Нийгмийн шинжтэй асуудлаа шууд бус зарчмаар буюу төсвийн бодлогоороо дамжуулан шийдэж байна. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд оруулж байгаа хөрөнгөөсөө л шийддэг юм байна. Тэтгэвэр тэтгэмжийнхээ тогтолцоогоор дамжуулан маш бага хэмжээгээр бэлэн мөнгө өгдөг гэсэн. Харин бид шал өөр, цүл пал хийтэл цацдаг мундаг улс.

-Уул уурхайн баялгаараа тэжээгддэг юм байна. Чухам ямар ашигт малтмал зонхилдог юм бол?

-Манай орны хувьд зэс, алтнаас орлого олдог бол тэднийх алмаз олборлон санхүүждэг. Ер нь, дэлхийд дээгүүрт орох ордтой. Сүүлийн үед ганц тулгууртай эдийн засгаа олон тулгуурт болгох бодлого баримталж,хувийн хэвшил, хөдөө аж ахуйгаа дэмжихээр ярьж байна. Мөн ашигт малтмал олборлон хөгжлийн санбайгуулж, ирээдүйд санхүүжих хөрөнгөө нөөцлөөд эхэлж. Тэдний нэг авууштай зүйл нь сонгуулийн амлалт байдаггүй юм байна. Төр засаг нь улс орны хөгжлийн хөтөлбөрөө зургаан жилээр баталчихдаг аж.Баталсан төлөвлөгөөндөө л захирагдан ажиллахаас тэс өөр зүйл гаргаж тавьдаггүй. Ийм ч учраас улс төрийн байдал нь тогтвортой байгаа нь харагдлаа. Гэтэл манайхны хувьд иргэдийн саналыг авахын тулд том том амлалт өгсөөр ирсэн. Бид дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын мөрийн хөтөлбөр гаргадаг. Энэ нь сонгуулийн амлалт, мөрөөдөлдөө хүрэхийн тулд гаргаж ирсэн зүйл. Одоо үүнээсээ татгалзаж үндэсний хөгжлийнхөө төлөвлөгөөг таван жилээр гаргавал элдвийн амлалтгүй, шударга сонгуультай болох болов уу.

-Ярианы сэдэв маань нэлээн хазайчихлаа. Хуулийн төслүүд дээр ажиллаж, ажлын хэсэг толгойлж байгаа гэсэн?

-Чуулган завсарлахаас өмнө Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль орж ирсэн. Хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгох зорилгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарган ахлагчаар нь намайг томилсон юм. Хотын асуудлаа шийдэхгүй бол өнөөдөр дэд бүтэц, хог, утаа гээд бүх зүйл төрийн нуруун дээр гарчихлаа. Тиймээс хот өөрөө санхүүгээ бүрдүүлдэг байх талаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Завсарлагааны хугацаанд нэлээн ч нухлаа. Ялгаж салгаж өгөх асуудлууд ч зөндөө байна. Тодруулбал, хот гэдэг нь засаг захиргааны нэгж биш юм. Аймаг нийслэл сум дүүрэг баг бол мөн. Гэтэл засаг захиргаа нутаг дэвсгэрт хамааруулан үзсээр ирлээ. Уг нь, хот тосгоны тухай хууль байдаг ч хэрэгжихгүй 17 жил унтчихсан юм. Намрын чуулганаар энэ хуулиа баталж, нийслэлд тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой болно.

-Магадгүй энэ хуулийг даган Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль ч өөрчлөгдөх байх л даа?

-Зөвхөн нийслэлийн эрх зүйн байдалд гол учир нь биш. Хот тосгон, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хүрээнд ч асуудал босч ирнэ. Бид хуучин шигээ өнгө төдий засал хийх үү, бодлогын хувьд ялгаж салгах уу гэдгийг ярих цаг болж. Байнгын хорооны даргын өгсөн чиглэлийн дагуу бол нэлээн ул суурьтай томоохон шинэчлэл хий гэсэн л дээ. Энэ дагуу томоохон асуудлуудыг орууллаа. Гэвч нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед гишүүд ямар байр сууринаас хандахыг мэдэхгүй юм. Ямар ч гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт улсын зэрэглэлтэй зургаан хот бий болгохоор заасан. Өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Удахгүй энэ асуудлаар шаардлага хүргүүлнэ. Гэхдээ дээр нь нэмж хоёр газрын нэрийг оруулахаар төлөвлөж байгаа.

-Хэзээ өргөн барих вэ?

-Одоогийн байдлаар ноорог хэлбэрээр бэлэн болчихсон. Өргөн барих бэлтгэл ажилдаа ороод явж байна. Ер нь, нийслэл орон нутгийг хөгжүүлэхэд маш том алхам болно гэж бодож байгаа шүү. Мөн Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Гадаадын орнуудын хууль, журам ямар байдагталаар судалж, харж л байгаа.

-Тойрогтоо ажилласан уу?

-Үгүй. Очих, ажиллах завгүй л явна. Жижиг сажиг ажлаар ганц хоёр удаа л очсон. Есдүгээр сар гаргаад тойргийнхоо бүх сумаар орж, иргэдтэйгээ уулзахаар төлөвлөсөн. Яахав наана нь хичээл сургууль эхлэх үед очиж таарна.

-Сонгуульт хугацааны тал нь дууслаа. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Тэмцээн уралдааны хамгийн сонирхолтой үе нь гараа бариа хоёр байдаг. Үүнтэй адил бид туулах ёстой замынхаа талыг нь тууллаа. Нэг үгээр хэлбэл, дөрвөн км замд уралдах ёстой байсан бол талыг нь туулчихаж. Одоо бариа харагдаж байна шүү дээ. Үлдсэн хугацаандаа аль болох үр дүнтэй ажиллах л хэрэгтэй байна. Юу хийсэн, үр ашиг нь юу байв гэдгийг сонгогчид, ард иргэд маань дүгнэх болов уу. Бидний хувьд тоо чухал биш үр дүн, хариуцлага гол нь. Өнгөрсөн чуулганаар олон ч хууль, хөтөлбөр баталсан. Их ажлын галт тэрэг парламентаас хөдөлсөн харин одоо Засгийн газар тээшинд нь хөрөнгө мөнгө, хариуцлагаа ачих л үлдсэн дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.