Ж.Сүхбаатар:Хөгжлийн төлөвлөлт байхгүйгээс төсвийг цаг зуурын зүйлд зарцуулдаг
2010.08.24

Ж.Сүхбаатар:Хөгжлийн төлөвлөлт байхгүйгээс төсвийг цаг зуурын зүйлд зарцуулдаг

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

- Та амарч байна уу. Ажиллаж байгаа учраас энд байна уу?

-УИХ-ын гишүүнийг хаана ч очсон байнга "асуудал" тулгардаг учраас амрангаа ажиллаж байдаг. Заримдаа шөнө сонгогчид утасдаад асуудал тавьдаг л юм. Гэхдээ сул, чөлөөтэй цаг чуулгантай байх үеийнхээс их гарч байна. Үүнийгээ ашиглаад Хөвсгөл нуурын эрэг дээр 4-5 хоног амарлаа. Уул уурхайн баялгаа зохистой ашигладаг, төсвийн зөв бодлого хэрэгжүүлдэгээрээ олон улсад жишээ болж яригддаг Чили, Ботсван, Норвегит гишүүд ажилласан. Би Ботсван яваад ирлээ. Эндээс хол л доо. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болдог ӨАБНУ-тай хиллэдэг.

-Алдарт дарангуйлагч Мугабегийн Зимбабве улстай бас хөрш...

-Ботсван улс Зимбабведээ бас эдийн засгийн туслалцаа үзүүлдэг юм байна лээ. Зимбабвед улс төр, эдийн засаг тогтвортой байх нь бүс нутаг болоод манай улсын хөгжилд хэрэгтэй гэж Ботсваны Сангийн сайд нь ярьсан. 90 сая гаруй долларын төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Ботсван хоёр сая орчим хүн амтай, байгалийн баялаг ихтэй ч манайхаас тэр нь бага. Бүс нутгийнх нь улс төр, эдийн засаг тийм ч тогтвортой биш хэрнээ Ботсван манайхаас хөгжлөөрөө түрүүлчихэж.

-Гурав дахин илүү хөгжсөн гэсэн яриа байдаг......

-ДНБ нь гурав дахин илүү юм билээ. Сүүлийн 20 жилд зөв бодлогоор хөгжиж иржээ. Төлөвлөлт сайтай юм билээ. Бид холбогох хүмүүсээс нь сонирхож асуусан. Үндэсний хөгжлөө зургаан жилээр төлөвлөдөг. Манайхан шиг сонгуулийн амлалт, түүнийхээ мөчлөгт зориулж Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөр суурилдаггүй. Монгол Улсад дунд хугацааны үндэсний хөгжлийн цогц бодлогоо эс тооцвол хөгжлийн төлөвлөлт гэж алга. Ботсван улс зургаан жилийнхээ төлөвлөлтөөс хазайдаггүй юм байна.

-Төсөл батлагдвал мөнгөн дүнгээр амлалт өгөхийг хориглох байх л даа, тэнд..

-Хуулиар хориглохдоо биш юм байна. Сонгуулийн амлалтад суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс татгалзах хэрэгтэй. Олон нийтэд таалагдахын тулд хүмүүсийн тулгамдсан асуудал болсон бүх л зүйлийг хамж шимсэн, тухай үеийн сэтгэл зүйд зориулсан хөтөлбөр нэртэй цаас л үйлдвэрлэдэг, манайхан. Ийм байдаггүй юм байна. Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцсон таван жилийн үндэсний хөгжлийн хөтөлбөртэй байх ёстой юм байна гэсэн бодол надад төрлөө. Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр байх нь зөв. Түүндээ багцалсан үндэсний хөгжлийн таван жилийн төлөвлөлттэй баймаар юм билээ, Монгол Улс. БНХАУ, БНСУ, Тайвань хөгжлөө төлөвлөснөөр хөгжиж байна. Улстөрчдийн амлалт, сонгогчдын шахаж шаардсан зүйлд үндэслэсэн баримт бичгээр хөгжлийн бодлогоо тодорхойлдог тогтолцооноос салах цаг болжээ.

-Манайхан чинь Азийн "чоно" болох гээд үзээд байгаа юм биш үү. Бодлогоо зөв гаргаад ирвэл Монгол Улс Монгол "чоно" болно оо гэж гадаадын нэг биш судлаач хэлсэн шүү дээ.....

-Азийн чоно болох гэж байгаа бол бэлтрэгээсээ эхлэх нь зүй. Чоно болох гээд байгаа бол хоолоо яаж олох, түүнийгээ хэрхэн зохистой хэрэглэх вэ гээд зөв бодлого хэрэгтэй биз дээ. Хөгжлийн зөв төлөвлөлт чухал байна. Улсын хийгээд хувийн хэвшлийн аль алинд нь хамаатай байх. Социализмын үеийнхтэй адилхан төлөвлөлт боловч арга зүйн хувьд их өөр шүү дээ. Хувийн хэвшилдээ суурилсан, зах зээлийн нийгмээ гажуудуулахгүй, иргэний нийгмээ дэмжсэн онол, арга зүйн үндэсний хөгжлийн төлөвлөлт одоогоор байхгүй байна. Ийм төлөвлөлт бий болчихвол Засгийн газар болгон мөрийн хөтөлбөртэй байх шаардлагагүй. Харин төсөв, мөнгөний бодлогоо үндэсний хөгжлийн төлөвлөлттэйгээ нийцүүлж шинэчлээд явах нь зөв. Манай улсын одоогийн төсөв тухайн цаг зуурын асуудлыг шийдэхэд зориулагдсан тактикийн шинжтэй. Стратегийн төсөв гэхээр зүйл байдаггүй. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэсэн агентлаг байгуулсан нь сайн хэрэг ч ийм нэгжээр байх нь зөв эсэхийг эргэж харахад илүүдэхгүй болов уу.

-Амлалтад суурилсан төсөв, эдийн засгийн бодлого зөвхөн намын л санаачилга байдаг шүү дээ. МАХН мөнгө амласан бол ямар ч аргаар хамаагүй, эдийн засгаа нугаслан байж түүнийгээ хэрэгжүүлдэг. Үр дагаварт нь улс, олон түмэн л сөхөрдөг. Энэ тогтолцооноос хэрхэн салах вэ. Намууд амлахаа больчих хэрэгтэй юм биш үү?

-Уг нь намуудын тунхаг гэж байдаг юм. Тэр нь амлах тухай биш. Улс орны хөгжил, иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлээр санаачилга дэвшүүлдэг. Улс төрийн намд үзэл санаа байх ёстой. Түүгээрээ дамжуулж бодлогоо танилцуулдаг. Мөнгө тараах, байшин барилга тухай асуудал нь төрийн ажил юм. Гэтэл манай намууд манан дунд баримжаагүй амлалт өгдөг. Үндэсний хөгжлийн төлөвлөлтөд тулгуурласан бодлогыг намууд хэрэгжүүлэх ёстой. Тийм тохиолдолд нам, улстөрч дагаж савладаг байдлыг арилгаж чадна. Тэгэхгүй болохоор л тооцоо, судалгаагүй амлалтад автаад манайхан савлачихаж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй юм гэсэн бодол Ботсванд байхад төрж байлаа.

-Ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулах чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Улсын зэрэглэлтэй зургаан хотын асуудлыг шийдүүлэхээр миний саналаар 2008 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Энэ дагуу УИХ-д Засгийн газар саналаа өргөн мэдүүлэх ёстой ч одоо болтол сураггүй байна. Эхлээд улсын зэрэглэлтэй зургаан хотыг УИХ-ын тогтоолоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хотуудын чиг үүрэг гэх зэрэг олон зүйлийг тогтоож өгөх нь зөв. Сайншанд, Улаанбаатар, Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Чойр гэсэн улсын зэрэглэлтэй найман хот байх боломжтой. Эдгээрийн асуудлыг шийдээд сум, аймгийн захиргааны чиг үүргээс салгамаар байгаа юм. Хот гэдэг чинь улс доторх вант улс шүү дээ. Тэгж бие даах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Зохицуулалт, удирдлагын төвлөрсөн хүрээнд л Монголын бүх зүйл явж байна шүү дээ. Хот чинь өөрийгөө аваад явдаг корпорацийн зохион байгуулалттай байдаг. Ийм өвөрмөц ахуйн орчныг бүрдүүлж байдаг хотод бие даах эрх чөлөөг нь өгөх цаг нь болсон. Орон нутгийн сонгуулийн хууль дээр ажиллаж байгаа. Аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч сонгох журмыг өөрчлөх хэрэгтэй юм билээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.